Хичээлийн шинэ жил эхлээд дөнгөж хоёрхон долоо хоног өнгөрч байна. Гэтэл сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд үдийн цайнаасаа хордсон асуудал удаа дараалан гарлаа.
Тодруулбал, энэ сарын 11-нд Баянзүрх дүүргийн 13-р хороо, “Цэцээ гүн” сургуулийн байранд байрлах “Уудам Монгол” ахлах сургуулийн 19 хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрчээ. Үүний 14 сурагч Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, таван сурагч гэрээр эмчлүүлж байна. Тус сургууль өдрийн хоолондоо тахианы зутан шөл, үхрийн махан котлет өгч нийт 103 сурагч, есөн багш, ажилтан хооллосон байна. “Уудам Монгол” сургуулийн үдийн цай хөтөлбөрийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ”Фаунд таун” ресторанаас гэрээний үндсэн дээр нийлүүлдэг байсан ба хяналт шалгалтаар хоолны дээж аваагүй, хоол хүнсийг хадгалалтын шаардлага хангахгүй нөхцөлд тээвэрлэн түгээж олгосон зөрчил илэрсэн байна. Түүнчлэн 84 дүгээр сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлсэн тараг болон савнаас гэдэсний халдвар үүсгэгч илэрчээ. Тус сургуульд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг “Коко Дисерт” компани нь сурагчдад өгдөг таргийг барилгын материалын саваар зөөдөг болох нь тогтоогдсон байна.
Мөн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр цэцэрлэгийн ахлах “А”, бэлтгэлийн “Б” бүлгийн 4-5 насны дөрвөн хүүхэд энэ сарын 13-15-ны өдрүүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төвд цусан суулга өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Зөвхөн үүгээр зогсохгүй, урьд өмнө ч өндөр төлбөртэй хувийн сургуулийн хүүхдүүд хоолны хордлого авч байсан тохиолдол цөөнгүй бий. Хоолны хордлого авсан хүний дотоод эрхтэн гэмтэж, өвчлөмтгий болдог гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Гэтэл эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйг бодож, өндөр төлбөртэй хувийн сургуульд хүүхдээ сургахыг хичээдэг ч хувийн сургуулиудад “өвчний үүр” болсон газар цөөнгүй байгааг дээрх хэдхэн жишээ харуулж байна. Энэ талаар Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуйн халдвар, хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Отгонбороос тодруулахад “Бид цусан суулга халдварыг таслан зогсоох, сэргийлэх арга хэмжээг Халдвар судлалын үндэсний төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулж, хяналт шалгалт явуулсан. Тус цэцэрлэгийн хичээлийн нэгдүгээр байр нь есдүгээр сарын 16-ны байдлаар хэрэглээний халуун усаар хангагдаагүй, цэцэрлэгийн гал тогоонд цэвэр усны хоолойнд шүүлтүүргүй, угаагуурын хэсэгт тос баригч байхгүй, “Багачууд хүнс” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас нийлүүлсэн хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний бичиг дутуу, бүлгийн багш, гал тогооны ажилчдын гар угаах цэгт халдваргүйжүүлэх бодис байхгүй, дотоод хяналтын журам мөрдөгддөггүй зэрэг зөрчил илэрсэн. Нэгдүгээр цэцэрлэгийн хоёр гал тогоонд хэрэглэгдэж буй ундны ус, аяга, таваг, халбага, сэрээ, ажлын ширээ, ажлын хувцас зэргээс арчдас, хүнсний бүтээгдэхүүний сорьц, өдрийн хоолны дээж зэргийг авч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторийн шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний хариу 72 цагийн дараа буюу есдүгээр сарын 19-нд гарна. Прокурорын зөвшөөрлөөр өвчлөл гарсан хоёр бүлгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, голомтыг халдваргүйжүүлэх арга хэмжээ авч байна” гэв.
Ийнхүү хувийн сургуулиуд дундаас төлбөр өндөртэйд тооцогддог, “Дэлхийн жишигт нийцсэн боловсрол олгоно” хэмээн өөрийгөө сурталчилдаг дээрх хувийн сургууль, Улсдаа тэргүүний гэх тодотголтой нэгдүгээр цэцэрлэгийн үдийн цайнаас сурагчид хордож байхад өдөрт дунджаар 1500 гаруй хүүхэд хооллодог төрийн өмчийн сургууль, анги дүүргэлт нь хэтэрсэн жирийн нэг цэцэрлэгийн хүнсний эрүүл ахуй, хадгалалтын горим зэрэг нь айдас төрүүлж байна. Хичээлийн шинэ жил эхлээд дөнгөж гурав дах долоо хоног үргэлжилж байхад ийм хордлого гарсан нь үүнийг улам бататгаж байгаа юм.
НИЙСЛЭЛИЙН 10 СУРГУУЛЬД ЦАЙНЫ ГАЗАР БАЙДАГГҮЙ
“Үдийн цай” хөтөлбөр 13 дахь жилдээ хэрэгжиж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Боловсрол, соёл урлагийн газраас Ерөнхий боловсролын хүүхдүүдийн “Үдийн цай” хөтөлбөрт хяналт тавин ажилладаг. Гэвч Ерөнхий боловсролын сургуульд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн цагаас хойш хоолны хордлого, элдэв халдварт өвчин тасарсангүй. Тэр ч бүү энэ хугацаанд хэл орон нутгийн зарим сургууль энэ шалтгаанаар түр хугацаанд хаалгаа түгжиж байсан тохиолдол ч бий. Сургууль бүр стандартын шаардлага хангасан гал тогоо, ур чадвартай тогооч, чанартай хүнсний хангамжтай байх ёстой. Гэвч нийслэлийн зарим сургуулиуд цайны газаргүй байна. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Н.Цэнд-Аюуш “Нийслэлд байдаг 245 Ерөнхий боловсролын сургууль байдаг. Үүний 72 нь зориулалтын цайны газартай, 41 нь зориулалтын бус цайны газартай, 10 сургууль нь огт цайны газаргүй” гэв.
ҮДИЙН ЦАЙНД 900 ТӨГРӨГ ХҮРЭЛЦДЭГГҮЙ
Засгийн газрын 2012 оны тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийн нэг сурагчид оногдох зардлыг 600 төгрөг байхаар тогтоосон. Энэ онд “Үдийн цай” хөтөлбөр 300 төгрөгөөр нэмэгдэж 900 төгрөг болов. Хүүхэд хоногт хоол тэжээлээс авах илчлэгийнхээ 15 хувийг үдийн цайнаас авах ёстой. Хоол үйлдвэрлэгчид 900 төгрөгт багтаахын тулд нүүрс ус ихтэй хүнс сонгох нь мэдээж. Товчхондоо нэг хүүхдэд төсөвлөсөн 900 төгрөг үдийн цайнаас авах уураг, илчлэгийн хэмжээг хангахад хүрэлцэхгүй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргаж, 1200 төгрөг байх саналыг гаргажээ. Гэсэн хэдий ч эдийн засгийн таагүй байдлын нөлөөгөөр нэг хүүхдийн “Үдийн цай”-нд төсөвлөсөн мөнгийг ердөө 300 төгрөгөөр нэмж байгаа нь харамсалтай. Хэрвээ төсвийг 1200 төгрөг болгож нэмэгдүүлбэл уургаар баялаг хүнс, сүү, цагаан идээг “Үдийн цай”-нд сонгоно хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Дэлхий даяар хүүхэд хамгааллын бодлогодоо хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө сургууль дээр нь чанартай, сайн хоол хүнс хэрэглүүлнэ гэдэг зүйлийг тусгадаг. Дэлхийн бодлого Монгол Улсад хэзээ үйлчлэхийг хүлээх үү эсвэл сар бүр хүүхдийнхээ “Үдийн цай” хөтөлбөрт эцэг эхчүүд мөнгө нэмж төсөвлөх ёстой юу гэдэг асуудал тулгарч байна.
Сэтгэгдэл ( 6 )
Tehgui taahiin hen neg ariin haalganii amitan yamar ch hool hunsnii eruul ahui yu ch medehgui neg amitan hamgiin hyamd hogoo syrguuliudad shahj bgaam chin . Gerees ni huuhduudde beldej boloh ch amidraliin bolomjgui huuhduud gaduurhagdana gedwg bas neg asuudal. Huuhduud utaand hordono hund tsunh uurch nuruunii ovchtei bolno deerees ni hoolond hordono angidaa chiheldej surna ene ulsad huuhded eeltei neg ch yum alga.
Эцэг эхчүүд өөрсдөө төсөв мөнгийг нь аваад үдийн цай хүүхдүүдэд ээлж ээлжээр бэлдэж болохгүй юу, храй сэтгэлээсээ бэлдэх баых да өөрийн хүүхэд юм чинь,тэгж зохион байгуулвал нэг айл сард нэг удаа л энэ ажилд дайчлагдах байх
Eej aav nar n uursduu belvel yamr ve, ugdug tusuv mungiig n avaad eeljleed beldhed neg ail sard neg udaa l huuhduudin hool beldeh ajild tomilogdono shu de
Дарга нар зориудаар төсвийн мөнгийг хэдэн зуун тэрбумаар нь сангууд болон банкуудаар дамжуулан хармаалдаг. Тэд хэзээ ч эх орон, ард түмнээ бодохгүй. МАН энэ 4 жил монголчуудыгаа цусгүй алж байна даа.
oimos bandaashind dollor chihegchid hyanaltaas garch bn doo .... 65 ulugchin. tarah geed bvh sarvuugaa ajilluulj eheljee...
xyyxded ni saraar ni bodood ni mongig ni ogox xeregtei bolson boloogyi xor ogch baixin orond