Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн нэр төрд халджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 03

 

Энэ долоо хоногийн дуулиануудын нэг нь их сургуулийн оюутнууд авлигын хэрэгт холбогдсон тухай мэдээлэл юм.

“ХИС-ийн 63 оюутан, 3-4 багш авлига өгсөн, авсан, зуучилсан байж болзошгүй хэрэгт буруутгагдаад байна” гэсэн гарчиг бүхий мэдээ сайт болоод сонингуудад гарсан нь ташаа байжээ.

Энэ тухай товч тодруулгыг Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн Медиа технологи, сэтгүүлзүйн тэнхмийн эрхлэгч Д.Дагиймаатай утсаар холбогдож авлаа.

-Сайн байна уу. Танай сургуулийн багш, оюутнууд авлигын хэргээр шүүгдэж байгаа талаар таагүй мэдээлэл цацагдах боллоо. Энэ үнэн үү?

- Ийм мэдээлэл гарч байгаа талаар саяхан мэдсэн. Гэвч харамсалтай нь уг мэдээлэл ташаа гэдгийг албан ёсоор хэлэх нь зүйтэй байх. Дээрх хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч Г.Батбаяр гэдэг хүн сонинд ярилцлага өгөхдөө МУИС-ын харъяа Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийн нэртэй манай сургуулийг андуураад хэлчихсэн юм билээ.  Ингээд энэ сарын нэгнээс хойш хэвлэлээр ташаа мэдээлэл гарах болсон.

-Өмгөөлөгч Г.Батбаяр ийм эндүүрэл гарсаны дараагаар танай сургуулийн захиргаанаас албан ёсоор уучлал гуйсан уу?

-Бид юунаас болж ийм мэдээлэл цацагдсаныг өөрсдөө холбогдож тодруулсан. Нэгэнт ташаа мэдээлэл цацагдаж манай сургуулийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн учир өмгөөлөгч Г.Батбаяр бидэнд албан ёсоор хүсэлт ирүүлээд байна.


-Мэдээлэл өгсөн танд баяраллаа.

Үнэн бодит хэргийн талаар мэдээлэхэд  МУИС-ийн харъяа ХҮДС-ийн 54 оюутан, гурван багш уг хэрэгт холбогдоод байгаа юм байна. Хуулийн байгууллагаас оюутнууд дүнгээ засуулах зорилгоор багш нарт авлига өгсөн, зарим нь үүнийг зуучилсан гэж үзэж байгаа гэнэ. Зарим оюутан давтан авлига өгсөн хэрэгт холбогджээ. Хэрэг нийт 58 шүүгдэгч, 36 өмгөөлөгчтэй ба хэргийн гэрч, сэжигтнүүдийн ар гэрийнхнийг оролцуулаад шүүх хуралд 200-гаад хүн оролцохоор байгаа гэнэ.

Анхан шатны шүүх хурал өнгөрсөн даваа гаригт Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд болох байсан ч өмгөөлөгч, холбогдогчдын ирц бүрдээгүйгээс энэ сарын 23 хүртэл хойшилжээ.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өмгөөлөгч нэртэй амбиц(202.126.91.159) 2025 оны 03 сарын 13

Энэ өмгөөлөгч гэж ёстой нэг холион бантангийн эзэн байнаа

1  |  0
TAMGA(103.10.22.61) 2025 оны 03 сарын 13

tamgagui xvselt bas baidguu tee awliga awdagguimaa gehed xvmvvnleg bol arai l ydsan surguulidaa

1  |  0
Top