Тэнгисийн усны түвшин нэмэгдэж, хөршүүд нь эх газар руу дүрвэсэн хэдий ч Тайландын сүмийн хамба лам Сомнюк Атипанё бусдыг даган газар нутгаа орхиж яваагүйгээр барахгүй өнөөдөр хөрсний эвдрэлд хамгийн ихээр өртөж буй тэнгисийн эргийг сэргээхийн төлөөх тэмцлийн бэлгэ тэмдэг болжээ.
Уур амьсгалын өөрчлөлт, газар тариалан, хотжилт хүч хавсран байгаль орчинд үнэ цэнэтэй мангро модыг үгүй хийж, Сомнюкийн болон хөршүүдийнх нь гэрийг усанд автуулж, Тайландын буланд аюул учруулж байна. Тэнгисийн ус “давшиж” эхэлснээс хойших 30 жилийн хугацаанд Самут Чин загасчдын тосгоны оршин суугчдын ихэнх нь эх газар руу нүүжээ. “Хөвдөг сүм” гэх нэрээр алдаршсан сүмийнхээ дэргэд зогсон 51 настай хамба лам тэнгисийн зүг заан, нэгэн цагт тэнд сургууль байсан гэх. Манай сүм тосгоны төвд байрладаг байсан хэмээн тэрбээр дурсана.
Өнөөдөр энэ сүмийг жижиг гүүр эх газартай холбоно. Цагтаа эргийг мангро модны ой хамгаалдаг байсан. Мангро модны бат бөх үндэс эргийн хөрсийг эвдрэлээс хамгаалдаг байгалийн хамгаалагч юм. Гэвч сам хорхой, давсны фермийн аж ахуй хөгжиж, олон тооны байшин, зочид буудал баригдсаны үрээр тэдгээр мод их хэмжээгээр устан үгүй болжээ. 1961-2000 оны хооронд Тайланд улсын мангро ойн гуравны нэг нь устаж үгүй болжээ.
Уур амьсгалын өөрчлөлт үр нөлөөгөө үзүүлсээр: хүчтэй давалгаа, догшин далайн хар шуурга Тайландын булангийн мангро модыг газрын хөрснөөс арчижээ.
Давалгаа, урсгал улам бүр хүчтэй болж байна. Ази болон Каспийн эрэг хөрсний эвдрэлд хамгийн ихээр өртөж буйг судалгаа харуулжээ.
Энэ бол дэлхийн хэмжээний асуудал яах аргагүй мөн. Учир нь эргийн хөрсний эвдрэлээс болж хэдэн арван мянган кв. км газар усан дор орж, үгүй болж байна. 1984-өөс 2015 оны хооронд Гаити улсын газар нутагтай тэнцэхүйц хуурай газар усанд автжээ. Тайланд улсад гэхэд тус улсын 700 км орчим эрэг хөрсний эвдрэлд өртжээ.
Тиймээс өнөө цагт сайн дураар мод тарих кампанит ажил өрнүүлэх замаар мангро модны экосистемийг сэргээх асуудал улам бүр ач холбогдолтой болж байна. Саяхан хэсэг хүмүүс өдөржин цээжээр татсан усанд мангро мод суулгасан байна. Энэ төслийг “Хүмүүсийн зүрх сэтгэлийг ойжуулах нь” гэж нэрийджээ. 2016 оноос хэрэгжүүлж буй энэ төслийн хүрээнд 84 га талбайд мангро мод суулгасан аж.
Арав орчим жилийн өмнө засгийн газрын зүгээс Самут Чин тосгонд мангро мод тарих ажил өрнүүлсэн ч зарим газрыг сэргээхэд хэт оройтсон байв. Олон тооны мангро тарьсан ч нэмэргүй болсон байжээ. Эргийн хөрсний эвдрэлтэй тэмцэх өөр нэг арга нь эрэг дээр цементэн тулгуур босгох явдал гэнэ. Үүгээр мангро модны үндсийг орлуулж байгаа хэрэг. Одоогоор энэхүү туршлагыг аялал жуулчлалын Паттая хотод амжилттай нэвтрүүлсэн байна. Сомнюкийн сүмийн хувьд ойр орчмынх нь хөрсний эвдрэлийг зогсоож чадсан бөгөөд сүм дахин хуурай газар дахь хучин бууриндаа эргэн суурьшина гэсэн бага ч гэсэн найдвар бий болжээ. Нөгөө талаас байгалийн энэхүү уршигт үзэгдэл тус сүмд давуу тал болжээ. Учир нь “хөвдөг сүмийг” үзэх хүсэлтэй жуулчид олноор зорих болсон гэнэ. Эрэгний хөрсний эвдрэлтэй хийж буй тэмцэл нь тус сүмийг алдартай болгосон гэж тосгоныхон ярьж байна.
Сэтгэгдэл ( 0 )