Турк улс Ливид цэргээ илгээж эхэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улс Ливи руу цэргээ илгээж эхэлсэн тухай мэдэгджээ.

Эрдоганы хэлснээр, Туркийн цэргүүд Ливийн хууль ёсны засгийн газрын /Триполи/ аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэх аж. Ингэхдээ Эрдоган Туркийн Зэвсэгт хүчний цэргүүд Ливид хүрсэн эсэх талаар тодруулаагүй байна.

Түүний хэлснээр, өдгөө Ливи улсад “Вагнер” хувийн цэргийн бүлэглэлийн 2.5 мянган дайчин, Суданы зургаан мянган цэрэг үүрэг гүйцэтгэж буй тул Ливийн хууль ёсны засгийн газрын хүсэлтээр Турк цэргээ илгээж байна хэмээн Эрдоган тодруулжээ.

Ерөнхийлөгч Эрдоган илүү өргөн, стратегийн зорилго агуулж байна гэж шинжээчид үзэж байна. Турк улс Ливийг Газар дундын тэнгисийн дорнод хэсэг дэх нөлөөллийн бүс, Африк дахь эдийн засгийн гол түнш гэж үздэг. Туркийн энэ алхмыг тус бүс нутгийн эрчим хүчний зах зээлийн бусад тоглогч нарт өгч буй анхааруулга гэж зарим судлаачид мөн үзэж байна. Учир нь өдгөө Европ руу хийн хоолойг Анкаратай зөвлөлдөхгүйгээр тавих илүү хүндрэлтэй болж байгаа юм.

Ливийн иргэний дайн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Ливийн үндэсний армийн фельдмаршал Халифа Хафтар Триполийг эзлэх дайралтаа эрчимжүүлснээс үүдэн идэвхэжсэн юм. Өдгөө Ливийн мөргөлдөөн гуравдагч талуудын бүс нутгийн эрх ашгаас илүү хамааралтай болоод байна. НҮБ Триполи дахь засгийн газрын албан ёсоор хүлээн зөвшөөрдөг бөгөөд нөхцөл байдлыг хурцатгахгүйн үүднээс тус улсад зэвсэг нийлүүлэхийг хориглоод байгаа юм. Триполи барууны дэмжлэгийг хүлээдэг бол генерал Хафтар Арабын Нэгдсэн Эмират, Иорданаас их хэмжээний тусламж авдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top