Зурагт- Сансар, Зүүн салааны чиглэлийн автобус ”Автобус -1” компанийнх биш

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 13

Уржигдар манай сайт Зүүн салаа-Зурагт, Сансарын чиглэлд явдаг автобусны кондуктараас ажлын нөхцөл, цалингийн талаар дараах ярилцлагыг авч нийтэлсэн. Тодруулбал “Автобус-1 компанийн ажилчид өрнөөс өрөнд орж ажиллаж байна” гэсэн гарчигтай мэдээлэл гарсан юм. Уг ярилцлагыг манай редакцад дадлага хийж буй оюутан  авсан юм. Дадлагажигч оюутан  уг автобусыг “Автобус-1” –ын автобус гэж андуурчээ. Тухайн автобус нь “Тэнүүн Огоо” компанийх юм байна. Буруу ташаа мэдээлэл гаргасандаа Автобус-1 компаниас хүлцэл өчье.

Манайд  нийтийн тээвэртэй холбоотой санал гомдол иргэдээс нэлээдгүй ирсэн байгаа. Уг гомдолтой холбогдуулан бид энэ ажлыг эхлүүлсэн юм. Гомдолын дагуу бид хэд хэдэн нийтийн тээврийн компанийн үйл ажиллагаа, нөхцөлийг  үнэн зөвөөр нягтлан сурвалжилж, цуварлаар хүргэх болно.

“Тэнүүн огоо” компанийн Зүүн салаа –Зурагт, Сансарын чиглэлийн автобусны кондуктар Г ингэж ярьсан юм.

- Яагаад өрөнд ороод байна вэ? 

-Төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүй тэгээд л өрөнд ороод байна.  Нэг өдрийн норм 220.000 төгрөг байдаг. Яагаад ч  нормоо биелүүлж чадахгүй байна.

 

-Дараагийн өдөр нөхөж болохгүй юу?

-Маргааш бас яг ижилхэн 220 мянган төгрөг ш дээ. Авах ёстой хамаг цалингаа  өрөндөө өгсөөр байгаад цалингүй шахуу ажиллаж  байна.

 

-Бүх кондукторууд өрөнд ордог гэж үү?

-Манай зүүн салааны кондукторууд бүгд ижилхэн өртэй. Хамгийн ихдээ сая гаруй төгрөгийн өртэй байгаа. Хамгийн багадаа  гэхэд 200 гаруй төгрөгний өрөнд орж байна. Бусад чиглэлийн автобус гайгүй нь гайгүй л байдаг байх. Ямар сайндаа л манай салаа “Торгуулын салаа” гэсэн нэртэй болсон ш дээ.

 

-Өрөө ямар аргаар төлдөг вэ?

-Цалингаасаа. Цалин бараг авдаггүй өрөө төлөхгүй бол цалинг маань хаачихдаг юм. Заримдаа торгуулаад 14000 төгрөгний цалин авна. Үйлчүүлэгчтэй  зүй бус харьсан, ажлын байр хаясан зэрэг олон шалтгаан тоочоод заримдаа цалингийн 20 хувиар тогочидог юм.

 

-Ажлаасаа гараад өөр ажил олж хийсэн нь дээр юм биш үү?

-Өртэй юм чинь гарч болохгүй ш дээ. Өрөө төлж дуусаад гар гэдэг байхгүй юу.  Манай автобусанд суудаг үйлчлүүлэгчдийн 70 гаруй хувь нь  үнэгүй зорчиж байгаа. Оюутан, тэтгэврийн өндөр настан, грүпийн иргэд  гээд мөнгө төлдөггүй иргэд олон.

 

-Өдөрт хэдэн цаг ажиллаж байна?

-Өглөө гэрээсээ 5.00 цагт гараад орой 24.00 цаг өнгөрөөж гэртээ орно. Өдрийн 24 цагийн 4-5 цагт нь л унтаж байна. Тэгээд байнгын стресстэй. Үйлчлүүлэгчид  биднийг  хүн гэж бодохгүй дайрч, доромжилж  хэрүүл хийнэ.

 

-Удирдлагууддаа хүсэлт гаргаж үнэн учраа хэлж үзсэн үү?

-Үзсэн, үзсэн. Ямар ч хариу байхгүй, тоохгүй шүү дээ.

 Т.Дэлгэрцэцэг

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top