Монголын төдийгүй МАН-ын “сайн үүлдрийн саалийн үнээ” болж хувираад байгаа Эрдэнэтийн ГОК-ын захирал Ганзориг энэ оны өмнөхөн АТГ-ын урилгаар Ганц худагт гурав хоног морилоод буцсаныг тэр бүр хүн мэдээгүй бөгөөд үүний цаад захиалагчийг олох гэж түүнд хайртай нам нь толгойгоо гашилгаж гарчээ. Тэгээд “алдсан хүн арван тамтай”-н үлгэрээр хавийн хүмүүсийг хардаж сэрдэн, хамгийн түрүүнд АН дотор хайж эхэллээ. Гэвч нэг л бүтэлтэй сэжүүр олдсонгүй, ингээд цаашаа Ерөнхийлөгч рүү хальж эхэлсэн байна.
Эднийг ингэж уймарч байх хооронд зарим нэг IQ сайтай нөхдүүд логикоор нь хөөж явсаар байгаад нилээн магадлал бүхий гаргалгааг олж чаджээ. Тэднийхээр бол хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур нь Бадамжунай сайд. Тэрээр сайхь Ганзориг захиралтай алтан нутаг бөгөөд хоёулаа Архангайнх. Ингээд цааш нь учгийг нь хөвөрдөөд явбал иймэрхүү зүйл харагдана: Архангай аймаг сонгуулийн хоёрхон мандаттай, алтан нутгууд болохоор хоёулаа нэг намынх. Хэрвээ намын бага хуралд нэр дэвшихээр хамт ороод ирвэл Ганзориг шууд ногоон гэрлээр. Үүнийг сайхь Жунай тооцоолоод нэр дэвшихээр санаархагч ажлаа хүлээлгэж өгөх ёстой хуулийн хугацааны сүүлчийн мөчид өрсөлдөгчөө Ганц худаг руу залчихсан байгаан, ингээд нөгөөх нь тогтоосон хугацаанд ажлаа хүлээлгэж өгч чадалгүй их хуралд дэвших хүсэл нь дашийн шог. Хэрвээ Ганзориг Архангайд дэвшсэн бол бараг л ногоон гэрлээр гарчих боломжтой гэх. Нутгийнхан нь түүнд найгүй хайртай, Жунайгаас хамаагүй илүү, бараг л дэвшээд хүрээд ир, бид нар гаргаад өгье гээд байсийн бишүү.
За цааш нь, АТГ-ыг хэн ийм амархан хөдөлгөчив гээд ухаад төнхөөд явахаар бас сонин зураглал харагдаад унана. Жунай, Женко Баттулга хоёр жигтэйхэн найзууд, бас хотын мээр Ховдынх болохоор Элбэгээтэй нилээн шадар, ингээд бодохоор дам хавьтлын замаар Бадамжунай Ерөнхийлөгчийг шрупдэж Ганзоригийг Ганц-д илгээсэн болж таараад байна. “Дуугүй хүний доодох нойтон” гэгчээр харахад хамгийн доожоогүй унжгар царайлчаад хамгийн хорчин нь, Засаг унагах, солиход заавал оролцдог, ашигтай тустай бол АН-тай ч хамаагүй сүжирдэг, нөхцөлгүй их мөнгөтэй, бараг л 50 сая ногоонтой, амралтын өдрөөрөө Сөүлийн казиногийн VIP өрөөнд л тоглоод сууж байдаг, АТГ түүнийг яаж ч чадахгүй байгаа гэж ярьцгаана Жунайг хүмүүс. Хэрвээ энэ гаргалгаа үнэний хувьтай бол дараах асуулт аяндаа гарч ирнэ. Бадамжунай Ерөнхийлөгчийг кармаалаад байна уу, аль эсвэл Ерөнхийлөгч Жунайг уу???
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )