ШӨХТГ-аас архи согтууруулах ундааны сурталчилгааны эсрэг явуулж буй үйл ажиллагаа болон “KFC“ хоолны газрын үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаалах тухай өнөөдөр /2019.02.20/ мэдээлэл өглөө.
Тус газраас “Зар сурталчилгааны хуульд архи, согтууруулах ундааны сурталчилгааны талаар тодорхой зааж өгсөн байдаг. Гэтэл сүүлийн үед томоохон шөнийн цэнгээний газар, ресторанууд архи согтууруулах ундааны сурталчилгааг явуулахдаа хууль зөрчиж, хямдрал урамшуулал зарласан, бэлэг дагалдуулсан байдлаар явуулж байна. Манай байгууллагаас энэ чиглэлийн шалгалтыг хоёрдугаар сарын эхээр зохион байгуулсан. Энэ хугацаанд “Наран март” компани Австралийн өдөр гэх тэмдэглэлт өдрийг тохиолдуулан тус улсад үйлдвэрлэсэн винонуудыг хямдруулан худалдаж байна гэх зар сурталчилгааг фэйсбүүкээр явуулсан. Сүүлийн үед ихэнх сүлжээ дэлгүүр, шөнийн цэнгээний газар, ресторанууд фэйсбүүк пэйжтэй болоод, тэндээ согтууруулах ундааг сурталчлах зөрчил гарч байна. Хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Өнөөдрийн байдлаар 10 гаруй шөнийн цэнгээний газар, ресторанд шалгалт хийгээд байгаа бөгөөд энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд дээр дурдсан байдлаар согтууруулах ундааг сурталчлахгүй байх талаар шаардлага хүргүүлээд байна” гэв.
Түүнчлэн “KFC” хоолны газрын зөрчлийн тухайд, манайхаас хоёрдугаар сарын 13-ны өдөр иргэдийн хохирлыг барагдуулах, хариуцлага тооцох ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг холбогдох байгууллагуудаас хариу тайлбар авч, ХӨСҮТ-д очиж ажиллаад байна. ХӨСҮТ-д очиж ажиллахад халдвар гарснаас хойш нийт 247 хүнд хоолны хордлогын эмнэл зүйн шинж илэрч, 44 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. 44 иргэний 24 нь хүүхэд байгаа бөгөөд хоёрдугаар сарын 19-ний байдлаар 14 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Хоолны хордлого авсан хоёр хэрэглэгчээс манайд хандан “хохирлыг барагдуулж өгөөч” хэмээн гомдол гаргаад байгаа. Мөн манай газрын зүгээс “Таван богд фүүдс” компани иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр ямар ажлууд хийж байгаатай танилцаж, тайлбар авахаар дуудаад байна. Өнөөдөр тус компанийн удирдах албан тушаалтнууд ирж тайлбар өгнө" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )