Хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд тулгамдаж буй асуудлаа тодорхойлон баталлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 04

МОХ, Сэргээн засах хөгжлийн үндэсний төв хамтран “Бид хамтдаа” хэлэлцүүлгийг хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын дунд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт МОХ-ны төлөөллүүд, Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд, Сэргээн засах хөгжлийн үндэсний төв болоод Хөдөлмөрийн биржийн ажилтан ирсэн байв.

Хэлэлцүүлгийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж батлах, түүнийгээ холбогдох яам, салбарт мэдэгдэж, шийдвэрлүүлэхэд чиглэжээ. Нэгдүгээрт тавигдсан асуудал бол Монголд хөгжлийн бэрхшээлтэй оюутан, суралцагчдын статистик тоо баримт байдаггүй, төрөөс хөгжлийн бэрхшээлтэй оюутанд зориулсан тусгайлан үзүүлэх анхаарал халамж, дэмжлэг, туслалцаа байдаггүй ажээ. Тухайлбал, өнөөдөр тус оюутнууд Оюутны холбоотойгоо хамтарч 20 орчим асуудлыг тодорхойлон хэлэлцэж, найруулан баталлаа. Харин эдгээрийг МОХ холбогдох яам, газруудад хүргүүлж, шийдвэрлүүлэх юм байна.

Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын статик тоо баримт бүхий нэгдсэн мэдээллийн сантай болох, сар бүрийн 3-ны өдрийг хөгжлийн бэрхшээлтэй оюутны асуудлыг хэлэлцдэг өдөр болгох, гадаадад сургах нөхцөл боломжоор хангуулах, эдгээр оюутанд зориулсан мэргэжлийн багшийг бий болгох, сургах, харааны бэрхшээлтэй сурагчдад ЭЕШ-ыг өгөх хугацааг сунгах, материал хэрэгслээр хангах, сургалтын төлбөрийн зээлд хамруулах, хүүг багасгах, нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчуулах, насны хязгааргүй хөнгөлөлттэй даатгалд хамруулах, оюутны дотуур байртай болох, Хөдөлмөрийн  биржээр дамжуулан ажилд зуучлуулах, орон нутгийн хөгжлийн бэрхшэээлтэй оюутанд хүрч ажиллах, нэгдсэн төвтэй болох зэргээр асуудлаа тодорхойлж баталлаа.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top