П.Бадарч: Нэртэй зохиолчид 10 жилийн зайтай төрдөг юм байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

“Өнөөдрийг хүртэл өөрийгөө таниагүй явна”... Энэ бол “Юм юмнаасаа” номын нэгдүгээр бүлгийн өмнөх гарчиг. Өдгөө 80 насны босгыг алхаж яваа Соёлын гавьяат зүтгэлэн, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуай дурсамж, дурдатгал, яруу найраг, ярилцлагаа түүвэрлэн ийм нэгэн ном бүтээсэн нь 2018 онд олонд хүрчээ. Номын эхний хуудсыг сөхвөл, “Би гэж хэн бэ? Ёстой бүү мэд” гэсэн үгс зурайна. Ийм эгэл даруу оршсоор буй, монгол түмний хайр, хүндэтгэлийг хүлээсэн эрхэм найрагчтай уулзахаар товлосон цаг минь ирлээ. Нохой жилийн битүүнд “Төрийн соёрхолт” хүртсэн тэр агшны талаар асуусан асуултаас минь урган бидний яриа тэр чигтээ өнгөрсөн үе, дурсамжийн он цаг руу өөрийн эрхгүй очоод буйг нь анзаарсан сэтгүүлч би дэвтрээ хаан, бэлдсэн хэдэн асуултаа хойш тавиад буурал найрагчийг тэртээх ертөнцөд нь үлдээхийг хүсэв. Бэлдсэн асуултууд минь ихэвчлэн орчин үеийн утга зохиол хийгээд, өөрийн уран бүтээл, ном зохиолын сонин сайхны тухай тийм ч онц биш зүйлс байсныг ярилцлагынхаа эхэнд өгүүлье. Харин П.Бадарч гуай түүнээс ч илүү үнэ цэнэтэй, ховор нандин түүхийг өгүүлсэн нь үнэлж баршгүй олз биз ээ.


-Та сайхан хаваржиж байна уу? Таныг өмнө нь Төрийн шагнал горилж “Есөн эрдэнийн орон” найраглалаараа гурван удаа нэр дэвшиж байж сая хүртлээ гэлцэж байна. Нэг бүтээлээрээ л нэр дэвшээд байсан хэрэг үү?

-Манай нэрт найрагч Д.Пүрэвдорж л гэхэд Төрийн шагналд таван удаа нэр дэвшиж байж зургаа дахь дээрээ хүртсэн. Би “Есөн эрдэнийн орон” найраглалаар гурав биш хоёр удаа нэр дэвшиж, сая гурав дахь дээрээ Төрийн соёрхолт хүртлээ. “Есөн эрдэнийн орон” найраглалаа залуудаа бичиж, бичсэнийхээ дараа цэрэгт явах болов. Тухайн үед Ш.Дулмаа маань “Үнэн” сонины утга зохиолыг нь хариуцсан редактор байсан учраас миний энэ найраглалыг сониндоо нэг тавиарай, Зохиолчдын хороонд шилдэг зохиолуудын бүртгэл хийж байгаа учраас сонинд гарсан эхийг нь өгчихөөрэй би уралдаанд оролцох гэж  байгаа юм гэсэн. Тэр үед Ш.Дулмаа маань инээгээд сонин нэртэй найраглал байна гэж байсан сан.

-Та “Есөн эрдэнийн орон” найраглалыг бичсэн түүхээсээ хуваалцаач?

-Намайг 1956 онд оюутан байхад монголч эрдэмтдийн анхдугаар хурал Монгол Улсад болж, хуралд ирсэн монголч эрдэмтэдээс есөн эрдэнийн тухай бичсэн хэд хэдэн ном олж үзсэн юм. Удалгүй хуралдаанд оролцсон өнөөх эрдэмтэд яваад өглөө. Би ч “Утга зохиол, урлаг” сонинд хувиарлагдаж зураачаар ажиллаж эхэлсэн. Гэтэл манай сонины редакциар Я.Цэвэл гуай ороод ирэхээр нь есөн эрдэнэд юу, юу ордог юм бэ гэж асуулаа. Я.Цэвэл гуай ч цаас аваад хуучин монгол бичгээр алт, мөнгө, шүр, сувд, оюу, номин, тана, зэс, ган гээд есөн эрдэнийг бичиж өгсөн юм. Есөн эрдэнэ байдаг гэдгийг анх удаа тэр номоос мэдсэнээс хойш Я.Цэвэл гуайн бичиж өгсөнийг хадгалж явсаар сүүлд Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярт зориулсан уралдаанд “Есөн эрдэнийн орон” найраглалаа бичиж явуулсан. Тэр үед Д.Намдагийн “Цаг төрийн үймээн”, Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” зэрэг олон зохиолчдын шилдэг бүтээлүүд очсон байсан. Яруу найргаас л гэхэд Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд”, миний ”Есөн эрдэнийн орон” хоёр гуравдугаар байранд орж байсан түүхтэй. Мөн тэр жилүүдэд л Төрийн дээд шагналд анх удаагаа нэр дэвшиж байжээ. Ганцхан Я.Цэвэл гуай ч есөн эрдэнийг мэдэж байгаагүй юм билээ. Дээр үеийн монгол бичигтэй улсууд ихэнх нь мэддэг байсан. Монгол Улс 1944 онд шинэ үсэгтэй болсон.

-Нохой жилийн битүүнд “Есөн эрдэнийн орон” найраглалаараа Төрийн дээд шагнал хүртлээ. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Өмнө нь хоёр удаа нэр дэвшээд аваагүй байсан. Би тухайн үедээ юм бодоогүй л дээ. Залуухан ч байсан. Манай утга зохиолын томчууд чинь бүгдээрээ энх тунх байлаа. Тоохгүй л өнгөрдөг байж. Бидний үеийн залуучууд угаасаа ч тийм байсан. Тэгсэн сая нохой жилийн битүүнд танд “Монгол Улсын Төрийн соёрхолт” хүртээсэн байна гэх мэдээ дуулгасан. Нэг сонин юм нь Тамгын газраас эрэгтэй хүн утасдаад та ямар өнгийн дээлтэй ирэх вэ гэж асуув /инээв/. Хүүхдүүд маань ч таныг Төрийн шагналд нэр дэвшүүлж байгаа гэнэ, авах нь байна шүү гээд л байсан юм. Төрийн шагналд дэвшиж л байдаг юм ухааны юм бодоод нэг их тоосонгүй. Төрийн ордонд дуудахад нь л итгэсэн шүү. Нохой жилийн битүүний өдөр Төрийн ордны зүүн хаалгаар явж орсон. Ерөнхийлөгч Х.Баттулга намайг гэр өргөөндөө хүлээж авсан. Ингэхэд л сая үнэхээр Төрийн шагнал авч байгаадаа итгэсэн дээ. Сонирхуулахад, манай зохиолчдоос төрийн шагналыг гурван удаа хүртсэн нь Ц.Дамдинсүрэн гуай юм. Манай төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Х.Чойбалсангийн 50 жилийн ойд зориулсан ерөөл, Төрийн дуулал, Монголын нууц товчоог хятадаас шинэ монгол үсэгт буулгасан гэж гурван удаа хүртсэн байдаг юм.

ТӨРИЙН ШАГНАЛД ДЭВШИЖ Л БАЙДАГ УХААНЫ ЮМ БОДООД НЭГ ИХ ТООСОНГҮЙ

 

-Та залуудаа ихэвчлэн ямар ном уншдаг байв?

-Манай анги даасан багш маань орос хэлтэй байлаа. Сайн сурах юм бол та нарт би орос хэлнээс зохиол орчуулан уншиж өгнө шүү гэдэг байсан. Александр Пушкины зохиолыг яриулах гээд л хичээдэг байлаа. Залуудаа ихэвчлэн орос орчуулгын зохиолууд л түлхүү уншина. Орос ном дэлгүүрээр их зарагдана. Манай хөгшин номын дэлгүүрийн худалдагч байсан учир шинэ ном авчирна. Одоо бодоход орчуулгын зохиол илүү уншиж байхгүй яав даа гэж бодогдох өдөр байдаг л юм. Орчин үед маш их ном орчуулагддаг болж, сайн ч орчуулдаг болжээ. Залуучууд их унших хэрэгтэй.

-Утга зохиолын сэхээтнүүдээс та хэнтэй нь илүү ойр дотно байсан бэ?

-С.Эрдэнэ, Д.Пүрэвдоржоос эхлээд бүгдтэй нь л ойр явж ирсэн. Миний анзаарч ажигласнаар манай утга зохиолын зүтгэлтнүүд, нэртэй зохиолчид арав, арван жилийн завсартай л төрдөг юм байна. С.Эрдэнэ багш, Б.Явуухулан зэрэг том зохиолчид 1929 онд төрсөн байдаг. Талийгаач Ш.Сүрэнжав, С.Лочин, би зэрэг зохиолчид 1939 оных. Бүгд л Ардын уран зохиолч, Төрийн өндөр дээд шагналт, нийг­мийн том соён гэгээрүүлэгчид байсан. С.Эрдэнэ багш Эрүүл мэн­дийн яаманд сэтгүүлчээр ажиллаж байгаад “Цог” сэтгүүлд ирсэн хүн л дээ. Олон ч сайхан зохиолч, яруу найрагч нөхдүүдтэй нэгэн цагт бичиж, туурвиж явжээ.

-Та сүүлийн үед хэний зохиол бүтээлүүдийг түлхүү уншиж байна?

-С.Эрдэнэ багшийгаа л их унш­даг даа. Тухайн үедээ хамгийн алдартай зохиолч С.Эрдэнэ 70 насласан юм. Манай Б.Явуухулан маань ч их сайхан шүлгүүдтэй шүү дээ. С.Эрдэнэ багшийн зохиолыг уншихад дэндүү сайхан амттай байдаг. С.Эрдэнэ багшийг есөн настай байхад хоёр буутай цэрэг ирээд аавыг нь аваад явсан. Түүнээс хойш би эцгээ үзээгүй. Эцгээ санахын зовлон есөн настайд тохиож бүх насаараа аавыгаа санаж явсан гэж сүүлд намтар зохиолд нь бичсэн байсныг би уншсан. Эмэгтэй хүний их сайхан дүр гаргадаг, бичгийн мундаг хүн байсан. Өөрөө хэлмэгдээгүй ч эцэг нь хэлмэгдэж, есөн настай өнчин хоцорсон хүний сэтгэл зүрхэнд их юм хуралдана шүү дээ. С.Эрдэнэ багшийг 2000 онд оршуулахад нь би очсон. Одоо ч би багшийгаа их санадаг л юм.

-“Есөн эрдэнийн орон”, “Эхийн сэтгэл”, “Тэмээ” зэрэг ард түмний сэтгэлд зүрхэнд хоногшсон уран бүтээлээс илүү таны зүрх сэтгэлд хоногшсон ямар бүтээл байдаг вэ?

-Хил дээр л би ихэнх шүлгүүдээ бичсэн байдаг юм. Зохиолчдын хороонд мэргэжлийн зохиолчоор сар гаруйтай л ажиллаж байтал Цэргийн дуу, бүжгийн чуулгын уран сайхны удирдагч Д.Бадарч намайг Утга зохиолын эрхлэгчээр ажиллах санал тавьж би тэр газар 15 жил ажилласан. Яруу найргийн томоохон бүтээлээс гэвэл гурван дуурийн цомнол, хэдэн найраглал байна даа. Л.Түдэвийн “Нүүдэл, суудал” романаар нэг бүлэгтэй дуурь бичсэн, хөгжмийн зохиолч Б.Шаравтай хамтарч “Чингис” дуурь бичсэн. “Чингис” дуурийг их ч ажил болж бичсэн дээ. Б.Шаравын маань ч анхны дуурь байсан шиг санагдаж байна. Энэ мэтээр хийж бүтээж явтал ардчилсан хувьсгал ч яллаа. Зохиолчдын хорооны дарга Д.Нямаа болсон. Тэгээд би эргэж Зохиолчдын хороондоо ирээд таван жил ажиллаад тэтгэвэртээ гарсан.

-Таны ”Есөн эрдэнийн орон” найраглал их сайхан дуу болсон байдаг төдийгүй хөшөө ч босгосон санагдана?

-Тийм ээ. “Есөн эрдэнийн орон” шүлгээр их сайхан дуу хийсэн, залуу­чууд дуулж л байдаг. Төрсөн нутаг, манай сумын удирдлагууд өнгөрөгч зун намайг урьсан юм. Учир нь “Есөн эрдэнийн орон” най­раг­лалаар маш сайхан хөшөө босгож, нээлтэд оролцохыг урьсан хэрэг л дээ.

-Та дээр С.Эрдэнэ зохиолч өөрөө хэлмэгдэж байгаагүй ч аавыг нь хэлмэгдүүлсэн гэлээ. Манай зохиолчдоос хэлмэгдсэн хүн цөөнгүй байдаг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Сүүлийн үед хэлмэгдэж байсан Монголын том сэхээтнүүдийн тухай нэг их ярихаа больж дээ. Уг нь энэ гашуун түүхийг хэн ч мартах учиргүй юм. Манай утга зохиолын нэртэй зүтгэлтнүүд, бичгийн том­чууд их хэлмэгдэж байсан. Их зохиолч Д.Нацагдоржоос эхлээд С.Буяннэмэх, Д.Намдаг, Р.Чойном тэргүүтэй хүмүүс хэлмэгдсэн байдаг. Бид бол харьцангуй сүүл үеийн хүмүүс учраас хэлмэгдүүлэлт гэдэг зүйлийг тэгтлээ мэдэрсэнгүй. Одоо харин энэ талаар их бодогддог болж байна. “Есөн эрдэнийн орон” найраглалыг ийм том шагнал хүртэнэ гэж бодож байгаа ч үгүй юм. Сэтгэл өндөр байгаагаа ч нэг их ярьсангүй.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.46) 2019 оны 03 сарын 16

Зөнөж байгаа юм байна даа, зайлуул, энэ хүн. Шүлэг яруу найраг гэдэг бол улс орны хөгжил дэвшилд нэмрээр бага ч яг ч МАН-н албан тушаалын зэрэг цол биш шүү дээ. Ардын авчихаад бүх хүнд шууд хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн социализмын үеийн гэнэн итгэл тархинаас нь салж өгөхгүй байна. Зэрэг цолыг хэн ч, яаж ч, хэдийд ч авч болно гэдгийг Лхагвасүрэнгийн амьдрал харуулж байна. Харин бичсэн шүлгийг нь хэрхэн аяж үнэлэх нь өнө мөнхөд уншигчийн эрх шүү дээ. Үүнийг социализмын төлөвлөгөөний эхлэн бичигчид ойлгохгүй явсаар шороон дор орох тавьлантайг бэлээхэн эндээс харж болж байна.

0  |  1
Иргэн (202.179.27.30) 2019 оны 03 сарын 15

Яасан муухан юм бэ. Хир хэмжээ нь юм байх даа. Уг нь Бадарч гуай их л сайхан ярьсан байх учиртай. Боловсруулалт гэж нэг юм байдаг юмсан.

0  |  0
Top