Өнгөрөгч сарын сүүлээр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-ын XX их хурал болж, ерөнхийлөгчөө сонгон, шинэ зохион байгуулалтад орсон билээ. Танхимын ерөнхийлөгчийг сонгох сунгаанд гишүүдийн олонхийн саналаар “UFC” группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин сонгогдсон нь “Эдийн засаг, бизнесийн бодлого тодорхойлох салбарт шинэ үе гарч ирлээ” хэмээх дүгнэлтэд хүргээд буй. О.Амартүвшин МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш анх удаа "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-д ярилцлага өглөө.
-МҮХАҮТ-ын ерөнхийлөгч ажлаа юунаас эхлэх вэ. Ямар ажлууд төлөвлөж байна?
-Надад итгэл үзүүлж МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгосон гишүүддээ талархал илэрхийлье. Ажиллаж байгаа хүмүүсийнхээ хийж ирсэн ажилтай танилцаж, тэднийхээ санаа, оноог сонсъё. Гишүүн байгууллагуудтай уулзаж, ярилцаж, хэлэлцүүлэг зохион байгуулъя. Эндээс аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудал бодитой гарч ирэх байх. Түүний дараагаар тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдэх арга замаа тодорхойлж таарна. Бусад холбоодтойгоо уулзана. Бодлогын хувьд зайлшгүй хэд хэдэн өөрчлөлт хийх хэрэгтэй. Бүх бизнес эрхлэгчид танхимын гишүүн болох ёстой. Бүгд дор дороо, салбар салбараараа хуваагддаг байж болохгүй. Танхимынхаа үйл ажиллагааг хүчтэй, нэгдмэл болгохын тулд танхимтай холбоотой хууль эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай. Мөн гадаад хамтын ажиллагааг сайжруулах нь чухал. Гадаадын зарим орны сайн танхимуудын туршлагыг нэвтрүүлэх шаардлага байна. Тэгж байж, бизнес эрхлэгчид нэгдэж, дуу хоолойгоо төр засагтаа хүргэх чадамжтай болно.
-Өнгөрсөн дөрвөн жил МҮХАҮТ хэр хэмжээнд ажилласан гэж та дүгнэдэг вэ?
- Улсад бүртгэлтэй 150 мянга гаруй компани, аж ахуй нэгж бий. Түүнээс үйл ажиллагаа явуулж байгаа 40 мянга орчим байгууллага байдаг. Хөдөө орон нутагт танхимд бүртгэлтэй 2000 орчим, Улаанбаатар хотод 1000 орчим компани бий. Энэ тоо бол нийт үйл ажиллагаа явуулж буй компаниудтай харьцуулахад дэндүү бага төлөөлөл. Гишүүнчлэлийн тоо нэмэгдэхгүй, гишүүд идэвхгүй явж ирсэн нь танхимын явуулж буй үйл ажиллагаа тэдэнд хүрэхгүй байна гэсэн үг шүү дээ. Бизнес эрхлэгчдэдээ дэм тус болохгүй, төрийн ямар нэгэн дарамт шахалтаас хамгаалж чадахгүй байгаатай холбоотой. Тийм учраас гишүүд танхимын үйл ажиллагаанд оролцдоггүй. Танхим бүхэлдээ үйл ажиллагааны шинэчлэл хийгээд зөв үлгэр дууриалал, нийгэмд манлайлал үзүүлээд ирэх юм бол тэртэй тэргүй идэвхи сэргэж гишүүдийн тоо нэмэгдэх болно. Компаниудын гишүүнчлэлийн асуудлыг албан ёсны болгох ёстой. Сая болж өнгөрсөн их хурлыг анзаарахад бизнесийнхэн өмнө байгаагүй олноороо оролцсон. Бизнесийн орчныг сайжруулах, төрийн дарамтыг бууруулахын тулд нэгдэх ёстой гэдгийг бизнес эрхлэгчид маань ойлгосон байх. Тэдний хүлээлт өндөр байсан. Танхимыг шинэчилсэн шиг шинэчлээд, бизнес эрхлэгчдийн дуу хоолой болсон шиг болдог танхимыг хүсч байна. Монголын бизнесийн орчин сайнгүй байна. Гадаадын байгууллагын судалгаагаар бизнесийн орчин өнгөрсөн дөрвөн жилтэй харьцуулахад 10 гаруй байраар ухарч 59-өөс 74 дүгээр байрт орсон. Тэгэхээр юунаас болж бизнесийн орчин муудав гэдгийг тодорхойлж, нэн даруй бизнесийн таатай орчин бий болгохын төлөө ажиллах шаардлагатай байна.
-Татварын багц хуулийг УИХ хэлэлцэх гэж байна. Бизнес эрхлэгчдийг дэмжсэн бусад хуулиуд ч яригдаж байгаа. ямар заалтыг оруулах нь зүйтэй вэ?
-Одоо яригдаж буй Татварын хууль, Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, бизнесийн орчныг сайжруулахад ихээхэн дэм болохуйц хуулиуд юм. Танхим төр, бизнес эрхлэгчдийн гүүр байгууллагын хувьд гишүүдийнхээ саналыг хуульд тусгахын төлөө хичээж ажиллах ёстой. Төрд байгаа зарим үйлчилгээг авах, төрөөс бизнесийн салбарт ирдэг дарамт, хүнд суртал аль болох багасах нь чухал байна.
Эдгээр хуулийн төсөлд бизнес эрхлэгчдийг дэмжсэн сайн заалтууд тусгагдсан. Тухайлбал, 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалттай аж ахуй нэгжид татварын 90 хувийг буцааж олгохоор тусгасан. Энэ бол жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн маш сайн бодлого. Орлогын хэмжээнээс хамааран тайлан мэдүүлэх давтамж багассан. Татварын шатлал буюу татвар ноогдуулах орлого гурван тэрбумаас дээш бол 25 хувь гэсэн хуучин заалтыг хамгийн багадаа зургаан тэрбум болгож нэмэгдүүлэх ёстой. Учир нь валютын ханш болон инфляцийн өсөлттэй үүнийг уялдуулах шаардлагатай. Компаниудын өсөж томрох боломж бололцоог хангах нь улс орны эдийн засагт ач холбогдолтой. Энэ хаврын чуулганы хугацаанд багтаан хэлэлцэх байх. Энэ хүртэл бид маш хурдтай ажиллах шаардлага байна. Гишүүн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохиож, яавал илүү сайн хууль гарах вэ гэдэг дээр санал бодлыг нь тусгаж яаралтай хууль санаачлагчдад уламжилж ажиллах хэрэгтэй байна.
-Та МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшихдээ танхимыг судалгаа, шинжилгээний байгууллага болгоно гэдгээ илэрхийлсэн нь анхаарал татсан?
-Монголын эдийн засаг, зах зээлийн судалгааг иж бүрнээр нь тогтмол хийдэг байгууллага өнөөдөр байхгүй. Төр зах зээлийн судалгаа хийж мэддэггүй. Хувийн хэвшил өөрийн зардлаар санхүүжүүлээд судалгаа хийнэ гэхээр мөн зардал мөнгө талаасаа тогтвортой байж чаддаггүй. Аль нэг төрийн бус байгууллага ч энэ төрлийн судалгаа шинжилгээг хийх нь хэцүү. Зах зээлийн судалгаа орхигдсон. Төр маш олон том төсөл хэрэгжүүлдэг. Яг хувийн хэвшлийг оролцуулсан судалгаатай зүйл байдаггүй. Эдийн засаг, зах зээлийн судалгааг бид хийхгүйгээр бизнесийн орчныг хөгжүүлнэ, бизнесийн салбарт шинэ бүтээгдэхүүн бий болгоно гэж ярих боломжгүй юм. Тэгэхээр МҮХАҮТ нь эдийн засгийн суурь судалгааны институц болох ёстой. Төрөөс төсөл хөтөлбөр, хууль батлан хэлэлцэхэд эдийн засаг талаасаа танхим оролцдог, судалгаа шинжилгээг нь танилцуулдаг, эдийн засгийн үр ашиг, хувилбар гарцуудыг нь санал болгодог байх болно. Дэлхийн улс орнуудад ихэнх танхимууд төрдөө нөлөөлдөг. Эдийн засаг, бизнесийн байгууллагатай холбоотой хуулийг батлахдаа танхимын дэмжлэг, судалгааг авч байж батлуулдаг жишиг бий. Бид судалгааг ул суурьтай хийнэ. Түүнээс төр бизнес эрхлэгчдээ сонсохгүйгээр дураараа шийд гаргадаг байж болохгүй. Хэрэв тийм байх юм бол улс орныхоо эдийн засаг, хөгжлийг хойш нь татна. Эцсийн дүндээ төр, танхим хоёр нэг зоосны хоёр тал шүү дээ. Биенээ зөв нөхөж, хамтарч урагшилдаг байх хэрэгтэй. Төр ямар ч тооцоо судалгаагүй, тухайн үеийнхээ эмоциор эсвэл сонгогчдод таалагдах гэсэн улс төрийн өнцгөөр шийдэж болохгүй.
Бизнес эрхлэгчид хүчээ нэгтгэж төртэйгээ ойлголцдог, тэмцэж чаддаг байх ёстой
-Бизнес эрхлэгчдэд төр дарамт учруулж байна гэж ярьцгаадаг. Яаж төрийн дарамтаас гарах ёстой юм бэ?
-Төр гэдэг чинь иргэдийнхээ улс орныхоо амьдралыг өөд татах гэж амлалт өгч сонгогдож байгаа хэсэг бүлэг, нам эвсэл шүү дээ. Тэдний хийх үйлдэл нь иргэдийнхээ, бизнес эрхлэгчдийнхээ сайн сайхны төлөө байнга шийдвэр гаргах ёстой. Гэтэл эсрэгээрээ албан тушаалаа ашиглаад хянаж шалгах, хааж боох, айлгаж ичээх асуудал газар авч болохгүй. Бизнес эрхлэгчдийнхээ асуудлыг шийдэхийн төлөө төртэй ажиллах, өмнөөс нь хөөцөлдөх ажлыг танхим хийдэг байх нь чухал. Бид энэ зорилгоо ойлгож, хамтарч чадвал төрийн дарамт шахалтыг хазаарлах хүчтэй байж, төрд нөлөөлнө.
Танхим шиг 3000 гишүүнтэй төрийн бус байгууллага Монголд байхгүй шүү дээ. Иймд бизнесийн эрх ашгийг хамгаалсан, хувийн хэвшлийг дэмжсэн, бодлогын өмгөөллийг үзүүлж чаддаг байгууллага болох шаардлагатай. Нэгдэн нийлж, төрдөө нөлөөлж, төрөөс шалгаруулдаг тендер, концесс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээл олголт зэрэгт танхим оролцож нөлөөлдөг болох ёстой. Тийм боломж нь бий. Төр дангаараа тендер шалгаруулдаг байж болохгүй. Гадны орнуудад бол тендерийн шалгаруулалтыг мэргэжлийн холбоод нь тодорхой оролцоотой явуулдаг байх жишээтэй.
-Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих сангийн мөнгө эздэдээ очиж чадахгүй байна. Энэ зээлийг төр эздэд нь шударгаар өгдөг болох ёстой. Танхимын хувьд жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд одоо ямар тодорхой арга хэмжээ санал болгох вэ?
-Төр аливаа зүйлийг ганцаараа төгс сайн хийх боломжгүй. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж үг байдаг. Хэдийгээр зээлийн зорилго нь ЖДҮ-ийг дэмжих, улмаар ажлын байрыг нэмэгдүүлэх гэсэн нь зөв хэдий ч түүний шалгаруулалт болоод олголт нь хэсэг бүлэг хүмүүс, албан тушаалтнуудын эрх ашгаас хамааран хүрэх ёстой зорилтот хэсэгтээ очиж чадсангүй. Хаврын чуулганаар ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн төсөл хэлэлцэгдэнэ. Энэ хуульд танхимын зүгээс саналаа тусгуулах талд нэлээд анхаарч ажиллаж байгаа. Жишээлбэл, сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй болгох, үүнд танхим болон бусад хувийн хэвшлийг төлөөлсөн төрийн бус байгууллагууд оролцдог болгох, үнэлэлт дүгнэлт өгдөг байх хэрэгтэй.
Төслүүдийг бодитой хэрэгжүүлэхэд зах зээлийн суурь нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгдөг байх нь тухайн зээл бодит бизнес болж үр өгөөжөө өгдөг болох ихээхэн тустай. Иймд ЖДҮ-ийн зээлийг хэрхэн зөв зарцуулах, суурь судалгаагаа зөв хийх, техник эдийн засгийн үндэслэлээ зөв гаргах, төслөө бодитой бичих болон дараа нь хэрхэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд танилцуулж амжилттай борлуулах зэрэгт танхим болон мэргэжлийн холбоод нь хууль эрх зүй, сургалт зөвлөгөө болон туслалцаа үзүүлдэг байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Эдгээрийг хуульд тусгах нь эцсийн дүндээ тус хуулийн хэрэгжилт бодит үр дүнгээ өгөх, зорилго нь амжилттай хэрэгжихэд тус болох, энэхүү зээлд хамрагдах бизнес эрхлэгчдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд ихээхэн чухал үүрэг болох учиртай.
-Банкны бизнесийн зээлийн хүү өндөр. Бизнесийн зээлийн хүүг бууруулах талаар Засгийн газар, Монголбанк, арилжааны банкуудтай яаж хамтран ажиллах вэ?
-Банкны зээлийн хүү өндөр байгаатай бүгд л санал нэгтэй байгаа. Жилийн 20-иос дээш хувийн хүүтэй зээлтэй ажиллах нь бизнес эрхлэгчдэд учирч буй хамгийн том саад бэрхшээл. Гэхдээ нөгөө талдаа зээлийн хүү нь инфляци, эдийн засгийн тогтвортой байдал, хадгаламжийн хүү болон валютын ханшийн өсөлт зэрэг хүчин зүйлстэй уялдаж тогтдог зүйл. Эдгээр хүчин зүйлс зөв, тогтвортой байх, Засгийн газар, Монголбанкны үйл ажиллагаа болон тэдгээрийн хоорондын зөв уялдаа холбооноос хамааралтай. Гадаад худалдааны тэнцэл ашигтай, гол нэрийн түүхий эд материалын экспорт нэмэгдэж байгаа болон ханш нь дэлхийн зах зээлд өсөлттэй байгаа нь ДНБ-ний өсөлт болон валютын нөөц зэрэг эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг ихээхэн сайжруулж буй. Эндээс харахад банкууд зээлийн хүүгээ бууруулах бололцоо бий болж байгаа. Үүн дээр нэмээд банк санхүүгийн зах зээлийг гадны банкуудын өмнө тодорхой хэмжээнд нээж өгөх ёстой. Өрсөлдөөнийг бий болгож дэмжих учиртай. Энэ нь зээлийн хүүг бууруулахаас гадна давхар гадны хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах гээд олон талын ач холбогдолтой. Эцэст нь хэдэн банкны ашиг орлогоос илүүтэй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх нь улс орны эдийн засгийн суурийг тэлж томруулахад ихээхэн ач холбогдолтой.
Нэгдэж нийлж, асуудлаа зөв гаргаж ирж, тэр тусмаа бизнесийн хамгийн том бодлогын өмгөөлөгч танхимаараа дамжуулж засч залруулах, төрд хүргүүлж шийдвэрлүүлэх нь хамгийн эрүүл бөгөөд зөв гарц юм.
-Та бизнесийг авлигаас чөлөөлнө гэдгээ илэрхийлсэн. Улс төрийн зорилгоор бизнесийнхнийг сүрдүүлдэг, цагдан хорьдог, эргээд их хэмжээний мөнгө авдаг явдал байгаа нь ил боллоо. Та ч бас томоохон бизнес эрхлэгч. Ийм дарамт байдаг эсэх, байдаг бол яаж үүнийг сөрөх вэ?
-Өнөөдөр бид бүхэлдээ системийн хямралд орчихоод байна. Хэн нэгнийг буруутгах биш ийм нийтлэг тохиолдох системийн алдааг хамтдаа ярьж хэлэлцэн зөв гарцыг бий болгох нь төр хувийн хэвшлийн гүүр байгууллага танхимын нэг чухал үүрэг юм. Бизнес эрхлэгчид хүссэндээ хэн нэгэнд авилга өгөөд байдаг юм биш. Барилга бүтээн байгуулалт, уул уурхай зэрэг салбарын бизнесийн цикл улирлын шинж чанартай богинохон байдаг. Энэ хугацаандаа амжуулж тэр олон зөвшөөрөл авч ажлаа эхлүүлэх нь хүндрэлтэй. Цаг хугацаа алдах нь хамгийн том зардал болон эрсдэл болдог. Үүнийгээ шийдүүлэх гэж дор бүрнээ хөөцөлдөж, улмаар ашиг сонирхол болоод авилгын асуудал болж хувирдаг. Хэрэв төрийн үйлчилгээ ил тод, шуурхай, хүнд сурталгүй байдаг бол ийм зүйл болохгүй. Хэн нэг бизнес эрхлэгч ганцаараа эсвэл хэсэг бүлгээрээ ийм хүндрэлийг шийдэх гэж оролдох нь өөрсдийг нь хуулийн өмнө буруутан болгож байна. Үүнийг нэгдэж нийлж, асуудлаа зөв гаргаж ирж, тэр тусмаа бизнесийн хамгийн том бодлогын өмгөөлөгч танхимаараа дамжуулж засч залруулах, төрд хүргүүлж шийдвэрлүүлэх нь хамгийн эрүүл бөгөөд зөв гарц юм.
-Барилгын салбар сүүлийн жилүүдэд уналттай байна. Барилгын салбарын бизнесийн орчин, эдийн засгийн урсгалыг хэрхэн сайжруулах вэ?
-Ипотекийн зээлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ипотекийн зээл рүү төрөөс төдийлөн мөнгө нэмж хийхгүй байна. Өмнө нь боломжийн хэмжээгээр төрөөс санхүүжилт хийдэг байсан. Зээлийн эргэн төлөлт сайн байгаа ч эргэн төлөгдсөн мөнгөний ихэнх нь банкны ашиг болж үлдээд байдаг. Иргэн зээлээ төлөхөд үндсэн зээлээс нь бага хасагддаг. Зээлийн хүүндээ ихэнх төлөлт нь хийгдчихдэг. Тэгэхээр бүхэлдээ эдийн засгийн эрүүл урсгалаа боомилчихоод байна. Ипотекийн зээл бол хамгийн найдвартай эргэн төлөлттэй зээл. Худалдан авах эрэлт хэрэгцээ хангалттай их бий. Иргэдийн 20 гаруй хувь нь орон сууцанд амьдарч байна. Гэтэл бүгд сайн чанарын орон сууцанд амьдрах хэрэгцээ нь байна. Утаа, агаарын бохирдлыг бууруулах талаас нь харсан ч орон сууцжуулах хэрэгцээ шаардлага бий. Монголбанк, банкууд, барилгын холбооныхонтой нийлж, энэ асуудлыг шийдэх гарцаа хайх нь зүйтэй байх. Гарц гаргалгааг шийдэх ёстой.
-Та намын гишүүнчлэлтэй байна уу?
-Намын гишүүнчлэлтэй. Бид сая их хурлаараа дүрмэндээ танхимыг удирдаж байгаа хүн намын гишүүнчлэлгүй байх нь зүйтэй гэдэг заалтыг нэмж оруулах гэсэн. Гэтэл төлөөлөгчдийн олонх хүлээж аваагүй. Намын гишүүн байх нь хүний эрхийн асуудал гээд дэмжээгүй. Олонхийн саналаар энэ заалтыг унагасан.
ЭХ СУРВАЛЖ:
Сэтгэгдэл ( 8 )
Зээлийн эргэн төлөлт банкны ашиг болохгүй ээ. Төлсөн хүү нь ашиг болно. Үндсэн зээлийн эргэн төлөлт нь дараагийн зээлдэгчийн санхүүжилтийн эх үүсвэр болох учиртай. Харин банкууд хүүгээ түлхүү урьдчилан авч ашиг их гаргах сонирхолтой.
Бизнес эрхлэгчдийн хамгийн том төлөөлөл болсон энэ хүн өмнөх ерөнхийлөгчийнхөө л адил засагт тал засч сайн сайхан татварын хууль болж байгаа хэмээн донгодож. Хөөрхий, хөөрхөн ч амьтан бол доо.
Баяр хүргэе. Ямар ч байсан Лхагважав гэгч албан тушаал, алт мөнгийн төлөө нэг намаас нөгөөд биеэ худалдаж явдаг урвайсан муу шар шувуунаас л дээр байхаа.
Монгоын бүх миссүүдтэй явалддаг амьтан биз дээ