Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг зөрчилгүй, тайван наадсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.Үндэсний их баяр наадмын өдрүүдэд автомашины хөдөлгөөний ачаалал ихтэй байсан хэдий ч жолоочид замын хөдөлгөөнд соёлтой оролцсоны улмаас нийслэлд онц ноцтой зам тээврийн осол гараагүй, ослын дуудлага мэдээлэл энгийн өдрүүдийнхтэй ижил байжээ. Харин өчигдөр Төв аймгийн нутагт хоёр машин мөргөлдөж ослын улмаас газар дээрээ хоёр хүн нас барж нэг хүн эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 187 гэмт хэргийн дуудлага ирсэнээс 133 гэмт хэргийн эзэн холбогдогчыг олж тогтоон мөрдөн байцаалт явуулж байна. Наадмын эдгээр өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг бүртгэгдээгүй аж. Мөн цагдаагийн байгууллагаас амралт зугаалгын үе эхэлсэн учраас гол усны үерээс сэрэмжлэхийг мөн анхааруулж байна. Амралт зугаалгын энэ үеэр иргэд ихэвчлэн гол усны ойр орчим амарч зугаалдаг. Ингэхдээ архи согтууруулах ундааг тааруулан хэрэглэхийг анхааруулж байна.
Энэ зун ихэнх нутгаар хур бороо ихтэй байгаагаас Хангай, Хэнтийн нуруу болон Зүүн зүгийн аймгуудын гол мөрнүүд үертэй байна. Үүгээр зогсохгүй өмнө нь сайр байсан газруудад ч үерийн аюул нүүрлэжээ.Хамгийн сүүлд Сэлэнгэ аймагт 18-20 насны 5 залуу голд осолдож амиа алдсан байна. Мөн Хэнтий аймгийн Дархан сумын Онцгой байдлын албан хаагчийг хүн хүчний хүрэлцээгүйн улмаас өвчтэй байхад нь голд осолдсон иргэнийг аврах ажиллагаанд дайчилжээ. Харамсалтай нь салаан захирагчийн бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан байна. Мөн долдугаар сарын 14-ны өдөр Туул голд хоёр иргэн амиа алдсан хэрэг бүртгэгдсэн байна.
Иймд хүүхдүүд, өсвөр насныхан гэлтгүй залуус ч амралтын өдрүүдэд найз нөхөдтэйгээ голын эрэг дээр амарч зугаалахдаа ихээхэн болгоомжтой, хянуур байх хэрэгтэй холбогдох байгууллагаас анхааруулж байна. Өнгөрсөн ням гарагт орсон хүчтэй борооны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт усанд автсан тухай 23 удаагийн дуудлага ирж нийслэлийн Онцгой байдлын газрын аврах анги, харьяа дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн аврагч, гал сөнөөгчид усыг соруулан шуурхай ажиллан аюулгүй байдлыг хангажээ.
Голын усны төвшин 60-80 см хүрч үерийн аюултай байдалд хүрсэн тул голын эрэгт зорчихгүй байх, орон нутагт баталгаат зам гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )
энэ жилийн наадамаас ганц авах юм цагдаагийнхан л маш сайн зохион байгуулалттай ажиллах шив дээ