СОР-29: Ногоон дэлхий ертөнцийн төлөөх ЭВ НЭГДЭЛ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 12

Азербайжаны нийслэл Баку хотноо энэ сарын 11-22-ны хооронд “Ногоон дэлхий ертөнцийн төлөөх эв нэгдэл” сэдвийн хүрээнд болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын /СОР/ 29 дүгээр бага хурлын оролцогчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээний санхүүжилтийн асуудалд гол анхаарлаа хандуулж байна.

Бага хуралд энэхүү баримт бичигт нэгдсэн 198 орны нийт 50 орчим мянган төлөөлөгч оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони зэрэг төр, засгийн тэргүүн нар оролцож байна.

Дэлхийн хамтын нийгэмлэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ой хээрийн түймэр, үер, ган гачиг, усны хомстол зэрэг байгалийн гамшигтай тэмцэх гэж хичээж байгаа энэ үед улс орнууд ногоон эрчим хүчид шилжих, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг бууруулах чиглэлд тавьсан үндэсний болон дэлхийн нийтийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тогтвортой шийдлийг эрэлхийлсээр байна. СОР29 бага хурал нь эдгээр зорилтуудад хүрэхэд тулгарч буй эдийн засгийн шинжтэй саад бэрхшээлийг даван туулахад чиглэсэн хамтын хүчин чармайлтыг хэлэлцдэгээрээ чухал ач холбогдолтой.

Уур амьсгал аюулын дохио өгч байна

СОР29 бага хурал Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээний дагуу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тухай шинэчилсэн төлөвлөгөөг 2025 оны хоёрдугаар сард танилцуулах эцсийн хугацаанаас өмнөхөн болж байна. Эл үүрэг даалгавар нь Парисын гэрээнд тусгасан дэлхийн агаарын температур нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг биелүүлэх нэн чухал ач холбогдолтой. НҮБ-ын үнэлгээгээр, агаарын температурыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 градусаас дээш нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр авсан улс орнуудын үүрэг даалгавар хангалтгүй байна. Дэлхийн улс орнуудын хэрэгжүүлж буй бодлого 2100 он гэхэд дэлхийн агаарын температурыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 2.6-3:1 градусаар нэмэгдүүлэхэд хүргэнэ гэсэн тооцоолол гарчээ. Агаар мандалд хуримтлагдсан нүүрсхүчлийн хий, метан нь дээд хэмжээнд хүрээд байгаа бөгөөд эдгээрийн 90 хувийг хатуу түлш үйлдвэрлэж байна.
 

СОР29 хурлын гол сэдэв – Санхүүжилт

СОР29 бага хурлын үеэр хэлэлцэх чухал сэдвүүдийн нэг нь санхүүжилтийн “Хамтын шинэ тоон зорилт” төсөл юм. Тус баримт бичиг нь хөгжингүй улс орнуудын зүгээс хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь зориулж жилд 100 тэрбум ам.доллар төсөвлөх үүргийг шинэчлэх зорилготой. Уур амьсгалын шинжээчид санхүүжилтийн хэмжээ үүнээс ч өндөр байх ёстой гэж үзэж байгаа бол донор орнууд зөвхөн өөрсдийнх нь төсвөөс энэхүү санхүүжилтийг хангахын эсрэг байр суурьтай байгаа юм. СОР29 бага хурлын оролцогчид хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг бууруулах, дасан зохицоход нь туслах зорилго бүхий санхүүжилтийн эх үүсвэрийн боломжуудыг авч хэлэлцэнэ. Түүнчлэн, энэ чиглэлд Хятад болон Персийн булангийн орнуудын авах нэмэлт алхмуудыг авч хэлэлцэх хүлээлт бий.

Судалгаанаас үзвэл 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээний санхүүжилт 2.4 их наяд ам.долларт хүрэхээс нэг их наяд ам.доллар нь ногоон эрчим хүчид шилжихэд шаардлагатай.

СОР28 тохиролцоо

Дубайд 2023 онд болсон СОР28 бага хурлаар дэлхийн 200 орчим улс олборлодог түлшийг эрчим хүчний системд ашиглахаас татгалзах тохиролцоонд хүрсэн. Улмаар улс орнууд 2050 он гэхэд эрчим хүчний салбарын нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэх, олборлодог түлшнээс татгалзах, эрчим хүчний үр ашгийг хоёр дахин нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн билээ. Гэвч дэлхийн хэмжээнд олборлодог эх үүсвэрийн ашиглалт, худалдаанд томоохон өөрчлөлт гараагүй. Саудын Араб, ОХУ, АНУ зэрэг орнууд газрын тос, байгалийн хийн олборлолтын шинэ төсөл хөгжүүлсэн хэвээр байна. СОР329 баг хурлаар илүү тодорхой арга хэмжээ авах тохиролцоонд хүрнэ гэсэн хүлээлт байна.

Азербайжан СОР-ыг даргалж байна

Баку хотноо эхэлсэн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын /СОР/ 29 дүгээр бага хурлаар Азербайжаны СОР-ыг даргалах бүрэн эрхийн хугацаа албан ёсоор эхэлж байна.
 

Бүрэн эрхийнхээ хугацаанд Азербайжан улс төр засгийн тэргүүний түвшинд тогтмол хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна дэлхийн АНУ, БНХАУ-тай хүлэмжийн хийн ялгарлын асуудлаар дээд хэмжээний уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. СОР29 дээд хэмжээний уулзалтад 100 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар оролцож байна.

Санхүү, хөрөнгө оруулалт, худалдаа

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгын хүрээнд даргалагч орон “ногоон худалдаа” -г хөгжүүлэх, экологийн цэвэр бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрсхүчлийн хийн ялгарал багатай технологи хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнд зориулсан санхүүжилтийг өргөжүүлэхээр зорьж байна. Улмаар тогтвортой ажлын байр бий болгож, бөмбөрцгийн өмнөд хагасын улс орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх урт хугацааны зорилгод хүрэхэд нь шаардлагатай хөрөнгө оруулалт, технологийн хүртээмжийг сайжруулна гэж үзэж байна.

Эрчим хүч/Энх тайван, тусламж, сэргээн босголт

Эрчим хүчний салбар хүлэмжийн хийн ялгаралд ихээхэн “хувь нэмэр” оруулж байна. СОР29 хурлаар сонирхогч талуудад хамтын дэвшилд хүрэх боломж олгож байна. Уур амьсгал, энх тайван хоёр харилцан холбоотой. Учир нь уур амьсгалын үзэгдэл, мөргөлдөөн хоёр нь энгийн ард иргэдийн аюулгүй байдалд нөлөөлж, шилжилт хөдөлгөөнийг үүсгэж байна. Тиймээс СОР29 хурлаар ногоон эрчим хүч, бүс нутаг болон коридор байгуулах, устөрөгчийн асуудлыг хөндөж, СОР29 тунхгийг санаачлан боловсруулна.

Шинжлэх ухаан, технологи, инновац

Дижитал технологи нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд гол үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн, эрчим хүчний хэрэглээ, электрон хог хаягдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой. СОР29 бага хурлаар байгаль орчин үзүүлэх технологийн хор нөлөөг бууруулах тогтвортой дижитал шилжилтийн хамтын үйл ажиллагааг хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнд дижитал шилжилтийн үүргийн талаарх дунгуй ширээний уулзалт болж, тунхаг боловсруулна.

Хүний хөгжил/Залуус/Эрүүл мэнд/Боловсрол

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл нийгмийн, тэр дундаа эрүүл саруул, илүү боловсролтой залуусын оролцоог шаардаж байна. Хүний хөгжлийн сэдэвт өдөрлөгөөр хүний хөгжил, залуус, эрүүл мэнд, боловсролын асуудлыг цогцоор нь авч үзэж, ингэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн сэдвийг тал бүрээс нь холбон хэлэлцэнэ. Энэ хүрээнд Бакугийн санаачилгыг эхлүүлнэ.

Бусад асуудлууд

Дэлхийн дулаарал усны эргэлтэд сөргөөр нөлөөлж, дэлхийн хүн амын хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна. Энэ хүрээнд СОР29 бага хурлын оролцогчид өндөр түвшний арга хэмжээнд нэгдэж, холбогдох тунхаг бичгийн танилцуулна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг хот, бүс нутаг, дэлхийн хэмжээний оролцоог шаардаж байна. Тээвэр, дэд бүтэц, ногоон хотын асуудлаас гадна аялал жуулчлалын салбар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд хэрхэн орж байгаа, энэ чиглэлд тус салбарын оруулах хувь нэмрийг мөн хэлэлцэнэ.

Үүний сацуу уугуул ард иргэд дэлхийн биологийн олон янз байдлын 80 хувийг, ойн сангийн 36 хувийг хамгаалдаг. Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг бууруулах, дасан зохицоход эмэгтэйчүүдийн манлайл, хүйсийн тэгш оролцооны асуудлыг хөндөхөөр төлөвлөж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц 1992 онд Рио де Жанейро хотноо болсон байгаль орчны асуудлаарх дээд түвшний уулзалтаар батлагдсан. Монгол Улс тус конвенцыг 1993 онд соёрхон баталсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top