АНУ-аас Ирак, Сири, Афганистан, Сомалид явуулсан цэргийн ажиллагааны үеэр 2019 онд 132 энгийн иргэн амиа алдаж, 91 энгийн иргэн шархадсан гэж АНУ-ын батлан хамгаалах яамнаас гаргасан тайланд дурджээ.
Өнгөрсөн онд Йемен, Ливид явуулсан цэргийн ажиллагааны үеэр хүн хохироогүй байна. Зөвхөн Афганистанд гэхэд цэргийн ажиллагааны үеэр 108 энгийн иргэн амь үрэгдэж, 75 хүн шархаджээ. Пентагоны мэдээлснээр, Ирак, Сирид 22 энгийн иргэн амь үрэгдэж, 13 хүн шархадсан байна. Сомалид хоёр иргэн амь үрэгдэж, гурван иргэн шархаджээ.
“Airwars” төрийн бус байгууллагын мэдээллээр, өнгөрсөн жил АНУ тэргүүтэй эвслээс явуулсан цэргийн ажиллагааны улмаас зөвхөн Сирид л гэхэд 465-1123 энгийн иргэн амь үрэгдсэн байна.
Батлан хамгаалах департаментаас Конгресст танилцуулсан энэ тайлан АНУ-ын цэргийн ажиллагаа ил тод, тунгалаг байдлын хувьд дэвшил гаргасныг илтгэж байна гэж “Amnesty International” байгууллагын төлөөлөгч Дафни Эвиатар онцлоод гэхдээ тайлангийн агуулгаас үзвэл Пентагон амь үрэгдсэн энгийн иргэдийн тоог дарсан байх магадлалтай байна гэжээ.
“Иргэний эрх чөлөөг хамгаалах Америкийн холбоо” ТББ мөн энэхүү тайланг шүүмжилжээ. Тус холбооны тэргүүн Нина Шамси мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа амь үрэгдсэн, шархадсан энгийн иргэдийг дутуу бүртгэсэн гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )