М.Мөнхмандах: Чөлөөт хэвлэл гэж чөлөөт ард иргэдийг хэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 03

Хэвлэлийн эрх чөлөө дэлхий дахинаа хэрхэн хэрэгжиж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх, ажлаа хийж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх үүднээс НҮБ-ын Ерөнхий ассемблей 1993 оноос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр" болгон тунхагласан юм. Үргэлж шударга үнэний талд зогсох амаргүй үүргийг хүлээж яваа сэтгүүлчид энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж буй гэмт үйлдлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг. Өнөөдөр дэлхий дахинд төдийгүй Монгол улсад сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө мөрдөн мөшгүүлж, дарамтлуулан, торгууль шийтгэл хүлээж буй олон жишээ бий. Энэ мэтчилэн хэвлэлийн эрх чөлөө болон сэтгүүлчдийн эрх зөрчигдөх болсон гол шалтгааны талаар Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандахтай ярилцлаа.

ЮНЕСКО-оос энэ онд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг  “Шинэ дуу-хоолой хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөнд хувь нэмэр оруулах нь" сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан. Манай улс үүнийг мөрдлөгө болгох уу?

-Хэвлэлийн Хүрээлэн болон Глоб интернэшнл ТББ, Монголын сэтгүүлчдийн эвлэл гэсэн гурван байгууллага хамтраад яг энэ ЮНЕСКО-оос  дэвшүүлсэн уриан дор дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулсан. Энэ дугуй ширээний ярилцлагын үеэр хэвлэлийн эрх чөлөөнд учирч байгаа бэрхшээл, мэдээллийг чөлөөтэй хүргэхэд тулгамдаж байгаа асуудлууд, шинэ технологи, мэдээллийн шинэ орчин, УИХ-ын сонгууль ба хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд гэсэн ийм хэсгүүдээс бүрдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Яг хэвлэлийн хүрээлэнгээс бол МҮОНТ-тэй хамтраад хэвлэлийн эрх чөлөөний талаар нээлттэй хэлэлцүүлэг зохионо. Мөн “Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр" гэсэн тайлан мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна.

Манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ хэддүгээрт явж байна вэ?

-Ерөнхийдөө хэвлэлийн эрх чөлөөний байдлыг “Хил хязгааргүй сэтгүүлчид” гээд олон улсын байгууллагаас индекс болон жагсаалт гаргадаг. 2011-2012 оны байдлаар бол Монгол улс жагсаалтын 100 дугаарт очсон байгаа. Өмнө нь 76-д байсан бол  гуч гаруй оноогоор ухарсан байна.

Гол шалтгаан нь юу вэ?

-Ухарсаны гол шалтгаануудын нэг нь  бол Монголд олон ургальч хэвлэл мэдээллийн байгууллагууд хязгаарлагдмал байна. Улс төр, нийгмийн бүлэглэлүүд хэвлэл мэдээллийн байгууллагуудад маш их байна. Бизнесийн болон улс төрийн тодорхой бүлэглэлүүд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг худалдан авах буюу олноор нь эзэмшиж байгаа учраас тэр хэвлэл мэдээллийн байгууллагуудын редакцийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж байна гэсэн ийм шалтгаанууд хэвлэлийн эрх чөлөөгөөрөө Монгол улс  хуучин эгнээнээсээ ухрахад хүргэж байгаа.

Ололттой зүйл мэдээж байгаа байх. Жишээ нь Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдсан гэх ч юм уу?

Тэгэлгүй яахав ололттой тал гэх юм бол 2011 онд Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гарсан өөрөөр хэлэх юм бол сэтгүүлчид төрийн байгууллагаас мэдээлэл авахад маш их хүндрэлтэй байна. Энэ нь эргээд сэтгүүл зүйг чанаргүйжүүлж байна. Дам сураг мэдээлэлд найдахаас өөр аргагүй байна яагаад гэхлээр төрийн ажилтнууд мэдээллийг өгөхгүй байгаа. Мэдээллийн эрх чөлөө хуулиар баталгаажаагүй байнаа гэдэг яриа хэвлэл мэдээллийнхний дунд маш их яригддаг байсан болвол мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдсанаар төрийн албан тушаалтанууд иргэдэд, хэвлэл мэдээллийнхэнд ялгаагүй мэдээллийг өгөх ёстой.

 Олон нийтийн ашиг сонирхлын тухай мэдээллийг  өгөх үүрэгтэй. Өгөх өгөхдөө тодорхой ажлын өдрийн болон тодорхой хуульд заасан хугацаанд багтаагаад шаардлагатай мэдээллийг өгөх ёстой гэсэн ийм хууль байгаа. Тэгэхээр сэтгүүлчдийн үйл ажиллагаанд  харьцангуй дэмтэй нэмэртэй хууль гарсан байх. Тэр хэмжээгээрээ сэтгүүлчдийн ажил тодорхой хэмжээгээр мэдээллийн хязгаарлагдмал байдалд байгаа нь бол арай эерэг талруугаа өөрчлөгдөх байх гэж найдаж байна.

Гол нь энэ хуулийн хэрэгжилтэн дээр сэтгүүлчид өөрсдөө анхаарал тавих ёстой. Үнэхээр мэдээлэл өгөхгүй байгаа байгууллагуудыг бол олон нийтэд ил тод зарлах хэрэгтэй. Тэгэхлээр сэтгүүлчид өөрсдөө эрх чөлөөнийхөө төлөө тэмцдэг хуулийн хэрэгжилтэнд тодорхой хэмжээгээр хяналт тавьдаг байх. Ерөнхийдөө хэвлэл мэдээллийн байгууллагуудыг  дөрөв дэх засаглал гэдэгдээ. Гол нь эрх мэдэлд хяналт тавих гэсэн агуулгаараа дөрөв дэх засаглал гэж нэрлээд байгаа юм шүү дээ. Ер нь бол “Чөлөөт хэвлэл гэж чөлөөт ард иргэдийг хэлж байгаа хэрэг.

Өнөөдрийн байдлаар хэвлэлийн эрх чөлөөгөө боймилуулсан,сэтгүүлчдийг сүрдүүлсэн ямар нэгэн дарамт шахалтанд өртсөн сэтгүүлчид байна уу?

-Хэвлэлийн хүрээлэнгээс  сэтгүүлчдийн эрх зөрчигдсөн асуудалд хийсэн албан ёсны мониторинг, тоо баримт байхгүй байгаа. Яг энэ хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр онцгойлон анхаарч ажилладаг “Глоб интернэшнл” ТББ-аас сүүлийн таван жилийн хугацаанд мониторинг хийсэн үр дүнгээ хэдхэн хоногийн өмнө танилцуулсан. Тэндээс харахад бас сэтгүүлчдийг дарамталсан, эсвэл гэр бүлд нь дарамт учируулсан, заналхийсэн тийм тохиолдлууд нилээд байсан. Сүүлийн нэг жилд л гэхэд 70 гаруй сэтгүүлчийг заналхийлсэн гэсэн мэдээлэл ирсэн. Үүнээс үзэхэд хэвлэлийн эрх чөлөө зарим талаараа ноцтой зөрчигдөж байгаа юм.

А.Төмөрсүх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top