Өнөөдөр 2025.02.06. Энэ оны 37 дахь өдөр бөгөөд он дуусахад 328 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 13 минутад мандаж, 18 цаг 00 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 24 хэм, шөнөдөө 31 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Үүрэн утаснаас татгалзах дэлхийн өдөр тохиож байгаа бол Ямайкад Боб Марлигийн дурсгалыг хүндэтгэх өдөр, Канад Хүнсний эрх чөлөөний өдөр, Тажикистанд Цагдаагийн өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Францын жүжигчин Жак Вильре, Оросын хөгжмийн зохиолч, “Любэ”, “Иванушки International”, “Корни”, “Фабрика” хамтлагуудыг үүсгэн байгуулагч Игорь Матвиенко, “Guns N’ Roses” хамтлагийн дуучин Эксл Роуз, Канадын хоккейч Адам Хенрике, Их Британийн жүжигчин Чарли Хитон, Английн хөлбөмбөгч Сэм МакКүин зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1931 оны энэ өдөр Нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалтыг өөрчлөх хууль батлагджээ. Уг хуулиар хошууны зохион байгуулалтыг устгаж, таван аймаг, 72 хошуу, 525 сум байсныг газар нутаг, хүн амын талаар харьцуулан тэгшитгэж, 12 аймаг, 324 сум болгов. Мөн Архангай, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Ховд, Увс, Хэнтий, Дорнод гэсэн 12 аймаг байгуулагджээ.
Мөн оны энэ өдөр бүх албан газрын тамга тэмдэг, ном, зохиолын хавтас чимэглэл, албан газруудын хаяг зэргийг латинчлах компанит ажил өрнөжээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1989 оны энэ өдөр Варшавт Бүгд Найрамдах Польш Ард Улсын Сайд нарын зөвлөлийн байранд Польшийн засаг болон сөрөг хүчний хооронд хэлэлцээ эхэлжээ.
1998 оны энэ өдөр Вашингтоны үндэсний олон нисэх буудлыг Рональд Рейганы нэрэмжит үндэсний нисэх буудал гэж нэрлэв.
2000 оны энэ өдөр Финландын Гадаад хэргийн сайд Тарья Халонен тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ.
2001 оны энэ өдөр Ариэль Шарон Израилийн Ерөнхий сайдын шууд сонгуульд ялалт байгуулав.
2006 оны энэ өдөр Стивен Харпер Канадын Ерөнхий сайдаар томилогджээ.
2023 оны энэ өдөр Турк, Сирид асар хүчтэй газар хөдөлж, 57 мянга гаруй хүн амиа алдав.
Билгийн тооллын 9. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )