3,2 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 05
Монгол Улсын Засгийн Газраас 2006 онд үндэсний болон салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор шувууны томуу өвчний дэгдэлт, тархалтыг хязгаарлах, өндөр хоруу чанартай томуугийн вирус хүнд халдварлахаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг аюулгүй түвшинд байлгах, түүнээс үүдэн гарах эрүүл мэндийн болон эдийн засгийн хор хохирлыг багасгах зорилго бүхий шувууны томуугийн цартахлаас сэргийлэх, тэмцэх үндсэн чиглэл гарган 2007 онд тус чиглэлийг хэрэгжүүлэх 3 жилийн төлөвлөгөөг баталсан билээ. Тус үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн Газар болон Дэлхийн Банкны хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн гэрээний дагуу “Шувууны томуу, хүний томуугийн цартахалтай тэмцэх сан”-гаас нийт 4,656,463.00 ам.долларын санхүүжилт бүхий “Шувууны томуу, хүний томуугийн цартахалтай тэмцэх чадавхийг сайжруулах” төслийг ХХААХҮЯ, ЭМЯ болон ОБЕГ хамтран 2008-2011 онд Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Увс, Булган, Дорнод аймгуудад хэрэгжүүлж дуусаад байна.
Төслийн үр дүнд үндэсний болон аймаг, орон нутгийн түвшинд шувууны томуу, хүний томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээ, тандан судалгаа, эрт зарлан мэдээлэх үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх, хяналт, үнэлгээ хийх зэрэг чадавхийг үндэсний болон аймаг, орон нутгийн онцгой байдал, эрүүл мэнд, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын салбаруудын хүрээнд цогц байдлаар сайжруулан ажилласан. Төслийн үр дүн, хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн Газар болон Дэлхийн Банкны зүгээс өндөр үнэлж, гарсан үр дүнг батжуулах, улмаар Дэлхийн бүс нутгийн хэмжээнд шинээр болон дахин сэргэн гарч байгаа мал, амьтнаас хүнд халдварладаг зооноз өвчнүүд хүн амын эрүүл мэнд, нийгэм эдийн засагт ноцтой аюул учруулж байгааг анхаарах бодит шаардлага байгааг онцолж байгаа бөгөөд Европын Холбооны шувууны томуу, хүний цартахлын бэлэн байдлын сангаас 3,2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд дээрх зорилтонд хүрэхийн тулд тус төслийн 2 дугаар шатыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тус төслийн үндсэн зорилго нь малаас хүнд халдварладаг 5 өвчинтэй (шувууны томуу, бруцеллёз, бэтэг, боом, крым-конгийн цусархаг халуурал) тэмцэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг бэхжүүлэх ба мэргэжлийн байгууллагуудын (онцгой байдал, мал эмнэлэг, хүн эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллага) техникийн чадавхийг бэхжүүлэхээс гадна боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх, өвчний тандалт судалгааг идэвхижүүлэх, өвчний мэдээллийн системийн бааз байгуулах, хариу арга хэмжээ авах бодлогыг сайжруулж мал амьтны өвчлөлийг бууруулан малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малаас хүнд халдварладаг халдварт өвчний өвчлөлийг бууруулах, эдгээр өвчнийг устгахад төслийн зорилго чиглэгдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top