Монгол улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав прокурорын удирдах ажилтны зөвөлгөөн дээр хэлсэн үг

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 05

 

Прокурорын удирдлагууд та бүхэн хоёр жилийн  ажлаа үнэлээд, цэгнээд, харьцуулаад ярилаа.Энэ сонсголоос чинь бид та нарыг дүгнэсэн. Та нарыг ажлаа мэдэхгүй байна гэж дүгнэхээсээ илүү сэтгэлгүй байна гэж дүгнэх тал илүү байна.

Энд суугаад дүгнээд бодоод аймгийн хэмжээнд ярихад хүн ойлгохгүй, чадахгүй тийм зүйл огт байгаагүй. Нэгдүгээрт сэтгэл дутсан, хоёрдугаарт жилийн турш бидний хүсээд байгаа тэр зарчимаар ажиллаагүй учраас төвөгтэй байсан байх.

Мэдээж хэрэг нэг хэсэг прокурорууд сайн, ажил үүргээ  тавьж байгаа шаардлагын түвшинд хүртэл хийхийг хичээсэн байна. Тухайлбал Тээврийн Прокурорын Газар, Нийслэлийн Прокурорын Газар, Баян-Өлгий, Төв, Увс, Ховд, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудын  мэдээлэл, илтгэлээс харахад ажлын шинэчлэлийг эхлүүлэх, ажилаа  харах гэж оролдож байна, цаашдаа сайжраад явах боломж байна гэж дүгнэсэн байгаа.

 

Харин Булган, Хэнтий, Архангай, Дундговь, Дорноговь, Завхан зэрэг аймгууд учир дутагдалтай байна гэж дүгнэлээ.

Миний өгөх чиг үүргийг байнга  эргэж харж,үйл ажиллагаандаа  өөрийн анхаарлын төвд байлгах цөөхөн зүйлийг би хэлье.

Нэгдүгээрт: Бидний байнга яриад байгаа албан даалгавар, сахилга  хариуцлагыг бэхжүүлэх тогтоол, гурван газрын хамтарсан тушаалын  хэрэгжилтийг хангах  талаарх  та бүхний үйл ажиллагааг дүгнэн үзэхэд та бүхний сэтгэл дутсан байна.Нөгөө талаас яаж хэрэгжүүлэх аргаа сайн мэддэггүй тал нь илүү давамгай юм уу гэж бид анзаарлаа. Тулгамдсан зүйл дээр та нар УЕПГазар руу  холбоо бариад асууж тодруулах хэрэгтэй. Та бүхний авч байгаа арга хэмжээнд зарим доод шатны  прокуроруудын  ажлыг нь дүгнэсэн зүйл их байгаа гэх  боловч харилцан адилгүй, ойлгомжгүй байна. Хоёр адилхан зөрчил гаргасан хүний нэгний цалинг 20 хувиар хасч байхад нөгөөг нь сануулдаг иймэрхүүшударга бус хандлагууд гаргасан байна. Энэ бол та нар яаж хэрэгжүүлэх аргаа мэдэхгүй байна гэсэн үг. Нөгөө талаас субектив байдлаар хандсан байна. "Энэ ч гайгүй миний үгийг сонсоод явдаг юм, энэ ерөөсөө болдоггүй хүн үүнийг шийтгэнэ"ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар  хандсан байх талтай. Энэ нь өөрийг чинь нэр хүндийг дордуулж,  хамт олон итгэл алддаг юм. Иймээс өөрийн ажлаа сайн хийе гэвэл, нийт ажилчид өөрт чинь ямар сэтгэлээр ханддагаас үл хамааран яг байгаа хууль тогтоомж, баримт бичгийн дагуу жигд шаардлага тавьдаг, жигд хариуцлага хүлээлгэдэг ийм л журмаар ажиллах ёстой.  

Эрүүгийн хуулийг  буруу хэрэглэснээс болоод хүмүүс хохироод байгаа  зүйл дээр бид нар яаж хандах вэ гэдэг дээр бид нэлээд ярьсан.

Аймаг нийслэл, улсын прокуророор явсаар байгаад сүүлдээ Ерөнхий прокурор хүртэл шат шатандаа гомдол гаргаад ирж байна. Тэр гомдол гаргасан хүний өргөдлийг уншихад зөвхөн тэр хүний гомдол өргөдөл төдийгүй  та бүхний ажлын нүүр царай тэндээс харагддаг. Үүнийг  яагаад шалгаагүй юм, энд даалгавар яагаад бичээд явуулаагүй юм, яагаад цаг алдсан юм, энэ хуулийг яагаад буруу хэрэглэсэн юм, зүйл анги нь буруу  ийм зөрчил дутагдал гараад байхад үүнийг нь  шат шатандаа хараагүй хянаагүй явуулчихсан байдаг. Үүнээс хэд хэдэн зүйл харагддаг.

Нэгдүгээрт, прокурор хяналтын үйл ажиллагааг үр дүнгүй муу хийдэг, сайн хянахгүй анхны прокурорын хэлснээр л хяналтаа явуулдаг.  Энэ бол дээд шатны прокурорын  хяналтын  үр нөлөө муудаж байна гэсэн үг юм.   Дээрээс нь өөрийн хяналт тавьж байгаа прокуророо мэргэжлийн хувьд удирдаж хянаж чадахгүй байна.   Бид тушаал гаргаж долоо хоногийн 1 өдрийг дотоод ажлын өдөр болго, энэ өдөр ажлаа дүгнэн ярьж бай, тодорхой анхаарал татсан хэргүүдийг хянаж байгаа прокуророор мэдээлэл хийлгэж түүнийг тал талаас нь мэргэжлийн түвшинд буруу зөв гэж шүүж ярьцгаа, онолын болон практик арга барилыг нэгнээсээ суралцах хэлбэр болго гээд жил болж байна.

Энэ механизмыг та бүхэн үр дүнтэй хэрэглээгүй нь харагдаж байна.  Та бүхэн өөрсдөө сайн ойлгоогүйгээс болоод доодшатны  прокурорын гаргасан  алдааг  олж илрүүлэхгүй, тухайн үед нь засаж залруулж ажиллаж чадахгүй байна. Оны эцэст олон статистик мэдээ гаргаж ирээд чи тэдэн хэрэг буцаасан байна, түдгэлзүүлсэн байна, чинийх олон зөрчилтэй байна  гээд  арга хэмжээ авхуулдагыг зогсооно. Энэ бол олон жил тогтсон буруу практик юм. 

            Доод шатны прокурорын үйл ажиллагаанд гомдол гаргавал дээд шатны прокурор шалгахгүй энэ зөв гэсэн хариу өгчихдөг нь буруу. Мөн таны өгч байгаа хариу чинь утга учиртай байх ёстой.Хэдийгээр тэр хүний тавьсан гомдлыг хүлээж авахгүй байсан ч гэсэн таны өгч байгаа хариу чинь хүнд "нээрээ хууль нь ийм юм байна" гээд ойлгоод гарах хэмжээнд байх ёстой гэж олон хэлсэн. Гэтэл тэр хэдэн арван жилийн өмнөөс загвар болоод үлдчихсэн “хүлээж авахгүйг мэдэгдэе” гэсэн модон үгөнөөдөр хэвээр байна,үүнийгээ зогсоо.

Хүмүүс  эрүүгийн журмаар шалган шийдүүлэх боломжгүй боллоо гэдгийг бүх гомдол дууслаа гэж ойлгоод байна. Гэтэл цаана нь иргэний журмаар гомдол гаргах  боломж тэр хүнд бас байдаг. Ядаж тэрнийг нь шүүхэд хандаад иргэний журмаар гомдолоо шийдүүлэх бүрэн боломжтой юмаа, нөхцөл байдал ийм болохоор эрүүгийн журмаар ингэж шийдвэрлэх боломжгүй юм аа гээд хэлчих хэрэгтэй.

 

 Одоо  харьцааны асуудал. Би биечлэн 7 хоног бүр иргэдтэй уулздаг. Ихэнх хүмүүс манай прокурорын үйл ажиллагаа, бид бүхэнд гомдсон хүмүүс байдаг. Ихэнх хүмүүс өөрийнх нь тавьж байгаа шаардлагыг хүлээж авах боломжгүй гэдгийг ойлгоод өөр аргаар энэ гомдлоо шийдвэрлүүлэх боломжтойг мэдсэн хэрнээ манай прокуроруудын харьцаанд гомдсон гомдолоо хэлж байна.

Хатууд хатуу зөөлөнд зөөлөн байж сур. Эрх мэдэлтэй хүн болгон нүдний булангаар ширвээд, загинаж хашигчаад байж болохгүй. Сайхан, зөөлөн зантай гээд цаг алдаад, шийдвэр гаргаж чадахгүй дүлэгнээд байж бас болохгүй.

Бид төрийн албаны хууль сахиулагчид. Хүнтэй ёс бус харьцсан, доромжилсон, гадна төрхөөр нь басамжилсан, үл тоосон ийм байдлаар бид хэзээ ч хүнтэй харьцаж болохгүй. Энэ бол бидний ёс зүйд туйлын харш зүйл. Энэ л олон хүнийг гомдоож байна. Тэгээд шат шатанд гомдол гаргах нэг шалтгаан болж байна.

Мөн шийдвэрээ гаргаад  яагаад өөрийнх нь гомдлыг хүлээж авахгүй гээд байгаагаа тайлбарлаж өг гэж нийт прокуроруудад үүрэг өгсөн. Үүнийг арга барил болгох хэрэгтэй.

Улсын прокурорын зүгээс бид яаж эхлэх вэ?  

 Олон жил тогтсон загвараасаа одоо сал, оны эцэст гаргасан статистик тоо баримтыг одоо бид авахгүй.  УЕПГ хүртэл давж заалдаж ирж байгаа хүмүүсийн өргөдөл гомдлыг хянахын хажуугаар тэр гомдол дотор аль шатны прокурор хэн ямар алдаа гаргаж вэ, тэрийг шат шатны прокурорууд хэн нь засаж вэ гэдгээр та бүхний үйл ажиллагааг тухай бүрт нь үнэлэж, буруу зөвийг нь хэлж, шаардлагатай арга хэмжээг авах ийм журмыг бид хэвшүүлнэ. Тэгэхээр энэ зөвхөн УЕПГ-ын арга барил байх ёсгүй. Жишээ нь Нийслэлийн Прокурорын Газар ч гэсэн Дүүргийн прокурорын үйл ажиллагаанд гомдол гаргаад ирж байгаа тохиолдолд гомдлыг хянахын хажуугаар, хянасан болон дээд шатны  прокурор ямар алдаа гаргаж вэ гэдгийг заавал давхар дүгнэдэг байх ёстой. Энэ бол хамгийн чухал арга зүйн даалгавар.

Иргэний гомдлыг хуулийн хүрээнд хянахаас гадна доод шатны прокурорын алдааг заавал хянаж хоёр шийдвэр гаргадаг  байх ёстой. Нэг нь иргэнд өгөх шийдвэр, нөгөө нь прокурорт өгөх арга хэмжээ эсвэл үүрэг даалгавар байх ёстой. Үүний хажуугаар ёсзүйн асуудлыг заавал анхаарч бай.

Хоёрдугаар үүрэг даалгавар,  удирдамжийн шинж чанартай бичиг баримт дотроос хамгийн чухал зүйлүүдээ байнга өөрийн  анхаарлын төвд байлгаж хэрэгжүүлж сур. Бид чадахгүй  гээд усанд хөвж байгаа юм шиг байдлаар асуудалд хандаж болохгүй юм. Энэ бол миний арга зүйн хувьд өгч байгаа зөвөлгөө. Үүнийг хэрэгжүүлэх механизм бол 7 хоног бүр хамт олноороо цуглаж цагийг зөв үр ашигтай өнгөрүүлэх явдал. 

Гуравдугаарт, өөрийгөө хэн бэ гэдгээ бод. Нэгдүгээрт хууль сахиулагч, хоёрт хамт олон удирдаж байгаа прокурор хүн. Тиймээс удирдах арга барилд өөрийгөө хөгжүүл. Үүнийгөөртөө зорилго болгон тавь. Бид онлайнаар байнга харилцана. Бусад аймгийн прокурор асуудалд яаж хандаж байгаа арга барилын шинж чанартай зүйлийг маш хурдан өөртөө тусгаж авдаг байх ёстой. Тэгэж чадахгүй хүн удирдах ажил хийж чадахгүй. Нэг иргэний гомдлоос тэр аймагт ажил хэр явагдаж байгааг харж болдог.

Албаны харьцааг хувийн харьцаатай хутгаж болохгүй, архидан согтуурч болохгүй, ёсзүйг дээдлэ. 

 

Ажлаа яаж сайжруулах талаар бодохдоо та бүхэн эдгээрийг сайн ойлгож удирдлагын баримт бичгийг баримтлах ёстой.  

Эдгээр асуудлуудыг та бүхэнд хэлж анхааруулья гэж бодсон юм. Анхаарал тавьсанд баяраллаа. 

 

Та бүхэнд эрүүл энх,ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гнжэнх(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

Дорилгжав чадалтай хүн. илүү их шударга ёсны төлөө зүтгээрэй таны ажилд амжилт

1  |  0
Top