2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Хангай нурууны өврийн Тээл, Хомын хоолой, Алтай нуруунаас эхтэй Буянт, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 5-20 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Шишхэд, Хангай нуруунаас усжих Идэр, Чулуут, Урдтамир, Буянт, Хожуул, Завхан, Байдраг, Онги, Хэнтэй нурууны баруун хажуугийн Шарын гол, Ерөө, Туул, зүүн хажуугийн Хурх, Балж, Хэрлэн, Халх гол болон Алтай нурууны Ховд, Буянт, Сагсай, Долооннуур, Хархираа, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд олон жилийн дундаж түвшинг 20-60 см тус тус давсан байгаа мэдээг Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн байна.
Иймээс хур тунадас их орж үерийн түвшинд хүрч байгаа тул гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг шар усны үерээс урьдчилан сэргийлэх, болгоомжлох, баталгаатай зам, гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангах, зорчиж буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
1. Төрийн захиргааны төв байгууллагаас олон улсын болон улсын чанартай авто замын хариуцагч байгууллагуудад зам, гүүр, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг технологийн дагуу гүйцэтгэх, үзлэг шалгалтыг хийх, шаардлагатай нэмэлт ажлыг гүйцэтгүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үер, шар усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах;
2. Аймаг, орон нутгийн захиргааны төв байгууллага, хэрэгжүүлэгч агентлаг Тээвэр, авто замын газраас тухайн нутаг дэвсгэрт байршилтай орон нутгийн чанартай авто зам, гүүр, замын байгууламжуудыг паспортжуулж, замын сүлжээний бүртгэлд баяжилт хийж, ашиглалт хариуцагчийг тодорхой болгож, үер, шар усны аюулаас урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах;
3. Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, аймгуудын тээвэр авто замын газрууд зорчигч тээврийн хэрэгслийг аюулгүй зорчих нөхцлийг хангуулах арга хэмжээг авахуулах, гүүрийн тооцоот даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, мэдээлэх ажлыг зохион байгуулах;
4. Бүх гүүрүүдийн тооцоот даацыг анхааруулсан, зорчих тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх тэнхлэгийн болон бүх жингийн мэдээлэх, хориглох болон бусад шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээг MNS 4597:2003, MNS 4759:2003, MNS 4596:2007 стандартын дагуу байршуулах;
5. Гүүрийн ашиглалтын байдалд хяналт шалгалтыг гүйцэтгэж, шаардлагатай мэдээлэл, баримтыг тухайн байгууламжийн холбогдох хариуцагч байгууллагад хүргүүлж, “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын техникийн шаардлага”-ын дагуу зохих арга хэмжээг авахуулах;
6. Зорчигч, тээврийн хэрэгсэл батлагдсан замын маршрутаар зорчиж, голын ус хайлах, шар усны үер болох, мөс цөмрөх магадлалтай газраар нэвтрэхгүй байх, даацын зөвшөөрөгдсөн гүүр, замын байгууламжаар зорчих;
7. Улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн хэрэгсэлд тээврийн хэрэгслийн суудлын тооноос илүү хүн суулгахгүй, ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн даацыг хэтрүүлэхгүй байх;
8. Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар ашиглалтын нөхцөл байдал нь шаардлага хангаагүй, эвдрэлтэй гүүр, замын байгууламжийн талаарх мэдээллийг МХЕГ, тухайн орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагуудад өгч, зохих арга хэмжээг холбогдох байгууллагууд авч хэрэгжилтийг хангуулан ажиллах шаардлагатай байна.
/МХЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс/

Сэтгэгдэл ( 0 )