Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах нүүрс угаах үйлдвэрийн туршилтын үйл ажиллагаатай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги төлөвлөлт хариуцсан дэд захирал О.Одбаяр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагууд танилцлаа.
Жилдээ 1.5-1.8 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай тус үйлдвэрийг Монгол, Хятадын хамтарсан “Старто” ХХК байгуулсан бөгөөд дэд бүтэц орсон анхны үйлдвэр гэдгээрээ онцлогтой юм. Үйлдвэр ашиглалтад орсноор 170-180 хүний орон тоотой ажиллах бөгөөд ажиллах хүчний багагүй хувийг орон нутгаас бүрдүүлэх аж.
Үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг зургаан сарын хугацаанд угсарсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг угааж, Ази, Европын зах зээлд гаргахаар төлөвлөсөн байна. Ингэснээр Монгол Улсын нүүрс гуравдагч орны зах зээлд гарах боломж бүрдэж, нэг алхам урагшиллаа. Мөн Монгол Улсын дотоодын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 30 орчим хувийг нийлүүлдэг Шивээ-Овоогийн уурхайн хүрэн нүүрсийг угааж, үнэ өртгийг нэмэгдүүлэх боломжтой аж.
Нэмүү өртөг шингэсэн тус үйлдвэр саарал усныхаа 90 гаруй хувийг буцаан ашиглахаас гадна үйлдвэрийн хүчин чадал, нөөц боломжид тулгуурлан шингэрүүлсэн утаагүй түлш гаргаж авахаар төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )