Бизнесийн зээлийн өсөлтийг дагаж худалдаа, уул уурхайн үйлдвэрлэл нэмэгджээ

2019 оны 01 сарын 28

Бодит эдийн засгийн өсөлтийг тэтгэгч гол санхүүжилтийн эх үүсвэрүүдийн нэг нь дотоодын санхүүгийн системээс аж ахуйн нэгжүүдэд олгох бизнесийн зээл байдаг.  Бизнесийн зориулалттай зээлийн тогтвортой өсөлт нь хувийн секторын үйлдвэрлэлийг дэмжих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахад чухал ач холбогдолтой. Иймд бизнесийн зээлийн өсөлтийн мөчлөг дагасан байдлыг бууруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихүйц тогтвортой түвшинд хадгалах нь чухал.

 

Манай улсын хувьд гадаад эдийн засгийн орчин, уул уурхайн салбарын томоохон бүтээн байгуулалт болон бусад тодорхой бус байдлаас шалтгаалан бизнесийн зээлийн өсөлт нь эдийн засгийн мөчлөгийг дагаад хэлбэлзэл өндөртэй байдаг. Уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засгийн хувьд дэлхийн зах зээл дэх экспортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, уул уурхайн салбарын үйлдвэрлэл өсөхийн хэрээр гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, зах зээлд оролцогчдын хүлээлт сайжирдаг. Уул уурхайн салбарын идэвхжлийг дагаад бусад салбарын үйлдвэрлэл, борлуулалт нэмэгдэх нь банкуудын зээлийн эрэлтийг богино хугацаанд огцом нэмэгдүүлснээр зээлийн өсөлт эрчимждэг. Харин гадаад эдийн засгийн орчин муудаж, эрсдэл нь нэмэгдэж, бодит эдийн засгийн идэвхжил саарах үед бизнесийн зээлийн эрэлт буурч, эдийн засгийн өсөлтийг тэтгэх чанар алдагдана. Энэ нөхцөл байдал 2015-2017 оны хугацаанд ажиглагдсан бөгөөд банкуудын зээл олголтын дийлэнх хэсгийг хэрэглээний зориулалттай зээл бүрдүүлж, бизнесийн зээлийн өсөлт огцом саарсан юм.

Харин 2017 оны сүүлийн хагасаас эхлэн хөрөнгийн дотогшлох урсгал нэмэгдэж, бодит эдийн засгийн өсөлт сэргэсэнтэй холбоотойгоор зах зээлд оролцогчдын хүлээлт сайжирсан. Түүнчлэн энэ үед Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр мөнгөний бодлогын хүүг шат дараалан бууруулсны зэрэгцээ хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон зээлийн дээд хугацаанд хязгаарлалт тогтоох арга хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх нөхцөл байдал, бодлогын арга хэмжээтэй уялдан бизнесийн зээлийн өсөлт 2018 оны II улирлаас эхлэн сэргэж 2018 оны 10 дугаар сарын байдлаар 16.1 хувьд хүрээд байна. Энэ нь худалдаа, уул уурхай, барилга, боловсруулах салбарт голчлон ажиглагдаж байна. Эдгээр салбарт олгосон бизнесийн зээл нэмэгдэхийн хэрээр боловсруулах, худалдаа, уул уурхайн салбарын үйлдвэрлэл сүүлийн улирлуудад нэмэгдсэн гэж Төв банкны мэдээлэлд дурдсан байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top