100,000 айлын орон сууцанд орохоор 4083 хүн өргөдлөө өгчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 05

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан орон сууц, барилгын асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд орон сууцны үнийг тогтворжуулахын тулд ажлын хэсэг гаргаж байгаа хэмээсэн юм. Мөн ойрын үед барилга, орон сууцны талаар шинчилсэн хууль гаргаж УИХ-д өргөн барихаар болсон байна. Үүнээс Хот байгуулалтын хууль, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг бэлэн болгож, Тендерийн бичиг баримтыг боловсруулах чиглэлийг боловсруулж байгаа аж. Түүнчлэн барилгын ажлын явцыг Мэргэжлийн хяналтын газар хянадаг байсныг өөрчилж байгааг тэрбээр хэлсэн. Мөн барилгыг гурван ангилалд хуваахаар болсон байна. Ингэхдээ нэгдүгээр ангилалд нь томоохон барилгуудыг, хоёрдугаар ангилалд нь 12 дугаар давхар хүртэлх барилга, гуравдугаар ангилалд нь иргэдийн хувийн орон сууцыг хамруулж байгаа аж. Барилга, орон сууц барихад зөвшөөрөл авахын тулд 80 гаруй хоног хөөцөлддөг байсныг 40-45 хоногт багтааж олгодог болгох юм байна. Ц.Баярсайхан сайд цааш нь хэлэхдээ “Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудал өнөөдөр хөндөгдөж байна. Үүнд зориулж Улаанбаатарт 158 барилга, бүс нутагт 91 барилга баригдсан. Зургаан хувийн орон сууцны зээлд зориулж Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. Гэвч одоогийн байдлаар 50 тэрбумыг олгох шийдвэр гаргасан. Одоо зээл олгох үйл ажиллагаа явагдсан. Өнгөрсөн зургадугаар сарын 15, наймдугаар сарын 24, аравдугаар сарын 26, арваннэгдүгээр сарын 26-нд олгосноор санхүүжилт дууссан. Зээлд хамрагдахаар 4083 хүн өргөдлөө өгсөн. Үүнээс 3965 хүний хүсэлтийг Төрийн банкинд хүргүүлсэн. Харин 705 иргэний 30 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт хүлээгдэж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар болсон. Мөн 120 мянган орон сууцны 61 мянган орон сууцны барилга угсралтын ажил эхлээгүй тодорхойгүй байна. Бид цаашид барилгын төлөвлөлт хийгдсэн хорооллын зарим хэсэг нь баригдсан. Дэд бүтцийн асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байгаад байна. Орон сууцны шинэ хороолол барих боломж байна” хэмээлээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top