Ливийн үндэсний армийн тэргүүн фельдмаршал Халифа Хафтар Файез аль Сарражийн тэргүүлсэн Триполийн засгийн газартай гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зуралгүй Москва хотыг орхин явжээ.
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын өмнө нь мэдэгдсэнээр, баримт бичигт Ливийн сөргөлдөгч талууд Моксва хотноо гарын үсэг зурсан ч Хафтар нэмэлт хугацаа хүссэн байна. Тэрбээр баримт бичигт Ливийн үндэсний армийн хэд хэдэн шаардлагыг тусгаагүй тул гарын үсэг зураагүй хэмээн тайлбарласныг Al Arabiya мягмар гарагт /2020.12.14/ мэдээлжээ. Sky News Arabia телевизийн мэдээлснээр, Хафтар өөрийн армийг Триполид оруулах, үндэсний нэгдлийн засгийн газрыг байгуулах тал дээр хүчтэй зогсож, гал зогсоох дэглэмийн хэрэгжилтэд хийх олон улсын хяналтад Туркийг оролцуулахгүй байхыг уриалж, Сири, Туркийн хөлсний цэргүүдийг гаргах шаардлага тавьжээ.
Москва хотноо даваа гарагт болсон яриа хэлэлцээний үеэр Сирийн сөргөлдөгч талууд Сарражийн засгийн газар, Хафтарын хооронд энхийн хэлэлцээр байгуулах боломжийг хэлэлцсэн юм. Үүнээс өмнө баримт бичигт Сарраж, Төрийн дээд зөвлөлийн тэргүүн Халед Мишри нар гарын үсэг зурсан. Хэлэлцээрийн төсөлд сөргөлдөгч талууд гал зогсоох нэгдмэл ашиг сонирхлыг тодорхойлж, Ливи улсад тогтвортой байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган нар Ливийн талаар баримтлах байр суурийг зөвшилцөж, сөргөлдөгч талуудыг энэ сарын 12-ны шөнөөс гал зогсоож, хэлэлцээний ширээний ард суухыг уриалсан билээ. Хафтар энэхүү санаачилгыг дэмжсэн хэдий ч өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлсэн Триполийг чиглэсэн давшилтаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгджээ. Сарражийн зүгээс гал зогсоох санаачилгыг мөн дэмжихээ илэрхийлж, гэхдээ Ливийн үндэсний армийн анги нэгтгэлүүдийг Триполийн газар нутгаас гаргах нөхцөл тавьжээ. Тэрбээр даваа гарагт өнгөрсөн хуудсыг эргүүлж, сөргөлдөөнд цэг тавин, тогтвортой байдал, энх тайвныг тогтоох чиглэлд алхахыг уриалсан байна.
Ливийн удирдагч Муаммар Каддафийг 2011 онд төрийн эрхээс нь буулгаж, амь насыг нь хөнөөсний дараа тус улс нэгдмэл улс байхаа больсон билээ. Одоогоор тус улсын зүүн хэсэгт ард түмнээс сонгогдсон парламент ажиллаж байгаа бол баруун хэсэг болон Триполи хотыг НҮБ, Европын Холбооны дэмжлэгтэй байгуулагдсан Сараажийн тэргүүлсэн засгийн газар удирдаж байгаа юм. Зүүн Ливийн эрх баригчид Триполигоос ангид үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд фельдмаршал Халифа Хафтарын тэргүүлсэн Ливийн үндэсний армийн дэмжлэгийг хүлээдэг.
НҮБ-ын мэдээллээр, Хафтарын арми Триполийг чиглэлд давшилтаа эхлүүлснээр хойш 280 энгийн иргэн, 2000 цэрэг амиа алдаж, 146 мянган энгийн иргэн дүрвээд байна.
Сэтгэгдэл ( 0 )