Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гийн гишүүн орнууд 70 жилийн ой тохиож байна. АНУ-аар удирдуулсан буурал европын баруунтай орших их гүрнүүд эв санаагаараа бус зэвсэглэлээр эвссэний 70 жилийн Арай өөрөөр хэлбэл төмөр хөшиг нээгдэхэд тайзан гарч ирээд нийтээрээ социалист системийн эсрэг гар гараасаа хөтлөлцөн тайзан дээр гарч ирснээс хойш түүхийн хуудас 70 удаа солигджээ. Энэ хооронд төмөр хөшиг тайзнаас буусан ч сөргөлдөх үзэл нь амь бөхтэй, системийн эсрэг эвссэн ч гишүүн улсууд нь долгионтой байсаар өдийг хүрснийг олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Төмөр хөшигний урд
Их Британийн суут улстөрч, яхир өвгөн Уинстон Черчиллийн амнаас гарсан “Төмөр хөшиг”-өөс өнөөгийн НАТО үүссэн түүхтэй. АНУ-ын Миссури мужийн Фултон хотын их сургуулийн индэр дээрээс буурал тив үзэл суртлаараа хоёр хуваагдсаныг егөөдөн ийнхүү хэлжээ.
Черчиллийн тодорхойлсон төмөр хөшгийг европ даяар цаашлаад дэлхий даяар татсан хүн бол Харри Труман юм. Улс төр, геополитикийн ээдрээт нөхцөл байдал дайнаас илүү үл ойлголцол авчирсан долгионтой он жилүүдэд АНУ-ын жолоог атгасан Харри Труман системээ аврах бодлого боловсруулжээ. Түүхийн хуудсанд “Труманы номлол” гэж тамгалагдсан энэ бодлого яв явсаар Умард Атлантын цэргийн эвсэл бий болох үүтгэл болсон юм. Труман тухайн цаг үедээ Европын эдийн засгийг хөгжүүлэх зорилго бүхий 13 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрүүлэх ерөнхий төлөвлөгөө гэгчийг боловсруулав.
Труман системээ хамгаалах гэж хичээж байх зуур Их Британи, Бельги, Нидерланд тэргүүтэй баруун европын улс гүрнүүд 1948 онд Брюсселийн тунхгийг соёрхон баталлаа. Уг тунхагт Баруун европын улс орнууд болзошгүй дайн самуунаас сэргийлэхийн тулд цэргийн эвсэл байгуулах тухай тусгасан байжээ. Үүнээс ердөө жил хүрэхгүй хугацааны дараа буюу 1949 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр ЗХУ-ын болзошгүй дайралт, аюул заналхийллээс хамгаалах зорилготой Умард Атлантын цэргийн эвсэл албан ёсоор байгуулагдсан юм. АНУ, Британи, Франц, Бельги тэргүүтэй 12 улсын хүч нөлөөгөөр байгуулагдсан уг бамбайн цэргийн командлалыг АНУ-ын ирээдүйн Ерөнхийлөгч, генерал Дуайт Эйзенхауэр удирдсан билээ.
НАТО анх байгуулагдахдаа Холбоотны цэргийн командлал, Холбоотны хуваарилах командлал гэсэн стратегийн хоёр бүтэцтэй байв. Холбоотны цэргийн командлал Бельги улсад байдаг бол Холбоотны хуваарилах командлал АНУ-д төвлөрч байсан түүхтэй.
Үүнээс ердөө жил хүрэхгүй хугацааны дараа буюу 1949 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр ЗХУ-ын болзошгүй дайралт, аюул заналхийллээс хамгаалах зорилготой Умард Атлантын цэргийн эвсэл албан ёсоор байгуулагдсан юм.
Хүйтэн дайны нурам дээр
Нэгэн цагт дайны фронтод нэгдэж байсан гүрнүүд баруун талдаа гарсан нь Черчиллийн тодорхойлсон хөшгийг тэс өөрөөр эргүүлж орхив. Нөгөө системийн улсууд нь эвсэн нэгдээд хоёр шатлалт командлал байгуулаад байхад социалист лагерийн улсууд зүгээр байхгүй нь ойлгомжтой. ЗХУ тэргүүтэй социалист системийн улс гүрнүүд 1955 оны тавдугаар сарын 14-ний өдөр Варшавын гэрээг батлав. НАТО-той ижил ч эсрэг дүр нь болсон энэ байгууллага капиталист орнуудын болзошгүй халдлагаас хамгаалах зорилготой байлаа. Хамгийн гол нь ЗХУ-ын системд багтдаг улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдалд ямар нэгэн байдлаар халдсан тохиолдолд гишүүн орнууд нэгдэн эрх ашгаа хамгаална гэдгийг хатуу дурдсанаараа л ялгарч байсан юм.
Нөгөө талд үйл явц дэндүү хурдан өрнөж байх хооронд Умард Атлантын цэргийн эвсэл гишүүн орнуудынхаа дунд цэргийн нэгдсэн сургууль зохион байгуулна гэдэг дээр санал нэгджээ. Улмаар 1966 онд Францын Ерөнхийлөгч Шарль дө Голийн санаачилгаар АНУ-ын батлан хамгаалах яамаар удирдуулсан цэргийн нэгдсэн хээрийн сургууль зохион байгуулсан юм. Дараа жил нь НАТО-гийн төв байрыг Францын нийслэл Парисаас, Бельгийн Брюссель рүү нүүлгэсэн билээ.
Жингийн туухай хазайв
Хүйтэн дайн ид хүчээ авч байх хооронд гишүүн орнуудын хүчний тэнцвэр алдагдах болов. Цөмийн зэвсэглэл гэх энэ гол шалтгаан НАТО-г цаашид ямар бодлого баримтлах вэ гэдгийг шийдэх эргэлтийн цэг байлаа. Гишүүн орнуудын нэгдмэл байдлыг алдагдуулахгүй байх үүднээс АНУ болон Франц улсууд давхар түлхүүрийн системийг бий болгожээ. Энэ нь АНУ болон Франц зэрэг улсууд болзошгүй аюул заналхийллээс цөмийн зэвсэг ашиглан эрх ашгаа хамгаалах, АНУ болон гишүүн орнуудад хориглоогүй бол дипломат ажиллагаа эсхүл бусад зэвсэглэл ашиглан хамгаалах зэргийг давхар зааж өгсөн юм.
Жингийн тухай хазайх хооронд Варшавын гэрээг ч, НАТО-г ч сорих олон үйл явдал болсон. Берлиний хана босож эхэлсэн 1961 он, ЗХУ-ын арми Афганистаныг эзлэн түрэмгийлсэн 1979 онд НАТО болон Варшавын гэрээнд нэгдсэн улсуудын дотоод зохион байгуулалтыг эрс шалгасан билээ.
Чухам ямар байгууллага нь мэдэгдэхгүй болсон сүүлийн 20 жилд хоёр системийн улс орнуудын үзэл баримтлал, чиг баримжаа илтэд өөрчлөгдсөн. Харин НАТО энэ хооронд өөрчлөгдсөнгүй, Атлантын нуруу ч тэнийсэнгүй.
Атлантын нуруу тэнийсэн үү?
Гагцхүү социалист системээс айсан айдас НАТО-г бий болгосон болон 1990 он гармагц огт өөр нөхцөл байдалд шилжлээ. Сөргөлдөх дайсан, айсан систем нь 1990-ээд оноос алгуур сарних болов. ЗХУ-ын шинэхэн удирдагч Михайл Горбачев 1989 онд хүйтэн дайныг эцэслэн, төмөр хөшгийг яз татах перестройка буюу өөрчлөн байгуулалт, гласность буюу ил тод гэх бодлогоо ам бардам танилцуулсан билээ. Хувь заяаны шоглоомоор хоёр үгээр тодорхойлсноос болж үүссэн НАТО, хоёр үгээр тодорхойлсон бодлогоос болж тэмцэх зүйлгүй болж хувирав. Горбачевийн тодорхойлолтоос хоёр жилийн дараа Варшавын гэрээ хүчингүй болж, НАТО улам хэцүү нөхцөл байдалд хүрсэн билээ.
НАТО улам буланд шахагдаж, тэмцэх зүйлгүй мэт болж “...ЗХУ-ын болзошгүй дайралтаас...” гэх тодорхойлолтоо “Зүүн Европын улс орнууд” гэж өөрчлөхөөс өөрийг хийгээгүй юм. Энэ хооронд Варшавын гэрээний гишүүн байсан орнууд “Энх тайвны хамтын ажиллагаа” гэж мөн адил нэрээ өөрчилж байлаа.
Хувь заяаны шоглоомоор хоёр үгээр тодорхойлсноос болж үүссэн НАТО, хоёр үгээр тодорхойлсон бодлогоос болж тэмцэх зүйлгүй болж хувирав.
Чухам ямар байгууллага нь мэдэгдэхгүй болсон сүүлийн 20 жилд хоёр системийн улс орнуудын үзэл баримтлал, чиг баримжаа илтэд өөрчлөгдсөн. Харин НАТО энэ хооронд өөрчлөгдсөнгүй, Атлантын нуруу ч тэнийсэнгүй. Английн The Times сэтгүүлийн тодорхойлсноор “Үеэ өнгөрөөсөн хөгшин өвгөн” лугаа болжээ. Яг одоо гишүүн орнууд ирээдүйгээ тодорхойлж байгаа. Гэхдээ хэрхэн яаж гэдэг нь ойлгомжгүй байгаа тул сэтгүүл зүй, эрдэмтэн судлаачид нь ч шийдвэр гаргагчдад НАТО-г эрс өөрчлөхийг уриалсаар...
Сэтгэгдэл ( 1 )
Gorbachev hojuu toroh baij