ОХУ-ын ОБЕГ-т 800 сэтгэл зүйч ажилладаг

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 05

 

Оросын холбооны улсын Москва хотод 2012 оны 11 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Сэтгэл зүйн тусламж үзүүлэх арга зүй” сэдэвт сургалтанд Гал түймэртэй тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн мэргэжилтэн онцгой байдлын ахмад Ц.Нямбаяр оролцоод ирлээ. Тус сургалтад Монгол, ОХУ, Азарбайжан, Армен, Абхаз, Беларус, Латви, Литви, Серб, Украйн, Молдав, Узбекстан, Казакстан, Египет, Иордан, Осет, Нигер зэрэг  17 орны 28 төлөөлөгч хамрагдсан байна.

Сургалтын хичээлүүд “Онцгой байдлын нөхцөлд ажиллах сэтгэл зүйн хүчин зүйл”, “Онцгой байдлын нөхцөл байдалд мэдээллээр хангах сэтгэл зүйн хүчин зүйлс”, “Онц байдлын үед сэтгэл зүйн яаралтай тусламж үзүүлэх тогтолцоо”, “Хүнд дарамтад орсон үеийн стресс” зэрэг сэдвүүдээр явагдсан байна. “Гамшгийн дараах сэтгэл санааны гүн хямрал цочрол”, “Стресст оруулахгүй байх эмчилгээний аргууд” сэдвээр лекц уншин олон оронд болсон гамшиг ослын үед энэхүү арга нь хэрхэн үр дүнгээ өгч байсан талаар баримтаар тайлбарлан танин мэдэхүйн зөвлөгөө өгсөн нь сургалтын нэг онцлог байлаа. Мөн сургалтад хамрагсад ОХУ-ын Онц байдлын яамны харьяа Сэтгэл зүйн яаралтай тусламж үзүүлэх төвийн үйл ажиллагаатай танилцжээ.

Тус төвд Онц байдлын яамны системд ажиллаж байгаа албан хаагчид болох гал сөнөөгчид, аврагчид, усанд шумбагчид, нисгэгч, эмч, уулын аврагчдын сэтгэл зүйг оношлох, мэргэжлийн сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, сэтгэл зүйн ядаргаа дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх чиглэлээр тусгайлан бэлтгэгдсэн сэтгэл зүйчид ажилладаг юм байна.

ОХУ-д гал түймэр, газар хөдлөлт, хүчтэй үер, онгоцны болон зам тээврийн осолд өртсөн, ойр дотны болон хамаатан садан ах дүүсээ алдсан хүмүүст сэтгэл зүйн тусламж үзүүлэх тусгайлан бэлтгэгдсэн сэтгэл зүйчид ажилладаг бөгөөд Оросын Холбооны Улсын Онц байдлын яамны харьяа сэтгэл зүйн яаралтай тусламж үзүүлэх төвийн тэдгээр сэтгэл зүйчид гамшиг осол болсон газар аврагч гал сөнөөгчдийн хамт хүрэлцэн очиж ажилладаг зохион байгуулалттай байна.

ОХУ-ын Онц байдлын яамны харьяа бүс нутгийн анги салбаруудад нийтдээ 800 орчим сэтгэл зүйчид ажилладаг бөгөөд тэдгээр мэргэжилтэнгүүд ямар нэгэн гамшиг осолд нэрвэгдсэн хүмүүст сэтгэл зүйн туслаж үзүүлэхээс гадна өөрийн онц байдлын яамны харьяа анги байгууллагуудад ажиллагсдад сэтгэл зүйн тест сорилын арга хэрэглэж онош тавин ямар эмчилгээ асаргаа тусламж шаардлагатай байгааг тодорхойлон шат дараалсан арга хэмжээнүүдийг авдаг аж. Монгол Улсын хувьд ч дээрхи туршлагаас суралцах, Онцгой байдлын албанд тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн сэтгэл зүйчдийг бэлтгэн ажиллуулах, томоохон хэмжээний гамшиг осол дээр ажилласан аврагч, гал сөнөөгчид болон бие бүрэлдэхүүний ядаргаа, сэтгэл зүйн дарамтыг арилгах зориулалт бүхий нөхөн сэргээх төв байгуулах нь зүйтэй юм байна гэсэн саналыг дэвшүүлж байгаа юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top