ХААБ: Ноолуурын үнэ өнгөрсөн оныхоос буухгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 06

Хаврын урь орж, малчид ямаагаа самнах цаг хаяанд ирлээ. Малчдын хувьд ноолуурын үнэ анхаарал хандуулах сэдэв. Ноолуурын үнэ өнгөрсөн онтой харьцуулахад энэ жил ханш буухгүй байх боломжтойг Хөдөө аж ахуйн бирж /ХААБ/-ээс онцолж байна.

Энэ талаар ХААБ-ийн захирал Х.Баатар “Судалгаагаар ноолуурын үнэ өнгөрсөн оныхтой харьцуулахад ханш нь буурахгүй байхаар ажиглагдаж байгаа. Яагаад буухгүй гэхээр, олон зүйлээс шалтгаална. Нэгдүгээрт, Засгийн газраас баталсан “Ноолуур” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжинэ. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдэд Хөгжлийн банкнаас зээл олгож байгаа. Ноолуурын төвлөрсөн худалдааг нэлээн хэдэн аймагт хийе гэсэн төлөвлөгөөтэй байна. Үндэсний үйлдвэрүүдэд урилга явуулна. Гадаад, дотоодын ноолуур худалдан авагчид төвлөрсөн худалдаанд оролцох боломжтой. Мөн төвлөрсөн худалдаанд малчид оролцох боломж нээлттэй. Тэгэхээр дундын дамжлагагүйгээр малчид ноолуураа борлуулах боломж бүрдэнэ.

Өөрөөр хэлбэл 3, 4 жилийн өмнөхтэй харьцуулахад ноолуур худалдан авагчдын дунд өрсөлдөөнтэй зах зээл бий болсон. Өмнө нь гурван Хятад ирээд үнэ тогтоодог байсан бол одоо өөр болсон” гэдэг тайлбар хийгээд байна. Өнгөрсөн жил ноолуур зарим аймагт 116 мянган төгрөгт хүрч байсан  юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top