Хэдийгээр Засгийн газраас олон арга хэмжээ зохион байгуулж байгаа ч орон сууцны үнэ өссөөр байгаа. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалж байгааг тодорхой хэмжээгээр шийдэх зорилгоор УИХ-ын гишүүн Я.Батсуурь болон нэр бүхий гишүүд өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хоёр хуулийн төсөл өргөн барилаа. Уг хуулийн төслийн талаар санаачлагч гишүүн Я.Батсууриас тодруулга авсан юм.
-Орон сууцны тухай хуулийн төслийн талаар ярихгүй юу?
- Өнөөдөр барилгын үнийг бууруулуулах зорилгоор “Орон сууцны тухай” хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа. Хууль, зохицуулалт байхгүй болохоор барилгын компаниуд байшин барихдаа халаалт, бохирын шугамын асуудлаа өөрсдийн хөрөнгөөр шийддэг. Тэгээд гаргасан хөрөнгөө орон сууцны үнэд шингээгээд, халаалт болон хэрэглээний усны шугам сүлжээгээ улсад худалддаг. Тэгэхээр үүнийг болиулаад орон сууж барьж байгаа компанийн дэд бүтцийг нь улсын хөрөнгөөр шийдэж өгье гэсэн асуудал байгаа юм.
- Гэр хороолол үүнд хамаатай юу?
- Хамаатай. Улсын хөрөнгөөр ингэж дэд бүтцийг шийдэх шаардлага тулгараад байгаа учраас энэ хуулийн төслийг өргөн барьсан.
-Нөгөө хуулийн төслийн хувьд?
- Өнөөдөр барилга барих газар асуудалтай байна. Тиймээс барилга барих гэж байгаа компаниуд ямар нэг аргаар газрыг авдаг. Тэгэхээр төвлөрсөн газар баригдах 55м2-аас доош талбайтай ниитийн орон сууц барих тохиолдолд газрыг нь төсөл сонгон шалгаруулах замаар үнэгүй олгоё гэж байгаа юм. Ингэснээр төр хувийн хэвшилтэй хамтарч ажиллах боломж бүрдэж байгаа.Төр нь бид газраа үнэгүй өглөө. Газар чинь ийм үнэтэй. Танайхаас ийм хөрөнгө гаргасан. Тэгэхээр байрны үнэ ийм байна гэж ярилцаад орон сууцны үнэ буурах боломжтой.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )