XXI зуунд хамгийн их ховордож буй нөөц бол “Анхаарал” юм. Ийм цаг үед бид дэлхийн анхаарлыг Монгол Улс руу татах ажлыг хийж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгараад байна. Дэлхий даянаа 200 гаруй улс орон оршин байдаг. Тэдгээр улс орнуудын жуулчин гийчин, хөрөнгө оруулагчид нь аялах, амрах, ажиллах газраа сонгохдоо тухайн улсыг илтгэх түлхүүр үг, язгуур дүр төрхийг нь хамгийн түрүүнд хардаг байх юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын онцлог, ялгарах чанарт нийцэх түлхүүр үг, язгуур дүр төрх буюу үндэсний брэнд, ондоошлыг харна гэсэн үг. Ингэхийн тулд бид үндэсний брэндийг цогцлоон бүтээх шаардлагатай.
Үндэсний брэнд гэдэг нь улс орны талаарх өвөрмөц ойлголт, онцгой сэтгэгдэл, итгэл үнэмшил зэрэг биет болон биет бус үнэ цэнийн нэгдэл юм. Тэгэхээр ард иргэд, эрдэмтэн мэргэд, үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд бүгдийнх нь санал, бодлыг илтгэхүйц агуулгатай түлхүүр үг, язгуур дүр төрх байх ёстой билээ.
Монголчууд бидэнд бусдын анхаарлыг татахуйцаар Монгол Улсаа эерэг талаас нь дэлхийд сурталчлах, ард иргэдийнхээ эв нэгдлийн бэлгэдэл болж чадах үнэт зүйлс олон бий. Тухайлбал, өнөөдөр таны сонорт онцлон хүргэх гэж буй "ТАВАН НҮДЭН" брэнд...
Жил гаруйхны өмнөөс монголчууд бидний үл дундрах ундарга болох Монголын түүх, өв соёлыг нэвт шувт шингээн тусгасан "ТАВАН НҮДЭН" хэмээх өвөрмөц нэртэй брэндтэй бид танилцсан билээ. Тухайн үед, магадгүй одоо ч “ТАВАН НҮДЭН" гэж юу юм бэ, яагаад зоосон дээрх хээг монгол брэндийн лого болгов оо гэх асуулт иргэдийн дунд яригдаж байна. Харин эдгээр эргэлзээг тайлах, түүхийн нарийн судлагдахуун, баримт нотолгооны тухай тус брэндийг үүсгэн байгуулагч Б.Батзаяа ингэж ярилаа.
Тэрбээр “Миний хувьд монгол агуулгатай, чанарын дээд түвшний гүйцэтгэлтэй, чансаа өндөртэй брэнд бүтээх, түүний бэлгэдэл нь юу байж болох талаар чамгүй олон жил бодож, судалж, эргэцүүлсний дүнд шийдлээ олж, ажлаа эхлүүлсэн. Өндөр их өвгөдөөс дээдсээс ихэд дээдлэн ирсэн “ТАВАН НҮДЭН” бэлгэдлээ нэн тэргүүнд монголчууд бид өөрсдөө таньдаг, утга агуулгыг нь мэддэг, хүндэлдэг байх ёстой юм байна гэсэн шийдвэрт хүрч “ТАВАН НҮДЭН”-г сонгосон. “ТАВАН НҮДЭН” бол монголчуудын өнө эртнээс улбаатай нэгэн зүйл эрхэм нандин бэлгэдэл юм. Алтан ургийн дээдсүүд маань энэхүү бэлгэдлийг эртнээс дээдлэн залж, эдлэл хэрэглэлдээ дүрслэн агуулж ирсэн уламжлалтай. Их Юань улсын үед төрийн дээд бэлгэдэл болж Хубилайн ордон буюу Төв ордонд зөвхөн Алтан ургийн ихэс дээдсийн өмсгөл хэрэгсэл, зэр зэвсэг зэрэгт асаан хэрэглэдэг байсан тухай түүхч эрдэмтэд судалгааны бүтээлдээ онцолсон нь бий. Хожим Богд эзэн хаант Монгол Улсын үед ч төрийн бэлгэдэл болж байв. Таван нүдэнг бэлгэдэл зүйн талаас нь авч үзвэл аюул ослоос авран хамгаалах хүч болоо, мөнх хөх тэнгэр, дөрвөн зүгийг бэлгэдсэн хэмээн тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, мөнх тэнгэрийн ивээлээр дөрвөн зүг, найман зовхисыг эрхшээж, түүнээс ирж болох аюулаас хуяглан хамгаалах бэлгэдэлтэй гэсэн үг. Дөрвөн зүг, найман зовхис, мөнх хөх тэнгэр гээд 13-ын тоонд хураагддаг тухай тайлбар ч бас байдаг.
XVII зуунд мөн л Алтан ургийн хүн болох Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар “ТАВАН НҮДЭН” бэлгэдлийг "өсөж арвижих"-ын утгад урвуулан бүтээж "Наши" (мон: дөрвөн арвай) хэмээн төвөдөөр нэрлэхдээ монгол хэлний "наашир" гэх урин дуудсан утгат үг лүгээ адил сонсогдоно хэмээн билэгшээж их гуу сангийн тамга тэмдэгт зохион хэрэглэх болсон байдаг. Өндөр Гэгээнээс хойших Богдууд энэхүү бэлгэдлийг өөрийн хэрэглэл эд зүйлдээ шингээн, сангийн тамга тэмдэгтээ ТАВАН НҮДЭН бэлгэдлийг залж ирсэн юм билээ. Юань гүрнээс хойш Мин улс мандаж, Юань гүрний төрийн бэлгэдэл байсан “ТАВАН НҮДЭН”-г ихэд дорд үзэж муу усны сувгийн нүхний таг, сандлын суудал, эвхмэл сандлын гишгүүр, дөрөөний тавганд зориуд доромжлон тавих болсон ба нэрийг нь "зоосон хээ" гэж төөрөлдүүлэн өөрчилж хэлэх болсноор хятад соёлд зоосон хээгээр орж тогтсон гэдгийг түүхчид судалгааны бүтээлүүддээ тэмдэглэсэн байдаг. Цаг үе, хувьслынхаа явцаар одоо энэ бэлгэдлийг Ази төдийгүй Европын улс орнуудад интерьер дизайны шийдлүүддээ тун элбэг ашигладаг болсон” гэлээ.
Түүний ярьсанчилан олон зууныг элээж, өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн “ТАВАН НҮДЭН" бэлэгдлийг брэнд болгон өргөжүүлж буй тус хамт олны зах зээлд танилцуулсан ууган бүтээгдэхүүн нь монгол эр хүний салшгүй хэрэглээ, эрхэм чухал эд болж ирсэн хэт хутганаас эхэлж байсан бол, өнгөрөгч сар шинийн өмнөхөн монгол хэв маягийг илтгэх, цор ганц хийц бүхий “Их Юань” загварын цайны гангар шаазанг хэрэглэгчиддээ хүргэсэн билээ.
БРЭНД ОЮУН САНААНД БҮТДЭГ
Монголчуудын хувьд аягыг хоол унд савлан хүртэх эдлэл төдийгөөр ойлгож байсангүй. Амьд явбал алтан аяганаас ус ууна, аяганы амсар зуух хувьтай гэхчилэн аягыг амьд явахуй, амьдрахуйтай шууд холбон, буян хишгийг бэлгэдсэн агуулгаар хэрэглэдэг байлаа. Өнөөдөр ч энэхүү уламжлал ул болсонгүй, өвлөгдөн дамжиж аягыг дээшээ харсан сав хэмээн бэлгэшээж бэлэг бэлгийн дээд болгон бие биедээ барьсаар буй. Харин өрсөлдөөний эрин үед үйлдвэрлэж буй тус брэндийн гангар шаазан чухам юугаараа онцлог давуу талтайг сонирхвол, “Тагшан аяга” хэмээх хэлж хэвшсэн хэлбэртэй модон болон бусад олон зүйл материалаар хийсэн аягыг тухайн байдлаар нь, эсвэл мөнгөлж, алтдаж хэрэглэдэг нэгэн зүйлийн соёл буй боллоо. Шаазан эдлэл бол дэлхийн хүн төрөлхтний соёлтой салшгүй холбоотой тансаг хэрэглээний нэгэн зүйл. Түүн дотроо ясан шаазан буюу бидний нэрлэдгээр гангар шаазан бол шаазан эдлэлийн чанарын дээд нь юм. Бид Баянхонгор аймгийн Баянговь сумаас 2011 онд археологич, профессор Д.Эрдэнэбаатарын багийнхны олсон XIII зуунд хамаарах хүрэл цутгамал аяганы олдворын хэлбэрийг эх болгон авч, анх удаа тагшан хэлбэртэй аягыг өндөр чанартай ясан шаазангаар бүтээснээ Цагаан сарын баяраас тав хоногийн өмнө зах зээлд гаргасан Баяраас наана нөөцөлсөн аяганууд маань хоёр өдөр хагаст борлогдон дуусч, биднийг сандаргаж бас баярлуулсан юм. Аяганы хэлбэр, дизайны зургаа гаргаж, зургийн дагуу яг хүссэн хэлбэрээ гаргуулж авахад дөрвөн сар, чимэглэлийн өнгөө мөн л хүссэн өнгөөрөө гаргаж авах зэрэги нэг сар гаруйн ажил болж байж шаазан аяга маань бэлэн болсон.
Анхны загвараа зах зээлд гаргахдаа “Их Юань” гэж нэрлэсэн учиртай. Бидний урьдчилан таамаглаж байсанчлан энэ нэр зөв буруу, монгол нэр мөн биш гэсэн том маргаан, хэлэлцүүлэг өнөөг хүртэл олон нийтийн дунд өрнөсөөр л байна. Ер нь бол бид үүнийг л хүсч “Их Юань” гэх нэрийг хөх алаг шаазан аягандаа өгсөн. Учир нь Их Хаан Хубилайн үүсгэн байгуулсан Их Юань гүрний шаазангийн түүхэнд тод мөрөө үлдээсэн хувь нэмрийг монголчууд маань өөрсдөө мэдэж аваасай, бусдад мэдүүлэхэд хувь нэмрээ оруулаасай гэсэн сэдэл зорилготой ингэсэн хэрэг.
Харин шаазан аяганы тухайд энэхүү аяга маань энгийн шаазангаас арай өөр орц жороор хийгддэг, шаазангийн чанарын дээд нь гэгддэг ясан шаазан юм. Энэ технологи жорыг Хятадын шаазангийн орц жорын нууцыг олж мэдэхээр судалгаа хийж байсан Английн шаазан урлаач Иосиф Спод гэгч нээсэн гэдэг. Бүр тодруулбал 1800 онд шаазангийн орцондоо малын ясыг шатаахад гарсан үнсийг хийж туршсанаар ясан шаазангийн технологийг нээж түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг. Түүнээс хойно XIX зуунд ясан шаазангийн технологи Англиас Азид нэвтэрчээ. Өнөөдөр Азид ясан шаазангийн технологийг төгс эзэмшиж улам бүр хөгжүүлж яваа улс нь Хятад болон Япон” хэмээн тэр өгүүлж байв. Тиймдээ ч тус брэндийнхэн шаазан аягаа өмнөд хөршид үйлдвэрлүүлж байгаа юм байна. Энэ талаараа тус брэндийнхэн “Шаазанг хятадууд бүтээсэн. Дэлхийн зах зээлд одоо цагт нийлүүлэгдэж байгаа шаазан бүтээгдэхүүний 70 гаруй хувийг Хятадад үйлдвэрлэдэг гэсэн статистик үзүүлэлт бий. Хятад улсад үйлдвэрлэгдэж байгаа ясан шаазангийн 70 гаруй хувийг дэлхий дахинаа “ясан шаазангийн төв” гэж хүлээн зөвшөөрөгдсөн Таншань хотод үйлдвэрлэдэг. Бид Европын нэр хүндтэй брэндүүдийн шаазан бүтээгдэхүүнийг захиалгаар үйлдвэрлэдэг Таншань дахь тэргүүлэгч нэгэн үйлдвэрт “ТАВАН НҮДЭН” брэндийн шаазан бүтээгдэхүүнээ захиалан хийлгэж байна. Шаазангийн чанарыг мэддэг хэрэглэгчдэд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн төгс гэмээр чанар тэнд байхад бид өөр зүйл бодож цаг, хүч тарамдах шаардлага үгүй” гэлээ.
Орчин үеийн брэндийн арга техникийг үндэслэгч, Coca cola, FedEx, Levi’s зэрэг алдартай брэндүүдийн логог зохиогч, дизайнер Валтер Ландор “Бүтээгдэхүүнийг үйлдвэрт хийдэг, харин брэнд оюун санаанд бүтдэг” хэмээн хэлж байсан нь өнөөг хүртэл олны дунд яригдмаар буй. Тэгвэл түүний хэлсэнчилэн “Таван нүдэн” брэндийн шаазан аяганы үйлдвэрлэл Хятадад буй ч энэхүү брэндийн үндсэн концепц нь Монголд, монгол хүний оюун ухаанд буй гэдгийг энд онцлон дурдах учиртай. Үүнийхээ ч дагуу “Таван нүдэн” брэнд өнгөрсөн жил Олон улсын Оюуны өмчийн байгууллагад бүртгэгдэж, барааны тэмдгийн гэрчилгээгээ гардан авсан билээ.
БРЭНДЭД ХИЛ ХЯЗГААР ҮГҮЙ
1998 онд Al Ries болон Laura Ries нарын бичсэн “The 22 immutable laws of branding” буюу “Брэнд бүтээх 22 зарчим” номноос жишээ татан цааш өгүүлье. Тус номонд бичсэнээр аливаа брэндийг бүтээхэд 22 зарчим үйлчлэх бөгөөд тэдгээрт нь өргөжих, төвлөрөх, таниулах, нэг үгээр илэрхийлэх, хоногшуулах... гэх мэтээр цааш үргэлжилдэг аж. Тэгвэл эдгээр зарчмууд “Таван нүдэн” брэндэд хэрхэн тусгалаа олсныг цөөн жишээгээр тайлбарлахыг оролдлоо...
Монгол угсаатны өв, соёл, уламжлалт хэрэглээг өнөө цагийн хүмүүсийн хэрэглээнд нийцүүлэн дизайны шийдлээр баяжуулж, тухайн зүйлийг өнөө цагийн дэвшилтэт технологиор хамгийн сайн бүтээж чадах тэр урлаачдаар бүтээлгэн зах зээлд гаргах нь “ТАВАН НҮДЭН” брэндийн гол концепц гэж ойлгож болно.
Өөрөөр хэлбэл, Өв соёл дээр Инновац шингээж ӨВ болж үлдэх зүйлийг бүтээж, зах зээлд гаргана гэсэн үг. Тиймдээ ч “ТАВАН НҮДЭН” брэнд “Өв тээн дэлгэрүүлэгч” хэмээх уриатай.
Түүнчлэн таван нүдэн дүрс бэлгэдлийн язгуур мөн чанар, агуулгыг олон нийтэд ойлгуулж, таниулах зорилготой. Хэдийгээр тус брэнд үйл ажиллагаагаа эхлүүлээд жил гаруйхан хугацаа өнгөрсөн ч олон хүн “таван нүдэн” бэлгэдлийн мөн чанарыг ойлгож, таньж мэддэг болсон нь өргөжих, төвлөрөх, таниулах зарчмыг сайтар баримталсантай холбоотой.
Харин хоногшуулах, нэг үгээр илэрхийлэх зарчмын тухайд брэндийнхэн тайлбарлахдаа “Шууд хэлэхэд, “ТАВАН НҮДЭН” бэлгэдлийн мөн чанарыг таньж мэдэх тусам миний ач гуч нар энэ дүрсийг олж хараад тэр компанийн лого байна гэж таньдаг болохыг хүсээгүй. Харин энэ дүрсийг олж харсан хэн ч бай “ТАВАН НҮДЭН”, монголчуудын өвөг дээдсээс уламжлагдан ирсэн эрхэм нандин бэлгэдэл гэж таньж мэддэг байхыг бид хүссэн юм. Монголчууд бид энэ бэлгэдлээ таньж мэдэж дээдэлдэг болж, улмаар өрөөлд буюу бусад үндэстэн олонд брэнд бүтээгдэхүүнээрээ дамжуулан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь манай хамт олны нэг зорилго гэж ойлгож болно. Брэндийн “TAVAN NUDEN” нэрээ бид орчуулж янз бүр болгоогүй. Франц, Итали, Герман нэршилтэй брэндүүдийн нэрийг бид гэлтгүй дэлхий даяараа өөр өөрийн аялга дуудлагаар хэлж, дуудаж хэвшсэн байдаг. Тиймээс бусад улс үндэстнүүд ч гэсэн “TAVAN NUDEN” гэсэн хоёр монгол үгийг нүдэлж тогтоож, өөр өөрийнхөөрөө дуудаж хэвшиг гэж тооцсон юм” гэж ярилаа.
БРЭНДЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ ЗАРЧИМ
“ТАВАН НҮДЭН” брэндийн хэтийн санаа зорилго нь тансаг ангиллын гадаалд зах зээлд зөв байршиж, тэрхүү орон зайд хүлээн зөвшөөрөгдөж хөгжих явдал юм. Сая сая брэндүүд яг л ийм санаа зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж буй. Тиймээс тэр их өрсөлдөөн дунд “ТАВАН НҮДЭН” брэндийг хэрхэн тогтвортой бат суурьтай суулгах вэ. Ингэхийн тулд тус брэндийнхэн өөрсдөөс шалтгаалах бүхнээ алдаа багатай сайн хийж бэлтгэлээ ханган, бүхий л эрсдэлд бэлэн байх тэргүүн зорилтыг үйл ажиллагаандаа тусган ажилладаг байна. Бас нэгэн таатай мэдээ нь “ТАВАН НҮДЭН” брэндийн өнгө төрхийг илтгэх дизайны шийдэл, өвөрмөц шинжийг агуулсан дэлгүүр саяхан нээлтээ хийсэн билээ.
“XXI зууны хүн төрөлхтөн Азийг сонирхож байна. Тиймээс монголчууд бид хүн төрөлхтний анхаарлыг аугаа улсынхаа баялаг түүх, өв соёлоороо татаж чадвал бидэнд ялгарах онцлог, давуу талыг бий болгох боломж чамгүй их бий. Энэ цагийг хурдасгаж ойртуулах, боломжийг нээж чадах гол хүч нь Монголчууд бидний бие биенээ ойлгох, хүлээн зөвшөөрөх, хамтдаа дугтрах хүч гэдэгт би итгэдэг” хэмээн тэд ярьж байлаа.
ЧАНАРЫН ЗАРЧИМ
Өнөөгийн даяаршсан нийгэмд амьдарч буй хүмүүсийн сонголт нь тухайн зүйлийн шийдэл, хэрэглээ, чанар, энгийн байдал болоод хувирчихаж. Дээр нь тухайн зүйлийг хийж бүтээж үйлдвэрлэж байсан уламжлал, технологи, инновац, мэргэшсэн байдал том хүчин зүйлс байна.
Тиймээс “Таван нүдэн” брэнд монголчуудын өв, уламжлалт хэрэглээнд байсан зүйлсийг өнөө цагийн хүмүүсийн таашаалд нийцүүлэн дизайны шийдлээр баяжуулж дээд чанар, дэвшилтэд технологиор бүтээлгэн зах зээлд нийлүүлэх нэгэн зорилготой. Өөрөөр хэлбэл Монгол хүний оюунаар бүтээж Монгол агуулга, бэлгэдлийг тусгасан дизайнаар, инновац шингээж, технологийн дэвшлийг ашиглан бүтээсэн чанарын дээдийг илтгэх бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд санал болгох юм.
ХИЛ ХЯЗГААРЫН ЗАРЧИМ
Брэндэд ямар ч хил хязгаар гэж байх ёсгүй. Аливаа брэндийн имиж, өөрийн улс орны имижтэй нийцэж байгаа цагт глобал брэнд болох боломжтой байдаг. Тиймээс “ТАВАН НҮДЭН” брэндийн хувьд дотоодынхоо хэрэглэгчдийн онцлог, сэтгэл зүйг харгалзан үзэх шаардлагатай хэдий ч гадаад зах зээл дэх тансаг хэрэглээний олон жилийн уламжлалтай хэрэглэгчдийн сонголтын онцлог, сэтгэл зүйг тэргүүнд тавьж байж өрсөлдөх чадвараа хадгалах билээ.
Жишээ нь 100 мянган долларын цаг зүүж, 5000 долларын үзэг барьдаг, 2000 долларын гутал өмсдөг тэр хүний цаг нь Швейцарид, үзэг нь Германд, гутал нь Англи эсвэл Италид үйлдвэрлэсэн байх нь 90 хувийн магадлалтай. Харин Швейцарид үйлдвэрлэгдсэн цаг нь монгол нэртэй, монгол агуулга, бэлгэдэл шингээсэн байх нь чухал. Энэ өнцөг бол “ТАВАН НҮДЭН”-гийн сонголт, бизнес модель ажээ.
ИХ ЮАНЬ
Энэчлэн амжилттай хөгжиж буй, үндэсний брэнд “Таван нүдэн”-гийн “Их Юань” загварын хоол, цайны шаазан аяга тав ба есөн ширхэгээр багцлагдан савлагдсан байдаг.
Ийнхүү нэрлэх болсон түүхийг цухас өгүүлбээс... Чингис хааны ач Хубилай Сүн улсыг эзэлж, Монголын Их Юань гүрнийг цогцлоохдоо төрийн болон цэргийн хэргийг монголчуудаар захируулан, иргэний, аж ахуйн, гар урлал хийгээд худалдааны ажлыг Дундад Ази болон бусад хязгаар нутгаас гаралтай түшмэд, урчуудад даатгажээ. Чингэхдээ урьд өмнө нь хүнд суртлын элдэв дарамт хавчилт, алба гувчуурт дарлагдаж, боолын шахам хөдөлмөрт нухлагдсан хятад урчуудыг анх удаа бие даалгаж, мэргэжлийн холбоод болон үйлдвэрийн газрууд олноор байгуулахыг зөвшөөрсөн байна.
Чухам энэ үеэс шаазан урлал хөгжлийнхөө туйлд хүрч, Их Юань гүрний хөх алаг шаазан нь соёлт ертөнцийн өнцөг булан бүрт хурдацтай тархан, дэлхийн улс түмний тансаг болоод энгийн хэрэглэгдэхүүн болж чадсан түүхтэй.
Өдгөө дэлхийн томоохон музей, хувийн цуглуулгад л нандигнан хадгалагдаж буй Юань гүрний хөх алаг шаазан эдлэл нь Монголын тал нутгийн хөх тэнгэр, танан цагаан хонин сүргийн өнгөтэй байгаа нь санаандгүй хэрэг биш биз ээ. Нөгөө талаар энэ нь монголчуудын уугуул шашинтай холбоотой хэмээн зарим эрдэмтэд тэмдэглэсэн байдаг.
Их Юань гүрний үед гар урлалыг хөгжүүлэх үүднээс Зиндөжэнь хотноо шаазангийн үйлдвэрлэлийг төвлөрүүлэх шийдвэр гарсан авч тун удалгүй түүхий эд үл хүрэлцэх нь тодорхой болжээ. Харин хотын ойр хавьцаа хийсэн эрэл хайгуулын явцад Гаолин хэмээх газар цагаан шаврыг баялаг орд илэрч, түүнийг шаазан урлалд хэрэглэх болсноор тус хот хожмоо дэлхийн шаазангийн төв хэмээн алдаршсан билээ. Цагаан шавар олдсон Гаолин тосгоны нэрээр дэлхий дахинаа нэрлэгдэх болсон “каолин”-ы ачаар урчууд үлэмж цагаан, маш нимгэн, бат бөх хийгээд илүү том овор хэмжээтэй шаазан эдлэхүүн урлан бүтээх бололцоотой болж, тэдгээр дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг шуудан илгээмжийн өртөө, худалдааны хот болон боомтоор дамжуулан дэлхий дахинаа найдвартай түгээх ажил өрнөсөн юм. Хөх алаг шаазан монголчуудын оролцоотой бүтээгдсэн гэдгийг нэлээд хожуу буюу өнгөрөгч зууны дундуур Хятад болон бусад орны эрдэмтэд түүхэн эх сурвалж болон эдлэгдэхүүний харьцуулсан судалгаагаар тогтоожээ.
Тэр бүү хэл монгол дээдсийн хамгийн том байгууллага болох Хубилайн “Төв ордны” тусгай хэрэгцээнд галууны өндгөн цагаан өнгөтэй шаазан эдлэлийг тусгайлан захиалж, зөвхөн төрийн дээд хэмжээнд хэрэглэж байсан ажээ.
Энэ нь өнөө цагт дэлхий дахинаа шаазангийн сонгодог өнгө гэж хүлээн зөвшөөрөх болсон алдарт хөх алаг шаазангийн эхлэл юм. Энэ бүх нүсэр агаад шинэлэг ажлыг мөн л бидний өвөг дээдсийн удирдлага дор үүсгэн байгуулагдсан Фуляны Шаазангийн хэрэг эрхлэх газар удирдан гүйцэтгэж байв. Анхлан түүхэнд тэмдэглэсэн хөх алаг шаазанг Английн цуглуулагч Пэрсивэл Дэйвид 1930-аад оны үед цагаач хятад эрээс худалдан авсан хийгээд хожмын судалгаагаар Юань гүрний Тогоонтөмөр хааны үед бүтээгдсэн нь нотлогджээ.
Юань гүрний үед ажиллаж байсан шаазангийн үйлдвэрийн тууриуд хаа сайгүй, түүний дотор Хөх хотын өмнөд этгээдэд орших Чиншуй голын эрэг дээр одоо хэр байх бөгөөд зарим нь бүр гучаадхан жилийн өмнө үүд хаалгаа барьсан байх юм. Хамгийн сүүлд “Хөх нууцын гялбаа” хэмээх Их Юань гүрний хөх алаг шаазан бүтээгдэхүүний томоохон үзэсгэлэн Шанхай хотноо 2012 онд зохион байгуулагдсан юм. Зууны үйл явдал хэмээн өргөмжлөгдсөн эл арга хэмжээнд АНУ, Англи, Хятад, Турк, Иран болон бусад улсаас нандигнан авчирсан 90 гаруй нэн ховор үзмэр дэлгэгдсэн билээ. Хөх алаг шаазан нь тухайн цаг үедээ хятад торготой эн зэрэгцэн дэлхий дахинаа алдаршсан олон улсын брэнд бүтээгдэхүүн байв. Ийнхүү брэнд болон алдаршсан жинхэнэ шалтгаан, бодит түүх нь өнөөгийн ойлголтоор бол Их Юань гүрний олон үндэстний төлөөлөгчид болох зах зээл судлаач, дизайнер, урчууд, менежер, тээвэрчид, худалдаачид зэрэг олон мянган мэргэжилтэн, урчуудын хөдөлмөрийн үр шимтэй салшгүй холбоотой юм. Тийм учраас керамикийн таван том төвийн тоонд багтана чинаа хэн ч хэзээ ч төсөөлж байсангүй. Зиндөжэнь хот чухам Монголын Их Юань гүрний үеэс шаазан урлалын түүхэнд нэрээ мөнхөлсөн түүхтэй. Юань гүрэн мөхөхөд шаазангийн төвүүд уналтад орсон ч XV зуун гэхэд аажмаар сэргэсээр цаашдын хөгжлийн замдаа буцалтгүй оржээ. Исламын ертөнцөд ч сүм хийд, орд харшийг бүтээхдээ хөх алаг шаазангийн өнгийг цөөнгүй ашигласан байдгийн нэгэн тод жишээ нь Истанбулын Цэнхэр сүм (турк хэлээр Sultanahmed Camii) юм. Өдгөө хөх алаг шаазангийн нэлээд дээгүүрт жагсах цуглуулгууд Иран, Туркэд хадгалагдаж байгаа нь тохиолдлын хэрэг биш биз ээ. Их Юан гүрний үед олон улсын худалдаа урьд өмнө байгаагүйгээрээ хөгжин дэвжих явцад хөх өнгө оруулагч кобальт Персээс Хятад руу нэвтрэн орж ирснээр шаазан урлалыг хөгжлийн шинэ шатанд гаргасан түүхтэй юм. Үүнийг л соёл иргэншлийн солбилцол, олон үндэстний хамтын бүтээл гэхгүй бол өөр юуг тийн нэрлэх билээ. Тийнхүү цаг хугацаа, орон зай, он цагийн уртаас үл хамааран үе дамжин өвлөгдөж ирдэг үндэсний ухамсар гэгч зүйл оршин байдгийн илрэлийг будаатай шаазанд талтай монголчуудын хандлагаас ч олж харах боломжтой аж.
НАЙМАН ТАХИЛТ
Таван нүдэн брэндийн олон нийтэд санал болгож буй шаазан аяганы дараагийн загвар нь айл өрх бүрт энх амгалан, аз жаргал өнөд оршихын ерөөл өргөх, Өлзийт найман тэмдгийн бэлгэдэлтэй “8 тахилт” гангар шаазан юм. Гангар шаазан онд дээр байрлах найман тахилын тухайд...
Сэтгүүлч О.Шинэтуяа
Сэтгэгдэл ( 0 )