Ливийн асуудлыг ливичүүд өөрсдөө шийдвэрлэнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

Ливийн асуудлаарх олон улсын бага хурлын оролцогчид хамтарсан мэдэгдэл гаргаж, тус улсын газар нутагт гал зогсоох үйл явц эхэлснээс хойш цэргийн бүхий л хөдөлгөөнийг зогсоохыг уриаллаа гэж Германы нийслэл Берлин хотноо ням гарагт болсон олон улсын бага хурлын үр дүнгээр гаргасан баримт бичигт онцолжээ. Талууд мөн олзлогсдыг солилцох зэрэг итгэлцлийг бэхжүүлэхэд дөхөм болох бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалжээ. Оролцогчид тус улсад зэвсэг нийлүүлэхийг хориглох тухай НҮБ-ын тогтоолыг баримтлах тохиролцоонд хүрснээс гадна Ливи дэх мөргөлдөөнд оролцож буй зэвсэгт бүлэглэлүүдэд цэргийн тусламж үзүүлэхгүй гэж Германы канцлер Ангела Меркель мэдэгдэв.

Берлиний дээд хэмжээний уулзалтад Ливийн сөргөлдөгч гол хоёр бүлэглэлийн тэргүүн болох НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн засгийн газрын тэргүүн Файез ас Сарраж болон Ливийн үндэсний армийн генерал Халифа Хафтар нар оролцсон ч ганцаарчилсан уулзалт хийхээс татгалзсан байна. Берлиний бага хуралд Германы канцлер Ангела Меркель, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Еврокомиссын дарга Урсула фон дэр Ляйен,  Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах ас-Сиси, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео  нар оролцжээ.

Дээд хэмжээний уулзалтаар талууд өнгөрсөн долоо хоногт Триполи хотноо тогтоогоод буй гал зогсоох дэглэмийг улс төрийн үйл явцыг урагшлуулах үүднээс тогтвортой үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Ингэхдээ гал зогсоох дэглэмийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий тусгай хороог сөргөлдөгч тал бүрээс тус бүр таван цэргийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байгуулна гэж Меркель мэдэгдсэн байна.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Ливийн сөргөлдөгч талууд зөвшилцөлд хүрэхэд хол буйг хүлээн зөвшөөрчээ. Хэдийгээр бага хурал харьцангуй үр дүнтэй болсон ч эцсийн дүнд асуудлыг ливичүүд өөрсдөө шийдвэрлэнэ гэж тэрбээр дурдаад сөргөлдөгч талууд асуудалд хэт ялгаатай хандаж байгаа тул тэдний хооронд тогтвортой яриа хэлэлцээг явуулах боломж одоогоор бүрдээгүй байна гэж дүгнэжээ. Ливи дэх мөргөлдөөн зогсох эсэх нь гаднын оролцогч, ялангуяа ОХУ-аас шалтгаална гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мөн мэдэгдсэн.

Ливийн мөргөлдөөнийг шийдвэрлэх Берлиний бага хурал онолын хувьд маш чухал хэдий ч практик дээр жижиг алхам юм гэж шинжээчид дүгнэж байна. Онолын хувьд талууд тохиролцоонд хүрсэн асуудлаа бүгд хэрэгжүүлэх аваас энэ нь том алхам болох юм. Гэтэл ялангуяа Египет, Арабын Нэгдсэн Вант Улсын зүгээс Хафтарыг дэмжихээ зогсоож, гал зогсоох дэглэмийг хүндэтгэхийг ятгах итгэл төгс байр суурь нь харагдахгүй байна. Хэдийгээр олон улсын нийгэмлэг зэвсэг нийлүүлэлтэд хориг тавих тал дээр нэгдмэл байр суурь илэрхийлсэн ч энэ нь цоо шинэ тохиролцоо биш юм. Тиймээс талууд мухардмал байдлаас ойрын үед гарна гэдэгт ажиглагчид итгэлтэй бус байна. Хафтар Триполиос цэрэг армиа гаргахаар зөвшөөрч, аюулгүй байдал болон улс төрийн асуудлаарх тусгай хороод үр дүнтэй ажиллаж эхэлбэл Берлиний бага хурал үр дүнгээ өгч, үндэсний нэгдлийн шинэ засгийн газар бүрэлдэх боломж үүснэ. Гэхдээ энэ тал дээр шинжээчид өөдрөг бус байр суурьтай байна.

Гал зогсоох дэглэмийг зөрчвөл хориг арга хэмжээ авна

Берлиний бага хуралд оролцогчид Ливи улсын газар нутагт тогтоосон гал зогсоох дэглэмийг зөрчсөн талын эсрэг хориг арга хэмжээ авахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд уриалжээ. Түүнчлэн, гал зогсоох дэглэмийг хянах техникийн хороог даруй байгуулах замаар талуудын хооронд яриа хэлэлцээ хийхэд нь дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.

Түүнчлэн, Ливи улсад зэвсэг нийлүүлэхийг хориглох тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг бүрэн хэмжээгээр хүндэтгэн, хэрэгжүүлэх тохиролцоонд талууд хүрэв. Энэ хүрээнд НҮБ болон бусад үндэсний болон олон улсын хяналтын механизмыг бэхжүүлж, далай, агаар болон хуурай газрын орон зайд ажиглалт хийх бүхий л боломжуудыг ашиглахаас гадна, хиймэл дагуулаас ирүүлсэн гэрэл зураг, дүрсийг ашиглахаар болжээ.

Сирийн газрын тосны объектуудын аюулгүй байдалд баталгаа өгч, газрын тосны дэд бүтцийн эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулахгүй байх амлалт өгсөн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол ёсоор Үндэсний газрын тосны корпорац нь Ливийн цорын ганц хууль ёсны бие даасан газрын тосны компани бөгөөд түүний объектуудын аюулгүй байдлыг хангах тал дээр оролцогчид баталгаа олгохыг уриаллаа.

Берлиний бага хуралд оролцогчид мөн Ливи дэх зэвсэгт мөргөлдөөн болон дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх үүрэг амлалт авав. Ингэхдээ Ливийн улс төрийн болон эвлэрлийн үйл явцад НҮБ голлох үүрэг гүйцэтгэх юм. Талууд мөн Бенгази, Дерна, Музрук, Себха, Сирт, Триполи зэрэг хотуудыг юуны өмнө сэргээн босгох зорилгоор ирээдүйд бүрэлдэх нэгдсэн засгийн газрын хяналт дор Ливийн эдийн засгийг сэргээх механизмыг бий болгох санал гаргасан байна.

Олон улсын хороо

Ливийн асуудлаарх олон улсын бага хурлын үр дүнгээр Олон улсын зохицуулах хороог байгуулах шийдвэрт хүрчээ. Энэхүү хороо нь НҮБ-ын ивээл дор үйл ажиллагаа явуулах юм.

Түүнчлэн, Ливийн улс төрийн зөвшилцлийн бий болгох үүднээс Ерөнхийлөгчийн зөвлөл болон сөргөлдөгч хүчнүүдийн төлөөллийг оролцуулсан, тус улсын парламентаас баталсан нэгдсэн засгийн газрыг байгуулахыг талууд уриалсан байна. Энэ хүрээнд хараат бус, чөлөөт сонгууль явуулахаар заасан бөгөөд улс төрийн үйл явцын хэрэгжилтийг хангахад НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Африкийн холбоо, Арабын орнуудын холбоо болон Европын холбоо онцгой үүрэг гүйцэтгэх юм. Баялгийн тэгш, шударга, хариуцлагатай хуваарилалт хангагдсанаар сөргөлдөөний гол шалтгааныг арилгах боломжтой болно гэж талууд үзэж байна.

“Тав+Тав” механизмыг бий болгоно

Хамтарсан мэдэгдэлд цэргийн хяналтын “Тав+Тав” комиссыг байгуулах тухай чухал заалт орсон бөгөөд үүнд Ливийн Ерөнхий сайд ас-Сарраж, фельдмаршал Халифа Хафтар нар төлөөлөгчдөө оролцуулахаар болсон нь эерэг алхам гэж үзжээ. Энэ хүрээнд үр дүнтэй яриа хэлэлцээ явуулах зорилгоор талууд гал зогсоох дэглэм мөрдөгдөх хугацаанд аливаа цэргийн ажиллагаа явуулахаас түдгэлзсэн байна.

Энэхүү комисс сөргөлдөгч талуудын хооронд эвлэрлийг бэхжүүлэх гол хэрэгсэл болох ёстой гэж Германы канцлер Ангела Меркель онцолсон бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Тав+Тав” комисс ойрын үед Женев хотноо хуралдана хэмээн мэдэгджээ.

Берлиний бага хурлаас гарсан шийдвэрүүд ойрын хугацаанд хэрэгжиж эхлэхгүй ч ийм механизм зарчмын хувьд бий болох нь эерэг алхам юм. Гаднын тоглогчид сөргөлдөөнөөс залхаж, асуудлыг шийдвэрлэхийн тулд хүчээ нэгтгэхэд бэлэн буйг эл арга хэмжээ харууллаа гэж шинжээчид дүгнэжээ. Шууд яриа хэлэлцээнээс илүү хөндлөнгийн оролцооноос татгалзсанаар тодорхой үр дүнд хүрэх боломжтой гэж тэд үзэж байна. Тиймээс олон улсын тоглогчид өөр хоорондоо тохиролцоонд хүрэх нь чухал. Дараагийн алхам нь эдийн засгийг сэргээх, хараат бус бүтцийг сэргээн байгуулах зэрэг асуудал юм.

Ливийн иргэний дайн

2011 онд Муаммар Каддафийн дэглэм нурснаас хойш Ливи улс нэгдмэл улс байхаа больж, иргэний дайнд нэрвэгдээд байна. Генерал Халифа Хафтараар удирдуулсан Ливийн Үндэсний армийн дэмжлэгтэй ард түмнээс сонгогдсон парламент тус улсын зүүн хэсгийг хянаж байгаа бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн Хафтарын арми Триполи хот дахь ас-Сарражийн тэргүүлсэн засгийн газрыг дэмжигч хүчний эсрэг давшилтыг эхлүүлсэн юм. НҮБ-ын дэмжлэгтэй байгуулагдсан Ас-Сарражийн тэргүүлсэн засгийн газар Триполи болон улсын баруун бүс нутгийг хянадаг.

Олон жил үргэлжилж буй иргэний дайны улмаас олон зуун энгийн иргэн амиа алдаж, 150 мянга гаруй энгийн иргэн орон гэрээ орхин дүрвэснээс 90 мянган нь хүүхэд. Энэ хугацаанд 200 мянга орчим хүүхэд сургуулиас завсарджээ. Нийт 823 мянган хүн, тэр дундаа 250 мянган хүүхдэд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top