"ТОМЧУУДАД" заах ХИЧЭЭЛ: Онгоцонд СОЁЛТОЙ зорчих ДҮРЭМ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 07

Зөвхөн хөх тэнгэр л дээрээ залдаг гэх Цэцийн дарга ах хувь заяаны шоглоомоор хөх тэнгэрээр зорчиж явахдаа “бөгсний” хэргээр хорионд унав.  Гэхдээ бүр “гуулин” улсад. Үүнээс ажвал асуудал хуульдаа биш хүндээ байгаа нь мэдрэгдэх ч шиг. Элдэв нөмрөг дээрээ тохоод мөн чанараа нөмөрч чадахгүй нь олон зүйлээс харагдах болсон тул онгоцонд зорчих энгийн хэдэн дүрмийг нийт иргэддээ дахин танилцуулъя. Онгоц гэх унаа тэнгэрт холхих болсноос 20-иод жилийн дараа 1960-аад онд болсон энгийн 10 дүрэм.


Согтуудаа бүү зорч

Та хэдэн шил шар айраг, хэдэн грамм архи, виски яавал гэж бодож магадгүй. Гэвч хэдхэн грамм, хэдхэн шил ч байсан өөрийгөө болон бусдыг зовооно гэдгээ бүү мартаарай. Онгоцон дотор зардаг ч бай та өөрийгөө хянах нь зүйтэй. Согтуудаа онгоцоор зорчоод буруудсан түүх зөвхөн манайд хаяглагдсан юм биш. Исланд, Хавай, Норвег, Герман хаа сайгүй согтуу л бол ёс бус авирлах нь нэмэгддэг аж.


Шалгах хэсэг бий...

Онгоц газардаад хэдхэн алхмын цаана шалган нэвтрүүлэх хэсэг байдгийг зорчигч та бүү март. Энэ хэсэг дээр удаж бусад зорчигчдыг чилээхгүйн тулд халаасанд байгаа бүх зүйлээ бүртгэж, шалгуулахад бэлд.


Тээшний тавиур хогийн сав биш

Тийм ээ, та зөв сонссон. Зорчигчийн суудлын дээр байдаг тээшний тавиур хогийн сав биш. Хэрэв та хоёр цүнхтэй бол арай томыг нь тээшний тавиурт тавьж, нөгөөг нь аваад суухыг бодоорой. Өөрт байгаа бүхнээ тээшний тавиурт хийвэл бусдад зай үлдэхгүй. Бүр эсвэл том ачаануудаа ачаанд өгөөд өөрт болон бусдад саад болохгүй жижиг ачаатай ч онгоцонд орж болно.


Цахилгаан төхөөрөмжөө  унтраа

Ихэнх хүмүүс онгоц хөөрөх болон газардах үед цахилгаан төхөөрөмжөө унтраа гэдгийг хэн нэгний зохиосон үлгэр гэж бодож магадгүй. Гэхдээ энэ бол бичигдээгүй дүрэм юм. Үүнийг аливаа онгоцны компани, эсвэл онгоцны үйлчлэг ч дур мэдэн зохиогоогүй. Зорчигчдын сэтгэлзүйтэй холбоотойгоор энэ дүрэм үйлчилж эхэлжээ. Чихэвчний хөгжим халаасанд багтаж, дуудлага бүрийг ховлодог пейжер бий болж, гар утас хэрэглээ болж эхэлсэн 1990-ээд оны эхэн үеэс цахилгаан хэрэгсэл зорчигчдыг тавгүйцүүлдэг болохыг судалгаагаар олж тогтоосон байна. АНУ-ын нэр хүндтэй хэд, хэдэн нислэгийн компани сэтгэл зүйн судалгаа хийлгэхэд зорчигчид хөөрч, буух үед сэтгэл санаа нь ихэд түгшдэг аж. Зорчигчдын сэтгэлийг тайван байлгахын тулд нислэгийн компаниуд цахилгаан хэрэгслээ унтраа гэж зөвлөх болжээ.


Суусан газраа цэвэрлэ

Онгоцонд сууж зорчсон л бол суусан газраа цэвэрлэ. Онгоц бол давчуу орчин. Тиймээс давчуу орчныг хогоор чигжээд хэрэггүй. Суусан газраа цэвэрлэдэггүй гэх муу нэртэй хүмүүс бол зүүн өмнөд азийн иргэд байдаг. Одоо болтол үүнээсээ салж чадаагүй л байна.


Анхаар, зай барь!

Цонхон талдаа суусан ч бай, зорчих хэсгийн дэргэд суусан ч бай дунд суугаа нэгнээ хүндэл. Дунд суугаа түшлэг дээр гараа тавьсан л бол захын хоёр сэтгэлээ бариад гараа элгэндээ ав. Бидний бодлоор хоёр талд сууж буй зорчигч хоёулаа л гараа тавих ёстой юм шиг санадаг. Гэвч үгүй аж. Зарим улсад үүнийг хүчирхийллийн нэг хэлбэр гэж үздэг учраас дарга, цэрэг гэлтгүй үүнийг анхаарах нь зүй. Зорчигчдын сэтгэл зүй судлаач Анна Крайсын хэлснээр “Дундын суудал бол дайны талбар биш”.


Үнэртээд байгаа юм биш биз

Дээр хэлсэнчлэн онгоц бол давчуу орчин. Давчуу орчинд хэн нэгнийг үнэрээрээ үргээгээд хэрэггүй. Үнэртэй “орк” байхыг хүсэхгүй л байгаа бол хөлсний үнэр дарагч, хөлс дарагч зэргийг түрхэж зорчихоо мартуузай. Махны эвгүй үнэртэй гэж адлуулдаг монголчууд бид ялангуяа анхаарахад гэмгүй.


Зорчигч бүхэн найз биш

Инээсэн бүхэн нөхөр биш гэж байгаа юм уншигдаж байна уу? Бидний өгөх зөвлөгөө үүнээс тэс өөр.  Та дарга байна уу, цэрэг байна уу огт хамаагүй. Онгоцонд зорчиж байгаа хүн бүр зорчигч. Таныг зорчиж явахад олон сайхан сонирхолтой хүмүүс байж болно. Яриа нийлсэн, сайхан зантай хэн ч байж болох. Гэхдээ энэ нь тантай заавал ярих албатай гэсэн үг биш. Хажууд байгаа нэгнээ хүндлээд хувийн орон зайд нь бүү халд. Дэргэдэх хүнээ чилээхгүйн тулд ном унш, чихэвчээрээ сайхан дуу сонссон ч болох шүү дээ.


“Нисдэг зочид буудал” бүр ч биш

 Тэнгэр дээр өнгөрөөх хэдэн цагаа давчуу орчинд сууж өнгөрөөнө гэдэг тийм ч амар зүйл биш. Цаг хороох ганц зүйл нь дуг хийх. Гэхдээ дуг хийж байна гээд хамт зорчиж яваа нэгнийхээ тухыг алдуулаад байж болохгүй. Хэрэв тухыг нь алдуулсан бол тэр даруй эелдгээр уучлал эрээрэй.


Дураараа бишээ дарааллаараа

Олон улсын нислэгт зорчиж байгаа ямар ч монгол нэгэндээ уусаад дарааллаа гардаг л байх. Гэхдээ хаа нэг монгол зар гараад дараалал дайрахыг үгүйсгэхгүй шүү дээ. Хэрэв та дараалал дайрмаар санагдаж байгаа бол дураараа бишээ дарааллаараа гэдэг үгийг санахад илүүдэхгүй.


Жичийн жич: Эцэст нь хэлэхэд зөвхөн Монгол дарга нарт өгөх зөвлөгөө гэвэл нислэгийн компанийн ямар ч онгоц таны албан тасалгаа биш. Албан тасалгаандаа байдаг шигээ авирлавал тэнгэр дээр ч ёс журам байдаг гэдгийг санаарай.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (109.88.168.40) 2019 оны 11 сарын 13

Evropoos nissen neg amerik er arxiig ongotsond xetryylen xereglej xajuu dax zorchigchoo taivan bus bolgosoniixoo xariud ongots oros deer gazardaxad orosiin tsagdaa nart xycheer gavluulaad buuj bilee tantai nisej baigaa byx zorchigchid ondor ynetei tasalbar tolson ta ongotsiig 1 tsagaar ch saatuulax esgyig sanaj soeltoi ayalj suraarai !

2  |  0
zochin(202.126.88.154) 2019 оны 11 сарын 13

Herev ongotsond bosoh ,bie zasah shaardlaga garval zorchigchdiin bolon vilchlegchiin bied hvrehiig tevch

1  |  0
Top