Алтны салбарын алдагдсан боломжууд ба ХҮЛЭЭЛТ

2019 оны 02 сарын 12

Дэлхийн төв банкуудын 2018 онд худалдан авсан алтны хэмжээ  651.5 тонн. Энэ нь 2017 оныхоос 74 хувиар өссөн үзүүлэлт. Тэгвэл энэ онд төв банкууд алтны худалдан авалтаа өсөлтийн чиглэлд хадгалах төлөвтэй байна. Харин манай улсын Төв банкны тухайд он гарсаар нэгдүгээр сарын байдлаар 597 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеийнхээс  531 кг-аар  дутуу буюу 47 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.  Монголбанкны алт худалдан авалт өмнөх оноос буурсныг  мэргэжилтнүүд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ болох 2.5 хувийн татварын хүчинтэй хугацаа  2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болсонтой холбон тайлбарлаж байгаа юм.

 

Тодруулбал, “Ашигт малтмалын тухай хууль”-д 2014 оны  нэгдүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсон.

 

2018 онд 22 тонн алт худалдаж авсан Төв банк алтны худалдан авалтыг 2020 онд  25 тоннд хүргэх хүлээлттэй байгаа. Гэхдээ татварын бодлогын дэмжлэггүйгээр энэ тоонд хүрэх боломжгүй гэдгийг хуулийн үйлчлэл дууссанаас хойшх нэг сарын хугацаа харуулж байгаа янзтай. Тэгэхээр алтны салбарын татвартай холбоотой асуудлыг гацаагаад буй УИХ хэрэв ээлжит бусаар хэлэлцэх нь шийдэгдчихвэл хэлэлцэх асуудлуудынхаа жагсаалтдаа багтаах уу гэдэг асуулт бас дагаж байна.

 

Алт үйлдвэрлэгчид  Татварын  багц хуулийн өөрчлөлт өөрсдөд нь ээлээ өгнө гэсэн хүлээлттэй байдаг. Харин Засгийн газар, Төв банкны зүгээс АМНАТ-ыг 2.5 хувийн  хэмжээг дахин таван жилээр сунгаж, мөрдөх нь зөв гэж үзсэн. Улмаар  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал  чуулганы хуралдаанаар 2018 онд багтаж орсон ч, улс төрийн тогтворгүй байдалтай холбоотойгоор хойшлогдсоор байгаа юм.

 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар  алтны салбарт  тулгамдаж буй асуудал болоод уг салбарыг хариуцлагажуулах, хөгжүүлэх тал дээр ямар арга хэмжээ авах вэ гэдэгт байр сууриа илэрхийлэхдээ:

“Гурван тэрбумаас дээш орлоготой аж ахуй нэгжүүд маань 25 хувийн татвар төлөх ёстой байдаг. Тиймээс энэ тал дээр жаахан зугтах тал руугаа байна уу гэж бодож байна. Бид цаашид татварын шаталсан бодлого хэр оновчтой вэ, эсвэл худалдааны нэг татвартай болох юм уу маш ойлгомжтой байдлаар шийдэх ёстой. Дэлхийн улс орнуудад маш олон жишээ явдаг. Энэ тал руугаа авах ёстой, татвараа улс зайлшгүй авах ёстой. Ер нь хариуцлагатай байх тал руу шахна... Ер нь олон шатлалтай татвар хэр зохимжтой юм бэ, энэ хүртэл та нар яв, үүнээс цааш та нар өөрөө зохицуул гэсэн ойлголтыг өгөөд байна л гэж бодож байгаа. Тийм учраас худалдааны татвар гээд нэг л татвартай болчихвол бүх зүйл ойлгомжтой болно” гэж буй.

 

Салбарын сайд ийм байр суурь илэрхийлсэн ч, өнөөдрийн тухайд Нөөц ашигласны татварын  хөнгөлөлтийн хугацааг  2024 он хүртэл таван жилээр сунгах асуудал ЭХЭНД яригдаж байна.

 

Алт үйлдвэрлэгчдийн тухайд парламентын шийдвэрийг хүлээсэн байдалтай.  Одоо цаг наашилж, алт үйлдвэрлэл улам эрчимждэг цикл ойртсон байна. Тэгэхээр нөөц ашигласны татвар 2.5 хувь байх уу, эсвэл хуучин 9 хувиар мөрдөгдөх үү гэдэг нь анхаарал татаж байна.

 

Алт олборлогч аж ахуй нэгжүүдээс авах алтны хэмжээг нэмэгдүүлэх шаардлага бийг тоон үзүүлэлтүүд батладаг. Монголбанкинд тушаагдаж буй алтны дийлэнх нь аж ахуй нэгж биш хувь иргэний нэрээр бүртгэгддэг.  2017 онд Монголбанкны худалдан авсан алтны  63 хувийг иргэд, 37 хувийг компани бүрдүүлж байсан бол  2016 онд иргэд 60 хувь, компани 40 хувь гэсэн харьцаатай байсан.  2018 оны хувьд ч иргэдийн нэр дээр тушаагдсан алтны хувь хэмжээ давамгайлсан хэвээр. Иргэд зуучлагч хэлбэрээр алт тушаалтад оролцож байгаа шалтгааныг эрхзүйн орчинтой нь холбож тайлбарласан байр суурийг Алт үйлдвэрлэгчдийн холбооноос илэрхийлдэг. Жилийн орлого нь гурван  тэрбумаас дээш бол ААНОАТ-ыг 25 хувь, доош тохиолдолд 10 хувийн татвар авна гэж тогтоосон нь аж ахуй нэгжүүдийн алт тушаалтыг бууруулж байна гэдэг. Тэрчлэн  ААНОАТ-ыг тэглэснээр компаниудын зардал мөнгө ил болж, эдийн засагт оруулах өгөөж нь нэмэгдэнэ гэж буй юм.

 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулинд “3 тэрбум төгрөгөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар тооцно” гэж заасныг 6 тэрбум төгрөгөөс дээш давсан орлогын дүнтэй болгох талаар тусгасан төсөл өргөн баригдаж, бас л хүлээлгийн өрөөнд байгаа.

 

Монголбанкинд  тушааж, нийлүүлж буй алтны хэмжээ нэмэгдэж байгаа нь АМНАТ-ыг 2.5 хувь болгон мөрдөж, алтны үйлдвэрлэл өссөний нэг үр дүн гэж салбарын холбооны зүгээс мэдэгддэг. Тэгвэл  “Алтан бумба санхүүгийн нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал, шинжээч Ч.Эрдэнэдалай  “Монголбанк 2016-2018 онд алтны экспортоос орж ирсэн 2.1 тэрбум ам.долларын валютын нөөцийг  интервенцид зарцуулж ам.долларын ханшийг 2000 - 2600 буюу 600 төгрөгөөр л сулруулж чадсан юм. Алт байгаагүй бол ам.доллар аль хэдийнэ тэнгэрт хадаж, 3000-5000-10000 төгрөгт  хүрсэн байх байлаа” гэж ярьж байсан.

 

Харин Монголбанкны ерөнхийлөгч  Н.Баяртсайхан  гадаад валютын албан нөөц /ГВАН/ болоод ханшийн талаар хэлэхдээ  “ГВАН 2018 оны эцсээр 3.5 тэрбум ам.долларт хүрсэн. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 27.9 тэрбум ам.доллар байгаа нь бидэнд гадаад өр төлбөрийн эрсдэл өндөр хэвээр байгааг илтгэж байна. Иймд бид ГВАН-ийг цаашид тууштай нэмэгдүүлэхэд бодлогоо хандуулах зайлшгүй шаардлага тулгарч байна” гэж байгаа юм.

 

Тэгэхээр алтны худалдан авалтаа өсгөж, ГВАН-өө нэмэгдүүлэх шаардлага манайд байна. Алт бол эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй. Тиймээс ч алтны салбартай холбоотой хууль тогтоомжийг шийдвэрлэхдээ эдийн засагт бодитой үр ашиг үнэхээр дагуулах уу гэдэг нь чухал. Өнгөрсөн жилүүдэд алтны салбараас эдийн засагт наалдаж үлдэх ёстой байсан үр ашгийг үргээсэн гол буруу 68 хувийн татвар зэрэг ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ-үүдэд байсан гэдгийг хэлэгсэд бий. Тэгэхээр алтны салбараас өгөөж хүртэхийн тулд бодит нөхцөл байдлыг зөв харж, дүгнэх хэрэгтэй юм.


Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.23.39) 2019 оны 02 сарын 18

Алтны татварыг 5 аас доошгүй хувь болгоод ажил хийж байгаа төрийн албан хаагчид нь эрхэлсэн ажлаа жаахан сэтгэл гаргаад төр ард түмнээ бодоод хийчихвэл татвар нэмэгдэнэ алт тушаалт хэвийн байх боломжтой байхаа

0  |  0
Top