Баянхонгорт орд эзэмшдэг ихэнх аж ахуйн нэгж лицензээ ашиглах бус худалдах сонирхолтой байна

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 11 сарын 26

- БАЙГАЛЬ ЭХ-ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ -

Монгол эх орноо нар зөв тойрон өртөөлж байгаа "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг өнгөрсөн бямба гарагт 15 дахь аймагтаа үргэлжиллээ. Баянхонгор аймгийн Баянхонгор хотод болсон уг хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” зэрэг төрийн бус байгууллага хамтран зохион байгуулав.

Энэ удаагийн үндэсний хэлэлцүүлэгт Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй албаныхан болон иргэдийн төлөөлөл оролцож, хариуцлагатай уул уурхайн төлөө үзэл бодлоо илэрхийлсэн бол зохион байгуулагчдын зүгээс Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа нар оролцож, үндсэн илтгэлийг тавилаа. 

БАЯНХОНГОР АЙМАГТ 87 АЖ АХУЙН НЭГЖ 172 ЛИЦЕНЗ ЭЗЭМШИЖ БАЙНА 

Баянхонгор аймгийн хэмжээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 87 аж ахуйн нэгж 172 лиценз эзэмшиж байна. Харин тэднээс тогтмол үйл ажиллагаа явуулдаг 12-15 аж ахуйн нэгж байдаг аж.

Энэ талаар тус аймгийн Засаг даргаа Г.Батжаргал ярилаа. Тэрбээр "Манай Баянхонгор аймагт өнөөдрийн байдлаар 172 ашиглалтын болон хайгуулын лиценз байна. Энэ нь аймгийн нутаг дэвсгэрийн 3.58 хувийг эзэлдэг. Эдгээр ашиглалтын лицензийг 87 аж ахуйн нэгж эзэмшдэг. Үүнээс жилдээ 12-15 аж ахуйн нэгж тогтмол ажилладаг. Үлдсэн аж ахуйн нэгж нь ажилладаггүй. Лицензийнхээ төлбөрийг төлөөд явдаг. Яг үйл ажиллагаа эрхэлдэггүй. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн 66.9 га талбай оногддог. Энэ нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 0.18 хувийг эзэлж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 85 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн нутаг дэвсгэрийн багагүй хувийг эзэлж байна. Ашигт малтмалын төрлөөр нь авч үзвэл хоёр үндсэн чиглэлтэй. Алтны хоёр лицензийг нэг компани эзэмшдэг. Үүнээс гадна алт, зэсийн илэрцтэй орд хоёр, алт мөнгө гэсэн илэрцтэй орд нэг байна" гэх мэдээллийг өглөө.

ИХЭНХ СУМАНД АЛТНЫ ЧИГЛЭЛЭЭР ЛИЦЕНЗ ОЛГОЖЭЭ

Хэдийгээр Баянхонгор аймагт уул уурхайн чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй аж ахуйн нэгж байдаг ч лиценз олголтынхоо тоогоор толгой зохидог аймгийн тоонд зүй ёсоор багтдаг. Тухайлбал, тус аймгийн Баян-Уул суманд л гэхэд ашиглалтын долоон лиценз олгогджээ. Эдгээр лиценз нь бүгд алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид очжээ. Харин Бөмбөгөр суманд 24 тусгай зөвшөөрөл олгогдсон байна.

Энэ талаар аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэлэхдээ "Бөмбөгөр суманд 24 лиценз олгогдсон байдаг. Үүнээс 20 лиценз нь алтны чиглэлээр, төмрийн хоёр орд, алт холилдсон нэг, алт зэсийн нэг орд байна. Баян-Өндөр суманд алтны тав, Баянцагаан суманд нүүрсний нэг, Бууцагаан суманд алтны нэг, Жаргалан суманд ашигт малтмалын чиглэлээр таван лиценз олгогдсон байдаг. Жинс суманд ашиглалтын алт зэсийн холимог орд нэг, Шинэжинст суманд 10 тусгай зөвшөөрөл олгосон байна" гэж ярилаа.

Баян-Уул болон Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрийг дамнасан хоёр тусгай зөвшөөрөл байдаг аж. Эдгээр хоёр тусгай зөвшөөрлийг алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж эзэмшдэг байна. Гэхдээ дээрх олон ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн 12-15 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг баянхонгорчууд тайлбарлахдаа ямар нэгэн багаж, хэрэгсэл ашиглаад илрүүлсэн орд газрыг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан хэр нь тэрийгээ ашиглах сонирхолгүй, бусдад зарах сонирхолтой байдаг гэж ярьж байна. Хэрэв дээрх олон тооны лицензийг тухайн аж ахуйн нэгж нь хариуцлагатай уул уурхайн хүрээнд ашиглаж чадвал аймгийн эдийн засагт түлхэж өгөх байсан талаар хэлж байгаа юм.

Г.БАТЖАРГАЛ: УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХАТУУ БОДЛОГО БАРЬЖ АЖИЛЛАДАГ

Баянхонгор аймгийн зүгээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулдаг байна. Уул уурхайн салбарт хатуу бодлого барьж ажилладаг талаар ярьж байна.

Энэ талаар Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал "Манай аймагт олон аж ахуйн нэгж ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Аймгийн зүгээр тэдгээр аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахдаа хатуу бодлого барьж ажилладаг. Өнгөрсөн онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийг шалгахдаа бичиг баримтын бүрдэл бүрэх хангасан тохиолдолд л үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. Ийм ч шаардлагыг тавьж ажиллаж байна. Хууль, тогтоомжид дурдагдсан 28 нэр төрлийн бичиг баримт нь бүрэн эхээрээ бий болсноор үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Харамсалтай нь, эдгээр бичиг баримтыг хангаагүйгээсээ болж орон нутагт төрийн байгууллагуудад маш их хүндрэлийг бий болгодог. Үндсэндээ бичиг, баримтын бүрдэл дутуу, хууль зөрчиж үйл ажиллагаа явуулах тохиолдол байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд зөрчил буурч байна" хэмээн мэдээллийнхээ төгсгөлд хэллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.28) 2019 оны 11 сарын 26

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Top