-Мод гэдэг амьтай учир яг л хүүхэд арчлахтай адилхан-
"Тэнгис" кино театрын урд Самбуугийн гудамжаар алхаж явахдаа тэгшхэн ургасан моддын нялх нахиаг сонжин харж, сонирхон өхөөрдөж явахдаа ирж яваа цагийн тухай, эрүүл сайхан ирээдүйн тухай зөн мэдрэмжээр зүрхээ бялхаан өнгөрөв. Нэг л харахад ногоорчихсон, нэг л мэдэхэд шарлачихсан байдаг моддын тухай нэвт шувт бодчихсон яваагийн учир нь байгалийн тэнцвэрт байдал буюу экологийн сайн жишиг эрэлхийлэх болсонд буй юм.
Нийслэл хотын цэцэрлэгжүүлэлтийн түүх1950 оноос эхлэлтэй. Төрийн тэргүүн Ю.Цэдэнбал агсны гэргий А.Филатова анх санаачлан удирдаж, Үндэсний хүүхдийн парк, Төрийн ордны арын цэцэрлэг, Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэг зэрэг нийслэлийн ногоон байгууламжуудын эхийг тавьсан гавьяатай. Зах зээлийн тогтолцоонд 1990 оноос шилжсэнээр ногоон байгууламж, хот тохижилтын асуудал 2010 хүртэл үндсэндээ 20 жил орхигдсон гэж мэргэжилтнүүд үздэг. Харин улсын эдийн засаг сайжирснаар 2010 оны үеэс хот тохижилт, ногоон байгууламжид төр засаг анхаарч, төсөв мөнгө шийдэх болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 14-ний өдрийг “Мод тарих Үндэсний өдөр” болгосноор энэ нь хүмүүсийн сэтгэхүйг өөрчилж эхэлсэн байна. Өмнө нь субботник маягаар ёс болгож нэг мод тариад орхичихдог байсан. Дээрх зарлиг гарснаас хойш долоон жилийн судалгааг харахад 16 удаагийн бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулсан бөгөөд нийт 1 сая 270 мянга гаруй иргэн 68.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 10.5 сая мод тарьсан байна. Тарьсан моддоос 7.8 сая нь ургаж, амьдралын хувь нь 75 хувьд хүрчээ.
Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг даргаар ажилласан 2012-2016 онд буй болсон нэг ахиц бий. Өмнө ногоон байгууламжийн арчилгааг орхигдуулж байсныг өөрчилж, таримлаа арчилж хамгаалахад санхүүжилт төсөвлөх болсон. Тэгвэл энэ жил Нийслэл хот тохижилт ногоон байгууламждаа 7,5 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Жил бүр ногоон байгууламж эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд тендер зарлаж цэцэрлэгжүүлэлтийн ажлаа гүйцэтгүүлдэг. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламж нь 98 мянган га газар бөгөөд, цэцэрлэгжсэн талбай нь 220 га газрыг хамардаг байна. Улаанбаатар хотын нэг хүнд ногдож байгаа ногоон байгууламж, цэцэрлэгжсэн талбайн хэмжээ өнөөдөр 2.4 ам.дөрвөлжин газар байгаа. Үүнийг зохих түвшин болох 5 метр кв-д хүргэхэд жил бүр төсөвлөж буй 7-8 тэрбум төгрөг хүрдэггүйг Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат хэлж байсан. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан “Хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө”-өөр өнөөдөр нийтийн эзэмшиж буй талбайн 27 хувийг арчилж байна. Ногоон байгууламжийг жилд ойролцоогоор 30-45 га-гаар нэмэгдүүлэхэд 20-30 тэрбум төгрөг шаардлагатай тооцоо гарчээ.
Агаарын бохирдлыг бууруулъя гэвэл хотыг цэцэрлэгжүүлэх шаардлагатай
Жилээс жилд нэмэгдэж буй агаар болон хөрсний бохирдол ард иргэдийн эрүүл мэндэд аюулын харанга дэлдэж буйг хэн бүхэн мэдэж байгаа. Манай улсад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын тогтолцооны өвчлөл эзэлж, Улаанбаатар хотын хүн амын дунд сүүлийн таван жилд бүртгэгдсэн амьсгалын тогтолцооны өвчлөлийн бүтэц, нас баралтын шалтгааныг авч үзэхэд эхний байранд уушгины хатгалгаа өвчин орж байгаа нь статистик тоон мэдээллээс харагдаж байна. Хэдийгээр уушгины хатгалгаа амархан эмчлэгддэг, хялбар аргаар сэргийлэх боломжтой боловч агаарын бохирдол, орчны нөхцөлөөс болж өнөөг хүртэл бага насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг байсаар байгаа нь үнэхээр эмзэглүүштэй. Агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын яндангаас, хөрсний бохирдлын 80 хувь нь жорлонгоос бөгөөд үүнээс гарах арга замыг олон талаар эрэлхийлж, иргэд нэгдэж бүлэг, хоршоо холбоод байгуулж тэмцэж эхэлсэн. Агаарын бохирдлыг органикаар буюу эко системийнхээ зүй тогтлоор бууруулья гэвэл мод бут тарих, хотыг цэцэрлэгжүүлэх алхам нэн түрүүнд шаардлагатай. Мод тарьсан газар хүчилтөрөгч ялгарч, амьтан ургамал, шавж өт хорхой өсч үржих таатай орчин бий болж байгаль тэнцвэрт байдлаа хадгалж байдаг. Иргэдэд байгаль орчны боловсрол, мод бут тарихын ач холбогдлыг таниулах зорилгоор нэгдэж байгаа мод үржүүлгийн салбарынхны улирал нь яг энэ өдрүүд.
Энэ өдрүүдэд Барилгачдын талбайд “бяцхан хүлэмжүүд” байгуулагдаад гурав дахь долоо хоногтойгоо золгож байгаа билээ. Жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгож зарласан. Энэ аяны хүрээнд Байгаль орчны яам, Чингэлтэй дүүргийн Засаг дарга санаачилга гарган Улаанбаатар хотод мод бут зардаг иргэдийг нэг дор төвлөрүүлээд сүүлийн зургаан жил уламжлал болгон үзэсгэлэн худалдаа явуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 20-оод аж ахуйн нэгж, 60-аад төрлийн мод бут, ургамал сөөг зарж байв.
Модоо суулгахаас нь өмнө нүхийг нь усаар дүүргэж, чийг нь хөрсөнд шингэтэл хүлээх хэрэгтэй
Барилгачдын талбайд нээгдсэн үзэсгэлэн худалдаа руу ороход ой модны сэнгэнэсэн үнэр хамар руу сэнхийж, цээж дүүрэм шуналтайхан амьсгалав. “Ойн хүү”, “Хар интоор”, “Соёолж”, “Төгөл”, “Ногоон хөрш” зэрэг мод үржүүлгийн олон “бяцхан хүлэмж”-ээр “аялж” баялаг “амьдрал”-тай нь танилцав. “Ойрын үед цасан шуурга нүдээд олигтой дулаарсангүй. Одооноос л байгаль дэлхий сайхан аашаа дэлгэж нар төөнөж эхэллээ. Энэ үе бол мод тарихад хамгийн тохиромжтой үе дээ” гэж мод бут тарьдаг иргэд өгүүлж байв. Үзэсгэлэн худалдаанд хүнсний ногоо тариалах үр 800-1000 төгрөг, шимтэглээ, зузаахай, удвал, нөмөргөнө, алтан зул зэрэг тасалгааны цэцэг 5000-20000 төгрөг, агч модны нэг бут 5000-8000, интоор, долоогоно, чацаргана, нохойн хошуу, үхрийн нүдний бут зэрэг жимст моднууд 10000-25000 байгаа бол хар шороо багшаархан шуудайгаар 5000 төгрөг, язмаг таван килограммтай нь 6000 төгрөг, 20 килограммтай нь 15000 төгрөгийн үнэ ханштай байлаа. Яв ягаан цоморлигоо дэлгэсэн буйлс цэцгийн ялдам үнэрт тайвшрал мэдэрч, шар хуайсын алтлаг дэлбээний хурц атлаа тааламжтай үнэрт сэтгэл сэргэж, хайтан цэцгийн час улаан өнгөнд нүд унаган зог тусав. Улаан улаандаа дур булаам, ихэмсэг, бардам, хээнцэрхнээр хараа булаан дэлгэрсэн хайтан цэцэг ганцхан үлджээ. Бие давхар нэгэн бүсгүй миний адил тэр цэцгийн ховсонд татагдаж, 25000 төгрөгөө өрсөх мэт бушуухан өгөөд хайтан цэцгийг өөрийн болгочихов. Урамгүйхэн цааш алхан энэ тэрийг үзэж, үнэ ханшийг нь судалж явтал мөнгөн өвлийг, шинэ жилийг санагдуулам мөнх ногоон гацуур мод сагсайн угтаж баясал төрүүллээ. Сибириэс оруулж ирдэг энэхүү гацуурын дөрвөн настай нь нэг метр хүрэхгүй өндөртэй ба үнэ ханш нь 45000 төгрөг бол найман настай нь хоёр метр шахам өндөртэй, 120000 төгрөг гэж байв. Жилийн дөрвөн улиралд хүчилтөрөгч ялгаруулдаг энэ гоёхон гацуурыг 10 ширхгийг хашаандаа тарья гэж бодоход 500 мянгаас 1,2 сая төгрөгт болох нь гэсэн тооцоог толгойдоо боловсруулчихаад цааш эргэв.
Мод үржүүлгийн аж ахуй эрхэлэгч н.Туяа “Мод сөөг тарихын тулд биологи, ургах орчны нөхцөлийг судлах, суулгацаа суулгахдаа хөрс, бууц, элс, бордоог шаардагдах хэмжээгээр бэлтгэсэн байх, ажлын багаж хэрэгслээр бүрэн хангагдсан байх хэрэгтэй. Тарьж буй суулгацын үндэс нь хэдий чинээ сахлаг, олон салаалсан байна төдий чинээ сайн байдаг. Цөлжилтийг багасгах, зогсоох зорилготой бол нэгээс хоёр насны суулгацыг сонгох, ойн зурвас, төв суурин газрыг цэцэрлэгжүүлэх, хувийн эзэмшлийн хашаанд мод тарих бол гурав, дөрөв ба түүнээс дээш настай суулгац тохирдог . Наймаас 10 насны шилмүүст модонд 1-1,2 метр диаметртэй 0,7 метр гүн, навчит модонд 0,8-1 метр диаметртэй 0,6 метр гүн нүх ухна. 3-5 насны бут сөөгөнд 0,6-0,7 метр диаметртэй 0,5 метр гүн нүх ухах ёстой. Ухсан нүхэндээ тарилтын өмнө хоёроос доошгүй удаа усаар дүүргэж, хөрсөнд нь гүйцэт шингээсний дараа модоо тарьдаг. Модны суулгацыг эхний хоёр долоо хоногийн турш өдөрт нэгээс хоёр удаа 40-50 литр усаар усална. Ингэхдээ хөрсийг сайн сийрэгжүүлж, нэмэлт хөрс хийх хэрэгтэй. Харин гурав дахь долоо хоногоос өдөрт нэг удаа, сарын дараагаас долоо хоногт хоёроос гурван удаа услах нь зөв. Модны тогоон дотор олон янзын өвс, зэрлэг ургамал ургана, тэдгээрийг тухай бүрт нь үндсээр нь сугалж устгаснаар модны өсөлтөд саад болдоггүй. Модыг дээд тал нь гурван жилийн турш арчилсны дараагаар цаашид арчлах шаардлагагүй болдог” гэв. Тэрбээр худалдан авагч нартаа ийнхүү маш уриалгахнаар, ойлгомжтой тайлбарлаж өгч байв.
Том модод илүү тэсвэртэй, урт насалдаг учир бохирдол ихтэй хотын төд түлхүү тарьдаг
Мод тарих мэдэгдэхүүнтэй болсондоо их л додигор болчихсон, хэзээний цэцэгчин, ургамалчин аятай тэр ч модыг үзэж, энэ ч модыг үнэрлэж явтал ярилцлага авах хүн маань ирчихсэн байв. Энэ хүн бол “Ургамлын далай” ХХК- захирал Ц.Түмэнбаяр юм. Энэ салбартаа, энэ цаг үедээ бүтээлч үйлс, бүтэн сэтгэлээ зориулж яваа түүний ургуулсан модот чөлөө болох Сөүлийн гудамжаар алхангаа ярилцав. Сөүлийн гудамжаар тарьсан хайлаасныхаа дэргэд хэсэг зогсов. Ц.Түмэнбаяр моддыг ажингаа “Тарьсан мод маань сайхан ургасан байвал хүүхдээ сайн сайхан явааг харсан мэт л баярладаг. Харин ургаагүй, унаж хатсан байх юм бол ахиад тариад өгье гэж бид уучлал гуйдаг. Ногоон, масс ихтэй том мод болох улиас, хайлаас, нарс, гацуур бол хамгийн тэсвэртэй, урт насалдаг. Ялангуяа бохирдол ихтэй хотын төвд түлхүү тарьдаг нь ийм учиртай” гэв. Ногоон байгууламж, мод үржүүлгийн салбарт найман жил зүтгэж буй эрхэмтэй гудамжийг гороолон буцаж алхсаар “Явуугийн цэцэрлэгт хүрээлэн”- рүү оров. Хүүхдүүд тоглоод, хөгшид нарлаад, усан оргилуур, моддын үнэртэй хослоод ер бусын таатай мэдрэмжийг бэлэглэв. Тарьсан зүлэг талхлагдаад халцарч холцорчээ. Дээгүүр нь гүйлдэх хүүхдийг харангаа “Хүүхдэд цэцэрлэгээс нь экологийн боловсрол олгож, байгальд багаас нь хайртай болгох хэрэгтэй байна. Амьдарч, амьсгалж байгаа орчинтойгоо хүн гэдэг салшгүй холбоотой гэдгийг бага балчраас нь ойлгуулвал сайн сан” гэв. Бээжин, Сөүл, Токио ногоон байгууламжийг өндөр түвшинд урлагийн хэмжээнд шийдсэн орон. Ялангуяа Японд гуравдугаар сард 10-хан хоног цэцэглэдэг Сакурагийн баяр болдог сон. Япончууд үндэсний хэмжээнд тэмдэглэж, үндэсний хувцас кимоногоо өмсөн найз нөхөд, ах дүү нараараа цуглан яв ягаан цэцэгсийн дунд яриа хөөрөө дэлгэн, дуу хуур болдог уламжлалтай. Дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид сакурагийн тэр гайхамшигт ягаан өнгөнд умбаж, зургаа татуулж, нүд сэтгэлээ баясгах гэж ирдэг. Сакура цэцгийг харах юм бол урт насалдаг, эрүүлждэг, энерги авдаг гэж хэлэлцдэг. Монгол оронд тийм болох боломжтой. Сакуратай маш адилхан цэцэг бол буйлс юм. Бид түүнийг монгол сакура гэж нэрлэдэг. Саяхан манай сурвалжлагын зочин У.Түмэнбаяр тэргүүтэй залуус Сэлбэ голын эрэг дагуу буйлс цэцэг тарьжээ. “Ирэх жил ягаан цэцэг дэлгэрээд сайхан харагдана даа” гээд У.Түмэнбаяр тэнгэр өөд юуг ч юм эрэх шиг ширтэв. Магадгүй энэ зуны хур борооны тухай, ирэх жилийн цэцэгсийн тухай бодсон байх. “Жижиг төрлийн голт бор, буйлс, долоогоно, агч мод зэрэг цэцэглэдэг модыг тарьвал өнгө үзэмж, үнэр гээд үнэхээр сайхан гэж түүнийг хэлэхэд нь би “Саяны үзэсгэлэн дээр нэг бут нь 3000-7000 байсан. Зуслангийн хашаандаа таривал гоё доо” гэж бодоод амжив.
Хүн бүр төрсөн өдөр, хурим найр, тэмдэглэлт ойн
баяраараа мод тарьж хэвшье.
Модыг тарихдаа ногоон суварга гэж бод
Мод үжүүлгийн газрыг төр засгаас дэмжвэл чанартай, хямд суулгац ханган нийлүүлэх боломж нээгдэнэ. Ингэснээрээ хотын өнгө үзэмж сайжирна. Хоёрдугаарт хашаа хамгаалалтын асуудал байна. Гадны оронд тийм тогтолцоо байхгүй. Манай улсад хайрлах хамгаалах сэтгэлгээ алга. Гишгэдэг, хугачдаг, эвдэж талхалдаг.
Гуравдугаарт усалгааны асуудал байна. Дандаа зөөврийн усаар шүршиж байгаа нь мод бутны үндсэн хөрсөнд шингэж чадахгүй байна. Усалгааны газар доорх системийг хийх шаардлагатай байна. Дөрөвдүгээрт ногоон байгууламжийн хослол зохиомж, цэцэглэдэг, жимсэлдэг, өнгө, өндөр нам зэргээс нь хамаарч дизайн тал дээр нь анхаармаар байна гэж экологич хүнийхээ хувьд бодож явдаг даа” гэв. Үнэхээр л буйлсын яв ягаан, моносны цав цагаан, голт борын нил ягаан, шар хуайсны шав шар цэцгийг өнгө хослон ”уран зураг” ч зурж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Иргэдийн хувьд үндэсний хэмжээнд мод тарих аян эхэлснээс хойш маш идэвхитэй оролцдог болсон. Айл болгон хашаандаа мод сөөг, тасалгаандаа цэцэг навч тарихын ач холбогдлыг ойлгож, нийгмийн ухамсар сайжирч байгааг хөл тасрахгүй хүн ихтэй байгаа үзэсгэлэнгийн энэ өдрийн зураглалаас харж болно. Үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэнэ.
Мод бол улам өнгө орж, ургаж, дэлбээлж, цэцэглэдэг хоёр гурван зуун жилийн настай амьд биет. Хамгийн гол нь арчилгаа гэж дахин хэлье. Мод нь усыг залгиж биш шимж шингээж уудаг. Шүршиж услах нь ялангуяа шилмүүст мөн ногоон мод болох нарс, гацуур, хуш, арц модонд онцгой хамааралтай. Шилмүүст мод нь суулгалтаас хоёр дахь жилдээ мөчрийн болон оройн хаталтаас болж үхэж байгаа нь Улаанбаатар хотод элбэг тохиолддог. Нөгөө нэг чухал асуудал бол шилмүүст мод нь агаарын бохирдлыг өөр дээрээ хамгийн их хүлээж авдаг юм. Улаанбаатар хотын агаарын бохирдолтой газруудад нарс мод хав хар өнгөтэй болсныг олонтоо ажиглан харсан биз ээ. Шилмүүст мод ингэж хөө тортогт дарагдах нь түүний амьдралыг таслахад хангалттай шалтгаан болж байна. Иймд хавар дөнгөж дулаармагц шилмүүст модыг услах нь мөчир салаанд чийг өгөхөөс гадна түүнд наалдсан хөө тортгыг арилгаж нарны гэрлийг өөртөө шингээхэд онцгой ач холбогдолтой юм. Ямар ч мод хавар эрт үед усалгааг хийхдээ мөчир салаа хөлдөлтөөс бүрэн гараагүй хэврэг байдаг тул гэмтээхээс сэргийлж зөөлөн хандах хэрэгтэй. Яг л хүүхдээ асарч тордож, арчилж хайрлаж буй мэт. Мод гэдэг амьтай амьтан. Баярладаг, гомддог, өвддөг, шархалдаг, хатдаг, үхдэг. Тэнгисийн урд талын өргөн чөлөө Самбуугийн гудамжаар буцаад алхаж явахдаа анх сонжиж шохоорхож харж байсан моддын турьхан мөчир, нялх нахиаг илүү ихээр ойлгож байгаагаа анзаарав.
А.Сүглэгмаа
Сэтгэгдэл ( 0 )