М.Хулан хулхидсан мөнгөө хуулийнханд өгч ял завшсан уу

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 29

Хэдэн жилийн өмнө 2014 онд гэхэд агаарын бохирдлыг бүрэн бууруулна гэсэн сонины гарчиг одоо ч хэвлэлийн хуудаснаа шарласаар. Тухайн үед байдал яг хэвээрээ, түүгээр ч барахгүй хэн нэгэн сүйхээтэй хүн энэ ажилд зарцуулагдах байсан хөрөнгийг “идэж” төрийн мөнгийг шамшигдуулсаны улмаас агаарын бохирдол улам нэмэгдэнэ гэдгийг хэн ч гадарлаагүй биз.
Гэвч байдал ийм дээрээ тулаад нэлээд хугацааг үдэж байна. 2010 онд Канадын хэсэг эрдэмтэд Улаанбаатарын агаарын бохирдлын нөлөөг судалжээ. Тухайн үед нийслэлчүүдийн нас баралтын 8,2 хувь нь агаарын бохирдолоос үүдэлтэй гэх судалгааг гаргаж байсан юм. Гэтэл энэ тоо гурван жилийн дараа дахин нэмэгдэж, 10-12 хувь болсон нь монголчуудын амь насанд аюулын харанга дэлдэж байгаа энэ үед цэвэр агаартай болгох ёстой "Цэвэр агаар" сан төрийн байгууллагын ажилтнууд нь удирдлагаасаа нууцаар хөрөнгөөр нь туйлж, шоронгийн хаалга татаж эхэлсэн нь даан ч харамсалтай.


Жил гаруйн хугацаанд үргэлжилсэн "Цэвэр агаар" сангийн хэрэгт холбогдох 11 хүний шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сард болж өнгөрсөн. Шүүхээс “Цэвэр агаар” сангийн захирал асан Н.Хүрэлсүхэд найман жил, нягтлан М.Хуланд долоон жил, Х.Болдмаад зургаан жил, аудит Б.Даваабаатарт 5,1 жил БОЯ-ны Төрийн сангийн дарга асан Д.Цэцгээд 6 жил, мэргэжилтэн Чимэд-Эрдэнэ 5,1 жилийн хорих ял тус тус ногдуулж, шүүгдэгч Алтантуяа, Гэрэл нарт нэг жилийн тэнсэн харгалзах ял ногдуулсан. Харин М.Алтанбагана, Ж.Сүрэн нарын гурван хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан.
Энэ үеэр тус сангийн захирал Н.Хүрэлсүх хамгийн өндөр ял авснаараа хамгийн их мөнгө идсэн гэх ойлголт нийгэмд төрүүлээд авсан. Гэвч энэ хэрэгт тухайн үед сангийн захирлаар ажиллаж байсан "Н.Хүрэлсүх" -ийнх гэсэн тодотголтой байсан ч энэ хэргийн гол эзэн нь М.Хулан болох нь шүүх хурлын явцад тогтоогдсон билээ.


Учир нь Н.Хүрэлсүхийн завшсан байж магадгүй гэх мөнгөнөөс нэг ч төгрөгийг гэрчийн мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдоогүй юм. Харин "Цэвэр агаар сан" - гийн ерөнхий нягтланаар ажиллаж байсан М.Хулан сангийн 4,5 тэрбум төгрөгийг нягтлан Х.Болдмаагийн хамт санаатайгаар, зохион байгуулалттайгаар хуурамч гэрээ, төлбөрийн барим ашиглан завшсан нь тогтоогдсон ч шүүх бүрэлдэхүүн түүний толгойг илээд өнгөрсөн нь олны анхаарлыг татаж, шүүхийн байгууллага дахин хүний эрхээр тоглож, хөрөнгө мөнгөнд сөгдлөө гэх ойлголтыг төрүүлээд байна.


Хэрэгт хамтдаа холбогдсон Х.Болдмаа нь М.Хулангийн багын найз гэх бөгөөд М.Хулан "Цэвэр агаар сан"-д ажилд орсноос хойш сар гаруйханы дараа л хуурамч гэрээгээр гүйлгээ хийж эхэлсэн нь энэхүү хэргийг М.Хулан анхнаасаа төлөвлөж зохион байгуулсан гэж үзэхэд хүргэж байгаа аж.
Гэвч шүүх бүрэлдэхүүн түүний улсад учруулсан олон тэрбум төгрөгийн хохирлыг нь өөр бусдад нялзаан жирийн дэглэмтэй хорих ангид долоон жилийн ял өгсөний учир нь мэдэх хүмүүс гайхаад барахгүй, ардаа нэлээд том арын хаалгатайгийн шинж хэмээн ил далд ярьж сууна.


Учир нь дөнгөж ажилд орсоныхоо дараа л дарга цэргээсээ нууцаар гэрээ хийж, мөнгө завшсан М.Хулан гэгчийн нагац ах нь ЦЕГ-ын дарга асан, хошууч генералын Д.Сандаг-Очир гэх. Тиймдээ ч ахдаа бардсан уу, өөрийн шаламгай зандаа эрдсэнийх үү улсын 4,5 тэрбум төгрөгөөр туйлчихаж. Мөн М.Хулан нь “Цэвэр агаар” санд орохоосоо өмнө Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн газар, ерөнхий нягтлангаар ажиллаж байхдаа мөн л байгууллагын мөнгө үрэн таран хийсэн хэрэгт холбогдсон боловч ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан генерал ах нь ямар нэгэн ял шийтгэлгүйгээр хэргээс сугалсан гэдэг. Сурсан занг сураар боож болохгүй гэдэг дээ. Ингээд Сангийн захирал Н.Хүрэлсүхэд тухайн үеийн БО-ны сайд Л.Гансүх "тушаал буулгаж" /Л.Гансүх сайдад хошууч генерал Д.Сандаг-Очир санал болгосон/ М.Хулан гэх эмэгтэй 2011 оны зургадугаар сард ажилд орж байсанаар түүний бүх “ажил” нь эхэлсэн түүхтэй аж.


Гэхдээ нэлээд башир аргаар. Сангийн захирал Н.Хүрэлсүх нь албан томилолтоор гадаад дотоод явахдаа гарын үсэгтэй төлбөрийн даалгавараа нягтландаа орхидог байж. Энэ үеэс л нягтлан М.Хулан өөрийн үүсгэн байгуулсан “Шарын голын энерго Болд” компанидаа 2.7 тэрбум төгрөгийг шилжүүлэн авч байжээ. Уг нь тус сан “Шарын голын энерго” ХХК-тай түлш нийлүүлэх гэрээ хийсэн аж. Ингэхэд М.Хулан уг гэрээг скайнердаж “Шарын голын энерго Болд” ХХК болгон засаад дээрх хуурамч компанийхаа дансаар мөнгө угаадаг байсан байна.


Түүгээр ч барахгүй. Нийслэлийн агаарын чанарын албаны түлш хүлээн авсан орлого зарлагын падааныг ашиглан баталгаажуулснаар захирлаа хууран мэхэлж 1.4 тэрбум төгрөг түлш нийлүүлдэг компанийхантай хамтарч гарган авдаг байсан нь шүүхийн хэлэлцүүлэгийн явцад тогтоогджээ. Мөн мөрдөн байцаалтын явцад нягтлан М.Хулангийн өрөөнөөс тамгатай 72 ширхэг падаан хураагдсан аж. Мөн өөрийн төрсөн ах дүүгийн нэр дээр хуурамч компани байгуулан нэг бус удаа олон зуун сая төгрөг шилжүүлэн авсан нь тус тус тогтоогджээ.


Тэрбээр ийнхүү зүгээр олсон мөнгийг үрэх гэж яддаг байсан бололтой. Шүүх хурлын явцад хавтаст хэрэгт авагдсан баримт, АТГ - аас гэрт нь хийсэн нэгжлэгээр нэг хүний энэ насандаа идэж, хэрэглэж барамгүй их хэмжээний эд хөрөнгө, үнэт эдлэл олдсон нь тухайн үедээ хууль хяналтынханы нүдийг орой дээр нь гаргаж байсан юм. Одоо тэрбээр энэхүү хэргээсээ мултрах арга бодож олжээ. Тэр нь “жирэмсэн” шалтгаан. Монгол улсын хуулиад хэрэв жирэмсэн бол ялаас тодорхой хэмжээгээр хөнгөлдөг байна. Үүнийг мэдсэн овсгоотой бүсгүй гэв гэнэт 20 настай хүүдээ дүү төрүүлж өгөхөөр шийдэж, бүх хэргээ сангийн захиралдаа тохохоор улайрч сууна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
moogii(112.72.6.34) 2014 оны 05 сарын 30

Дээгүүрээ дарга нь хамаг юмааа хийчихээд энэ Хулан золиос нь болсон юм гэж бодож байна

0  |  0
emeelt ruu ogsoh zamiin urd tald zamaasaa 200-300m zaitai 1 ga gazar mash hyamd zarna 40 sayad 9191(103.23.51.9) 2014 оны 05 сарын 30

emeelt ruu ogsoh zamiin urd tald zamaasaa 200-300m zaitai 1 ga gazar mash hyamd zarna 40 sayad 91915103

0  |  0
d(112.72.13.63) 2014 оны 05 сарын 29

hetsuu ch yumdaa

0  |  0
dorjoo(124.158.92.16) 2014 оны 05 сарын 29

ulsiin mungiig toluuleed or tolborgui bolgood Changa deglentei horihod nasaar ni hori huuhdiig ni avahuul

0  |  0
Top