500 сая ам.долларын бондыг Азийн шилдэг бондоор шалгаруулав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 11

Хонконгод зохион байгуулагдсан “The Asset Awards"-аас Монгол Улсын Хөгжлийн банкнаас арилжаалсан 500 сая ам.долларын бондыг Төрийн өмчит байгууллагын шилдэг бондоор (Best Quasi-Sovereign Bond) шалгаруулав.  Уг ёслолын арга хэмжээнд урилгаар МУХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр албаны бусад төлөөллийн хамт оролцож шагналаа гардан авчээ.

Сануулахад, хоёрдугаар сарын 13-ны өдөр Азийн Санхүүгийн нэр хүндтэй сэтгүүл болох “Finance Asia”-ийн 2018 оны шилдэг хөрөнгө оруулалтыг шалгаруулах ёслолоос МУХБ-ны бонд мөн “Шилдэг Хэлцэл”-ээр шалгарсан юм. Бондыг мөн л хямд, бага зардлаар гаргасан. Төрийн оролцоогүй, Засгийн газрын баталгаагүй амжилттай арилжаалсныг үндэслэн олгосон гэж буй.

2018 онд Монгол Улсын Хөгжлийн Банк Засгийн газрын баталгаагүй бондыг анх удаа олон улсын зах зээлд амжилттай арилжаалсан нь ийнхүү Монголдоо төдийгүй Азид анхдагч болж “Төрийн өмчит байгууллагын шилдэг бонд”, “Шилдэг Хэлцэл”-ээр тус тус шалгарлаа. 

Монгол Улсын Хөгжлийн банк 2018 оны аравдугаар сарын 16-ны өдөр олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжаалсан.  МУХБ-наас анх удаа Засгийн газрын баталгаагүйгээр бонд гаргасан явдал нь Манай улсын бусад зээлдэгчдийн хувьд жишиг хүү тогтоосон чухал үйл явдал болсон юм.

Олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 4.1 тэрбум ам.долларын бонд худалдан авах санал ирүүлсэн нь МУХБ-ны санал болгосон хэмжээнээс 8 дахин их байв. Зах зээлийн эрэлт өндөр байсан нь Монгол Улс болон МУХБ сүүлийн жилүүдэд дэлхий даяар хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоогоо сайжруулах, өргөжүүлэх арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлсний үр дүн байлаа хэмээн олон улсын шинжээчид дүгнэж байв. Улмаар олон улсын зах зээлийн нөхцөл байдал тогтворгүй байсан ч МУХБ-наас арилжаалсан бондын купон анх тооцож байснаас 75 суурь нэгж (0.75%)-ээр доогуур тогтож чадсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top