ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 24

Өнөөдөр 2025.02.24. Энэ оны 55 дахь өдөр бөгөөд он дуусахад 310 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 42 минутад мандаж, 18 цаг 28 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 4 хэм, шөнөдөө 17 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Иранд Инженерийн өдөр, Мексикт төрийн далбааны баяр, Эстонид Тусгаар тогтнолын өдөр тохиож байна.

Энэ өдөр АНУ-ын мэргэжлийн боксчин Флойд Мейведэр, Нобелийн шагналт Австралийн физикч Брайн Шмидт, WhatsApp-ийг бүтээгч америк программчин Ян Кум, Оросын уран гулгалтын алдарт дасгалжуулагч Этери Тутберизе, Хонконгийн жүжигчин Адам Чэн зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1972 оны энэ өдөр БНМАУ-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

2014 оны энэ өдөр Монголын морин спорт, уяачдын холбоо олон улсын морин уралдааны холбоонд элсжээ.

2015 оны энэ өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас I амаржих газрыг “Өргөө”, II төрөх эмнэлгийг “Хүрээ”, III амаржих газрыг “Амгалан” амаржих газар хэмээн, нэршлийг өөрчлөв.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1303 оны энэ өдөр Шотландын тусгаар тогтнолын төлөөх анхны дайн эхэлжээ.

1739 оны энэ өдөр Ираны хаан Надер Шахын цэрэг Моголын эзэнт гүрний цэргийг Карналын тулаанд буулган авав.

1910 оны энэ өдөр Шведэд хөлбөмбөгийн “Мальмё” баг байгуулагдав.

1942 оны энэ өдөр “Америкийн дуу хоолой” радио анхны нэвтрүүлгээ цацжээ.

1946 оны энэ өдөр Хурандаа Хуан Перон Аргентины Ерөнхийлөгчөөр сонгогдов.

1989 оны энэ өдөр исламын эсрэг зохиолыг бичсэн Сальман Рашдигийн толгойг гурван сая ам.доллароор үнэлжээ.

2008 оны энэ өдөр Кубын тэргүүн Фидель Кастро тэтгэвэртээ гарч байгаагаа зарлав.

Билгийн тооллын 26. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал жаргал үргэлжид ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu