"ТАМ ГЭЖ БИ ЮМ. ТАС АНЬСАН НҮД ЮМ"
Хэзээ нэгэн цагт би хаа нэгтээгээс зайлшгүй ирэх ёстой далд зөн агуулсан холын тэр дуудлагыг хүлээхээ мэдсэн бол түүнээс емнө үхэж үрэгдэх минь яалаа гэх гаслант бодол эрхгүй төрнө. Зүүдэнд орооцолдсон хэт улаан дүрснүүдийн дунд удтал хервөөн тарчлаад сэрэхэд өөдөөс нүд гялбам нарны туяа угтах авч сэтгэлийн гүнд нэгэнт бүрэлдсэн тэдгээр дүрснүүдийг арчиж үл дийлэх мөхөс ажээ. Тэгээд л би хаа нэгтээх орон зайд надаас нуугдан буй бурхдын эрэлд гарсан санагдана. Тэр эрэл одоо ч үргэлжилсээр. Эрлийн үзүүрт юу байгаа нь бүдэг. Бүдэг байна гэдэг нь тодорхой бусын эхлэл бөгөөд бүх юмны эх сурвалж мэт.
Нэг удаа би өөртөө ийм асуулт тавьсан юм.
-Юуг ялгаж харах ёстой вэ? Тэгээд өөрөө хариулсан нь:
-Нэг л юмыг...
-Чухам яг юуг?
Энэ асуултдаа би хариулж чадаагүй явна. Сэтгэлийг бүтээхдээ тэнгэр бурхад юун тухай бодож байсныг би хэлж эс мэднэ... /"Аниргүй там" номоос/
Уран зохиолын эсээнээс бүрдэх "Аниргүй там" номыг зэрвэс уншаад өнгөрч боломгүй мэт санагдана. Энэ бол надад зэрвэсхэн сөхөж харахад төрсөн бодол. Туйлын гутранги үзлээс төрсөн бодол, мэдрэмжийн хэлхээсүүд сүлэлдэн "Аниргүй там"-ыг бүтээсэн мэт боловч нөгөө талаар амьдралд хамгийн хайртай нэгний үгс мэт. Ингээд зохиолч, яруу найрагч М.Уянсүхийн "Аниргүй там" номоос онцлох 10 эшлэлийг хүргэж байна.
1
Шувуудын эрх чөлөө надад нэг бодлын хязгааргүй тэмүүлэл, нөгөө бодоход түүнийг хорьж байгаа бүх юм шиг санагддаг юм. /"Шувууд" эсээ/
2
Амьдрал ялалтаар дүүрэн ч анхны ялалт хамгаас үнэтэй нь. /"Галуут тойром" эсээ/
3
Он жилүүдийн эргэлт тойрог хэлбэртэй. Тиймээс дэлхий өөрийгөө, бас нарыг тойрон эргэж байгаа юм. Бүх юмс тойрох хөдөлгөөнд оршдог. Тэр тойрог эхэлсэн цэгтээ буцаж ирж өөрийгөө тагнаад, тэндээсээ дахин эхэлнэ. Анхнаасаа тийм байсан. Хойшид ч тийм. Хэн ч, хаанаас ч тийм юм олохгүй. Олдож байгаа бүх юм хуучин. Тэглээ гээд гутарч болохгүй. Үнэнийг таньж, түүнд нэвтэрч, өөрөө өөртөө мөнхийн тайвшрал олох ёстой... /"Аниргүй там" эсээ/
4
Тэмтэрнэ гэдэг бол хүртэхүйн дээд чадамж. Тойм төдий байгаа юмсыг зөвхөн тэмтэрч хүртэж болно. Хамгийн гол нь тэмтэрсэн юмсынхаа мөн чанарыг таньж болно. Энэ бол балар эртнээс янагуух их мэргэдээс өвлөгдөж ирсэн танин мэдэхүйн гоц зам юм. Юугаар тэмтрэх нь гол биш. Яаж тэмтрэх вэ гэдэг л чухал. Энэ чухлыг хүмүүс тэр бүр эс мэдэх ажээ. /"Нүдэн доторх гэгээ" эсээ/
5
Хэн нэгний төлөө биш зөвхөн өөрийгөө аргацааж яваа намайг хүмүүс тэгж илүү үзэх нь зөв л дөө. Гэвч өөрийгөө аргацаахад хүртэл хэцүү болсон энэ цаг үе намайг тийм ч амгалан жаргалтай байлгасангүй билээ. Цаг үргэлж битүүлэг далдын түгшүүр. Зовлон шаналал. Би үүний төлөө л амьд яваа юм шиг үргэлжийн зовиур. Тэглээ гээд үхэж болдоггүйд хамаг учир байв. Хүн гэгч өөрийн хүсэл зоригоор үхэж чаддаггүй юм хойно. /"Цэнхэр хонгил" эсээ/
6
Нэг л өдөр би өндөр шатаар өгсөж чадахаа болино. Тэгээд уруудахыг хүснэ. Гэвч уруудаж буусан хойноо эргээд өгсөж чадахгүйд хүрвэл миний төгсгөл тэр болно. /"Цэнхэр хонгил" эсээ/
7
Өдөр ирэх тусам би шаналж байв. Шаналал минь гүнзгийрч ужиг өвчин болоход түүнийгээ би шүлэг болгож үзлээ. Хэнд ч хэрэггүй шүлэг. Зөвхөн надад л хэрэгтэй. Шүлэг бичсэний дараа амьдрал хэсэгхэн зуур утга учиртай мэт санагдана. Тэглээ гээд миний ужиг өвчтэй шүлгүүдийг хэн ч тоож уншсангүй бөгөөд энэ бүхний эцэст би хийх юмгүй үлдсэн билээ. /"Шидтэн" эсээ/
8
Хамгийн гол нь гайхамшиг гэгч нь энгийн зүйл байдаг. Өвс ногоо шиг. Үүл манан шиг. Уч мөрөн шиг. Харин гайхшрал гэдэг нь хүмүүсийн аливаад эргэлзсэн эргэлзээ. /"Аниргүй там" эсээ/
9
Орчлонгийн цор ганц үнэн бол зовлон. Зовлон өөрөө дуу, бүжиг, бас шүлэг юм. /"Аниргүй там" эсээ/
10
Олдмол авьяас бол хуурамч зүйл. /"Аниргүй там" эсээ/
Сэтгэгдэл ( 0 )