-Бид бүгд эх байгалийн жимс билээ-
Өгүүлэхүйн тайтгарал, үхлийн эхлэл, амьдралын төгсгөл, үргэлжлэхүйн утга, хязгааргүйн хязгаар, чанадын мэлмэрээн, чимээгүй хашхираан, дурсамжийн хэлтэрхий, дууны аялгуу, бүдэг бадагхан үнэр, бүүр түүрхэн гялбаа нэгэн хосын бүтээлээс нэвт үнэртэнэ. “Эх дэлхийн жаргалан”-г хүмүүн өөр өөрийнхөөрөө эрж хайсаар. Зарим нь шил толь болсон өндөр цамхгийн оройгоос, шинэхэн жимс боловсорсон шугуйгаас, уудам тал хөндийгөөс, ухаант өвгөдийнхөө бор гэрээс эх дэлхийн амар амгаланг олном. Хүмүүний сэтгэл гээч түмэн зүйлийн жимс ургуулагч мод гэлтэй. Тэр модноос атаа хорсол, уур мунхаг, шунал тачаал, үзэн ядалт, өрөвч нинжин сэтгэл, хайр дурлал, итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, гэнэн цайлган зан, гомдол тунирхлын жимснүүд боловсрон урганам. Тэр жимснүүд исгэлэн, гашуун, чихэрлэг, аргуун, шүүслэг гээд янз бүрийн амттай. Яг одоо таны арааны шүлс асгарч байгаа биз? Тийм гэдгийг мэдэж байна шүү. Амьдрал өөрөө ийм л амттай учир сэтгэл зүрхийг шунан дурлуулдаг байхгүй юу. Өнөөдөр та ямар жимс хүмүүст амтлуулах гэж байна вэ? Хоолойд тээглэж, цээж хорсгом, нулимс гармаар аргуун гашуун жимс үү? Амандаа амтлаад л баймаар амтат шүүслэг жимс үү? Тэр таны л сонголт. Энэ хорвоод хүн бүхэн хайрын жимс ургуулагч болчихвол амьдрал ямар байх бол. Нэг бол уйтгартай, ужиг санагдах биз. Хагацлын исгэлэн жимс ургаж байж л амьдралын амт сонирхолтой болдог ч байж магад.Басхүү мартахуйн, мартагдашгүйн, магадлалын, онон барилахуйн, шүтэн барилдахуйн, арга билгийн, бэлгэдэл ёр, зөн зүүдний олон жимс байдаг гэдэгтэй маргашгүй.
Зураач хос Т.Өлзийжаргал, А.Өлзийжавхлангийн бүтээлээс бүхий л жимс урганам. “Бид бүгд эх байгалийн жимс билээ” хэмээх уриатай тэдний үзэсгэлэнгээс “Эх дэлхийн жаргалан“-г хайж дэлхийн өнцөг булан бүрээс, ялангуяа Франц улсаас гийчид олон цугларчээ. Дорнын өнгө аяс, дотоод сэтгэлийн шуурга, өвсний амь, өлгийн бүүвэй, талын чоно, эрмэг хүлэг, эрчит салхи, борооны үүл, эмээгийн залбирал, эрхиний бөөр, хатдын инээмсэглэл, хоточ нохой, араг савар, аргалын үнэр, цэцэгсийн шивнээ, цэлмэг тэнгэр “Алтан хаан” галерейн хана туурга бүхэнд зохирон жаазлагдаж, ирсэн гийчдийг алмайруулан уяж байлаа.
Өлзийжаргал, Өлзийжавхлан хоёрын бие биетэйгээ харьцаж байгаа тайван элэгсэг чанар, зурж байгаа бүтээлдээ монголчуудын амар амгалан байдлыг илэрхийлж байгаа санаа нь үнэхээр гайхамшигтай. Бидний зорилго бол монгол зураачдын бүтээлийг дэлхийд таниулах юм. Зураачид монгол ахуйгаа гадаад хүмүүст ойлгогдохоор орчин үеийн урсгалыг сүлэлдүүлэн зурвал дэлхийтэй хөл нийлүүлэх үүд хаалга нээлттэй
Урчуудын эвлэлийн гишүүн, зураачид “Мөнгөн гэртэй Монгол”, “Сэтгэлийн цацал” зэрэг хамтарсан 10 гаруй үзэсгэлэнг сүүлийн арван жилд олон түмэндээ толилуулсан төдийгүй өнгөрөгч өвөл “Гэр” нэртэй хамтарсан үзэсгэлэн гаргасан нь гадаад дотоодын уран зураг сонирхогчдыг ийнхүү өөртөө татжээ. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог бол “Алтан хаан” галерейн гүйцэтгэх захирал Франц эр Буйссье Дидьегийн урилгаар оролцож байгаа явдал юм. Буйссье Дидье бол монгол зураачдыг дэмжиж гадаадын дүрслэх урлагийн тавцанд гишгэх шат гүүр нь болж яваа, урлагт хайртай эрхэм. Түүнд уран бүтээлч хос маань талархсан сэтгэлээ илэрхийлж байв. Тус галерей 2016 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимтай хаяа дэрлэж “Эвсэг” кашмерын урд жигүүрт байрлах болжээ. Тус галерей сард нэг удаа, үзэсгэлэн гаргадаг боловч зуны дэлгэр цагаар жуулчид ирэх үеэр сард хоёр удаа үзэсгэлэн гаргадаг байна. “Өлзийжаргал, Өлзийжавхлан хоёрын бие биетэйгээ харьцаж байгаа тайван элэгсэг чанар, зурж байгаа бүтээлдээ монголчуудын амар амгалан байдлыг илэрхийлж байгаа санаа нь үнэхээр гайхамшигтай. Бидний зорилго бол монгол зураачдын бүтээлийг дэлхийд таниулах юм. Зураачид монгол ахуйгаа гадаад хүмүүст ойлгогдохоор орчин үеийн урсгалыг сүлэлдүүлэн зурвал дэлхийтэй хөл нийлүүлэх үүд хаалга нээлттэй” гэж галерейн гүйцэтгэх захирал хэлж байв.
Уран бүтээлч хүн ямар нэг урсгалд баригдахгүй, үргэлж эрэл хайгуул хийж шинэлэг байх ёстой.
Урьд нь зурсан арга барилаараа өөрийгөө давтаж болохгүй
Т.Өлзийжаргал хэмээх даруухан бор залуу өөрийн бүтээлээ имперсионист, модерн урсгалаар язгуур зан заншил, монгол ахуй, морь мал, байгаль орон, дорно дахины философийг шингээж зурдаг ажээ. Цагаан чоныг хоточ монгол банхартай хослуулж зурсан нь байгалийн зэрлэг амьтдыг монгол хүмүүс анх гэршүүлж байсан утгыг илэрхийлсэн гэж тэрбээр эхнэрийнхээ бүтээлийг тайлбарлалаа. “Уран бүтээлч хүн ямар нэг урсгалд баригдахгүй, үргэлж эрэл хайгуул хийж шинэлэг байх ёстой. Урьд нь зурсан арга барилаараа өөрийгөө давтаж болохгүй” гэж зураач маань нэмж хэлээд үзэсгэлэнгийн нээлтээ хийхээр бослоо. Түүний туурвисан “Чоно”, “Монгол хатан”, “Зургаан зүйл, хамаг амьтан”, “Үүл, айл” зэрэг бүтээлүүд өнгөрсөн ба одоо цагийг зэрэгцүүлэн, бодит ба хийсвэр үзэгдлийг хослуулан, дорнын сэтгэлгээг дотогшоо чимээлсэн агуулгатай эрс шийдэмгий, зоригтой шийдлүүдээрээ өөрийн эрхгүй үзэгчдийг дуу алдуулна. Үзэсгэлэнгийн нээлтэд зураачдын охин Ө.Хүслэн хийл хөгжмөөр “Халуун элгэн нутаг”, “Вивалды А менор”-ыг эгшиглүүлж, уран зураг хөгжмийн зохицлыг харуулав.
Хүн хамгийн сайн мэддэг зүйлээ л зурах дуртай байдаг. Мэдээ орохын л эсгий гэрт эрхэлж өссөн энхрий жаахан охины хурга ишигтэй тоглож өнгөрүүлсэн гэрэлт өдрүүд зүүд зэрэглээ мэт зүрхний угаас ундран боргилж тэжээж тэтгэж байдаг юм
Шавилхан биетэй, урт хар гэзэгтэй, хонин бор нүдтэй бүсгүйг А.Өлзийжавхлан гэдэг. Биедээ баймгүй том бүтээлийг туурвиж яваа энэ бүсгүй Дундговь аймгийн Өлзийт сумын унаган охин. Өлзийтийн талаас урлаг соёлын олон алдартнууд төрдөг бол бийр бүжүүлэгч уран гартанг эрин галавын хөндийгөөсөө, эртний чулуужсан тууриасаа төрүүлжээ. “Хүн хамгийн сайн мэддэг зүйлээ л зурах дуртай байдаг. Мэдээ орохын л эсгий гэрт эрхэлж өссөн энхрий жаахан охины хурга ишигтэй тоглож өнгөрүүлсэн гэрэлт өдрүүд зүүд зэрэглээ мэт зүрхний угаас ундран боргилж тэжээж тэтгэж байдаг юм” гэж Өлзийжавхлан инээмсэглэн өгүүлнэ. Энэхүү үзэсгэлэнд тэдний бүх бүтээл тавигдсангүй. Байгаль эх, хүн хоёрын шүтэн барилдлага, амьд оршихуйн мөн чанар, эрт үеэс зохицон амьдарч ирсэн нүүдэлчин ахуйн, зан заншил, монгол сэтгэлгээг харуулсан гэгээлэг, өнгөлөг зургуудаа түүвэрлэн дэлгэжээ. “Миний уран бүтээлийг хараад хүмүүс уур цухал, бухимдал мэдрэгдлээ гэдэг. Тэгэхээр нь заавал хүнийг баярлуулаад байх албагүй гэж хариулдаг. Энэ удаад арай өөр мэдрэмж өгч байгаадаа баяртай байна” гэж бүсгүй ахиад л инээмсэглээд шаргал үст франц бүсгүйд зургаа тайлбарлахаар явав.
Монгол гэр гэдэг Өлзийжавхлангийн хувьд уран бүтээлийнх нь амин сүнс мэт. Аглаг талд дэлгэрч буй алаг цэцэгсийг анхааралтай ажвал монгол гэр тодорно. Арман тарман цастай өвөл дундаас ч ахиад л мөнөөх жижигхэн гэрүүд ялгаран гарч ирнэ. Уран зургийг ойлгохын тулд анхаарлаа төвлөрүүлж, удаан харах хэрэгтэй. Энд, тэндгүй бидний төрж өссөн монгол гэрүүд гэрэл сүүдэр, жаргал зовлон, өвөл зун, баяр гунигийг илтгэн борооны дараах мөөг шиг, намрын болсон жимс шиг товойн тодрон нүднээ ургах нь сонин. Тэр гэрүүдэд амьдрал өрнөн буй. Тэр гэр магадгүй зураачийн сэтгэлийн нууцлаг өргөө байх. Эсвэл мөнөөх олон амтат жимснүүд байх. Тэгээд л жимс бүхнийг амтлуулахаар жирийн бус өргөөндөө хүмүүний сэтгэлийг урин дууддаг байх. Тооноор нь гэрэл цацарсан, цацраагүй, үүд хаалга нь нээлттэй, хаалттай олон гэрүүдэд чухам хэн амьдарч, ямархан жимс тарьж суугаа бол орж амтлах сан хэмээн нууцлаг өргөөний босгыг дотоод сэтгэлдээ даван орохуйяа өгүүлэхүйн тайтгарал, үхлийн эхлэл, амьдралын төгсгөл, үргэлжлэхүйн утга, хязгааргүйн хязгаар, чанадын мэлмэрээн, чимээгүй хашхираан, дурсамжийн хэлтэрхий, дууны аялгуу, бүдэг бадагхан үнэр, бүүр түүрхэн гялбаа, сэтгэлийн шуурга, өвсний амь, өлгийн бүүвэй, талын чоно, эрмэг хүлэг, эрчит салхи, борооны үүл, эмээгийн залбирал, эрхиний бөөр, хатдын инээмсэглэл, хоточ нохой, араг савар, аргалын үнэр, цэцэгсийн шивнээ, цэлмэг тэнгэр амтагднам. Үзэсгэлэн энэ сарын 15 хүртэл “амтат жимс”-ээрээ таныг дайлах болно.
Сэтгэгдэл ( 0 )