Монгол Улсын Үндсэн хуульд хүүхэд аав, ээжийнхээ хайр халамжид өсөж хүмүүжих эрхтэй гэж заасан байдаг. Гэвч өнөөгийн нийгэмд эхээс төрөөд хэдхэн хоносон нялх хүүхдүүд гудамд хаягдаж, гэр оронгүй хүүхдүүд нь тэнүүчлэн явах болжээ. Гэтэл тэдний цаана хариуцлагаа умартаж, архидан согтуурсан эцэг эхчүүд байх нь элбэг. Гэр бүлдээ хаягдаж асран хамгаалуулах боломжгүй эдгээр хүүхдүүдийг нийгэмшүүлдэг газар нь асрамжийн төв юм. Нийслэлийн хэмжээнд 19 байгууллагын 27 асрах төв байдаг бөгөөд 0-16 насны 874 хүүхэд хүмүүжиж байна. Харин тэдгээр хүүхдүүд 16 нас хүрээд хаачдаг талаар та бодож үзсэн үү?
Монгол Улсад 0-17 насны 1 сая 83 мянга гаруй хүүхэд байна. Тэднээс 33319 нь хагас өнчин, 3383 нь бүтэн өнчин хүүхэд байна. Мөн 1715 хүүхэд үрчлүүлсэн байдаг ажээ. Эдгээр хүүхдүүд 16 нас хүртлээ найз нөхөд, халуун хоол, өмсөх хувцастай өсөх ч нас биед хүрсэн л бол асрамжийн төвөөсөө гарах ёстой. Боловсролтой, боловсролгүй, танилтай танилгүй, тосоод авах хүнгүй байсан ч хамаагүй, тэд гарах л үүрэгтэй байдаг байна. Энэ мэтээр гэр бүлээ алдаж эсвэл ар гэрийн хүнд хатуу нөхцөлөөс дайжиж ирсэн эдгээр хүүхдүүдийн 16 нас хүртэлх амьдрал асрамжид, түүнээс цаашаагаа хаана амьдрах, хаана ажиллах гэх мэтийн асуудал нь тодорхойгүй байдаг байна.
"Өнөр бүл" төвийн захирал М.Өлзийчимэг “Бид нас биед хүрсэн хүүхдүүдээ 16 нас хүрэхээр ар гэр нь боломжтой бол тэдэнд хүлээлгэн өгдөг. Хэрвээ эдгээр хүүхдүүд маань асрамжийн төвөөсөө явахыг хүсэхгүй байвал бид тэдний хүсэлтийг хүндэтгэдэг. Гэвч байрны хүрэлцээ муугаас олноор нь байлгах боломжгүй. Одоо манай төвд 16-21 насны гурван хүүхэд байна. Ер нь бол эдгээр хүүхдүүдийг төгсөхөд нь төрөөс орон байраар хангах тал дээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Аман дээрээ эрх мэдэлтнүүд үүнийг ярьдаг ч гэлээ нэг ч удаа хэрэгжсэн үр дүн алга. Бид энэ асуудлын талаар бүх л хурал зөвлөгөөн дээр хөндөн ярьдаг боловч анхаарч ажиллах хүн байхгүй байна” хэмээн ярьсан юм.
Монгол Улсад Хүүхдийн эрхийг хамгаалах тухай болон асрамжийн газрын хүүхдүүдэд чиглэсэн хууль тогтоомжууд бий. Түүнээс дурдвал “Төрөлжсөн асрамжийн газарт үйлчлүүлэгчийг хүлээн авах, шилжүүлэх, гаргах журам”-ын 2.2 “Төрөлжсөн асрамжийн газарт тэжээн тэтгэх хүүхэд, төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие, эсхүл тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй болох нь тогтоогдсон бөгөөд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настан, мэргэжлийн үйлчилгээ, тусгай нөхцөл шаардагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүнд нөхцөлд байгаа, эсхүл байнгын асрамжид байдаг хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхэд, гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг хүлээн авна” хэмээн заасан байдаг. Гэвч тус хуульд тэднийг 0-16 нас хүртэл нь хүлээн авах тухай заасан ч 16 нас хүрснийх нь дараа ямар арга хэмжээ авах тухай зааж өгөөгүй байдаг нь дутагдалтай байгаа юм. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл авах гэсэн боловч манай байгууллага тодруулга өгөх боломжгүй гэсэн юм.
АСРАМЖИЙН ГАЗРААС ГАРСАН 16 НАСТНУУДАД АМЬДРАХ БАЙР ХЭРЭГТЭЙ
"Өнөр бүл" төв төгсөгчдийнхөө хаана, хэрхэн амьдарч буй мэдээллийн санг бий болгосон байна. 1984-2016 оны судалгаагаар тус төвөөс 560 гаруй залуус төгсөж гарчээ. Үүнээс одоогоор 280 гаруй хүний мэдээллийг олж 70 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар ажил хөдөлмөр эрхэлж байгааг тогтоожээ. Харин үлдсэн 280 хүний мэдээлэл олдоогүй байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орноос эхлээд буурай оронд хүртэл асрамжийн төвийн хүүхдүүдээ нас биед хүртэл нь байлгах байрыг шийдэж өгсөн байдаг. Бидний хамгийн ойрын жишээ БНХАУ-д асрамжийн төвийн хүүхдүүдийг амьдралд хөл тавьтал нь байрлуулах боломжтой “Шилжилтийн байр” олон байдаг.
Манай улсад “Шилжилтийн байр” байр байдаг боловч ердөө л 60 хүнийг хүлээн авах боломжтой. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” 2014 онд байгуулагджээ. Тус байгууллага 16-21 насны залуучуудыг хүлээн авдаг. Монгол Улсад энэ байгууллагаас өөр тэднийг хүлээн авах газар алга. Одоогоор тус төвд 54 хүүхэд амьдарч байна. Харин асрамжийн газрын төгсөгч бүр энэ байгууллагад хамрагдах боломжгүй ажээ. Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын эрхлэгч И.Оюунгэрэл “Манай төвд жилд 20-30 орчим өсвөр насны хүүхэд ирдэг. Тэдгээр залуусыг ажил амьдралтай нь хурдан залгуулахгүй л бол дараагийн хүүхдүүд ирж ачааллаа даахгүйд хүрдэг. Энэ тал дээр Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар анхаарч ажиллах шаардлагатай ” гэж ярилаа.
Монгол Улсад асрамжийн төвийг төгссөн хүүхдүүдийг тухайн аймаг, дүүргийн Засаг дарга хариуцаж гэр орон, ажлын байраар хангах журам байдаг ч хэрэгжих нь бараг үгүй. Социализмын үед төгсөгчдийг ажлын байраар хангах ажлыг төр хариуцлагатай гүйцэтгэж ямартай ч гудамжинд гарч ажилгүй болсон хүмүүс байдаггүй байжээ.
Энэ асуудлыг асрамжийн төвүүд өөрсдөө шийдэх боломжтой талаар судалж үзлээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Дон Боско” асрамжийн газар нь дэргэдээ мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй. Хүүхдүүд ЕБС-иа төгсөөд МСҮТ-д хүссэн мэргэжлээрээ сурах боломжтой юм.
Энэ талаар тус төвийн Нийгмийн ажилтан Ц.Оюунчимэг “Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг асрах төвүүдэд тулгардаг гол асуудал нь “Шилжилтийн байр” яах аргагүй мөн. Бид 16 нас хүрсэн хүүхдүүдээ ар гэрт нь өгөхөөс биш өөр газар руу явуулж чаддаггүй. ЕБС-иа төгсөхөөр нь хүүхдүүдийнхээ саналыг харгалзан үзэж их сургууль болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургадаг. Ажил амьдралтай хөл залгаж мэргэжлээрээ ажиллах үед нь манай төвөөс гэр авч өгдөг” хэмээн ярьсан юм.
Монгол Улсад эдгээр хүүхдүүдийг нийгэмшүүлж, орчин нөхцөлтэйгөө дасан зохицож, биеэ даах хүртэл нь байлгах орон байрыг шийдсэн бодлого зохицуулалт үгүй байгаа нь харамсалтай. Энэ асуудлыг шийдэх гаргалгаа нь асрамжийн төвүүдийг чадавхжуулах явдал юм. Төгсөж байгаа хүүхдүүдээ ажилд зуучлан, гэр аваад өгөх чадалтай бол заавал шилжилтийн байр хэрэггүй хэмээн багш ажилчид үзэж байна. Тэдний гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх ажлыг өөрийнхөө хүүхэд шигээ өсгөсөн асрамжийн төвийнхөн л хийж чадах биз ээ. Иймд асрамжийн төвүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөх, төрийн дэмжлэг хэрэгтэй байна.
С.НАМХАЙ
Сэтгэгдэл ( 2 )
Хогийн монгол гадаадад жишээ нь ороод эрэгтэй хүүхдийг цагдаа цэргийн сургуульд охидыг нь сувилагч гэх мэт сургууль ажилд авдаг гэж сонсож бсн тэд нь ч үнэнч байдаг
иргэн болгохын тулд ажилд оруулах , тмс -д сургах хэрэгтэй дээ наад хүүхэд чинь асрамжаас гараад хайчих юм вэ бие үнэлэгч нар болох уу