ДЭМБ цахилгаан тамхи хортой болохыг анхааруулж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 27

Цахилгаан тамхи нь хүний эрүүл мэндэд эргэлзээгүй хортой бөгөөд энэ асуудлыг зохицуулах шаардлагатай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцлоод амь насанд аюултай зуршлаасаа салахын тулд эл бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг тамхичдад зөвлөжээ. Цахилгаан тамхи болон зайгаар ажилладаг тамхи орлох хэрэгслүүд залуучуудын дунд өргөн хэрэглэгдэх болсон нь энэ төрлийн зүйлд донтох эрсдэлийг бий болгож байна.

Хэдийгээр эдгээр нь жинхэнэ тамхийг бодвол хорт бодис бага агуулагддаг ч хүний эрүүл мэндэд хортой гэж ДЭМБ сануулжээ. Түүнчлэн цахилгаан тамхи тамхинаас гарахад ямар нэг нөлөө үзүүлдэг нь нотлогдоогүй байгаа аж.

Сүүлийн жилүүдэд томоохон тамхи үйлдвэрлэгч компаниуд хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан тамхийг онцгойлон сурталчлах болжээ. Энэхүү бүтээгдэхүүн уламжлалт тамхийг бодвол хор бага хэмээн буруу сурталчилж буйг ДЭМБ бодит аюул хэмээн сануулж байна. Урт хугацаанд хэрэглэхэд цахилгаан тамхи хорт хавдар үүсгэдэг эсэхийг судалж байна гэж ДЭМБ онцолжээ.

Цахилгаан тамхи өргөнөөр дэлгэрэхийн хэрээр дэлхий даяар түүнийг хориглох нь мөн нэмэгдэж байна. Өнгөрсөн сард гэхэд АНУ-ын Сан Франциско хот цахилгаан тамхи үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон. Дэлхийн нийт тамхичдын гурваны нэг нь амьдардаг Хятад улс мөн цахилгаан тамхины үйлдвэрлэл, хэрэглээг зохицуулахаар төлөвлөж байна.

Дэлхийн хүн амын 30 хувь нь тамхинаас гарах үйлчилгээ авах боломжтой байдаг аж. Хөндлөнгийн туслалцаагүйгээр хорт зуршлаа хаях оролдлогын дөрвөн хувь нь л амжилт олдог байна.

Тамхинаас болж жилд есөн сая хүн амиа алдаг. 2007 онтой харьцуулахад тамхи татдаг иргэдийн тоо харьцангуй буурсан ч одоогоор 1.4 тэрбум хүн тамхи татсан хэвээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top