НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ливийн үндэсний армийн фельдмаршал Халифа Хафтарыг Триполи хотод агаараас цохилт өгсөн явдлыг буруушааж, цэргийн ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалжээ.
Гутеррешийн Ливи дэх тусгай төлөөлөгч талуудын хооронд яриа хэлэлцээ хийхэд нь зуучлахад бэлэн буйг мөн илэрхийлжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Хафтарын арми болон Үндэсний эв нэгдлийн засгийн газрын армийн хоорондын мөргөлдөөний улмаас 51 хүн амиа алдаад байна.
Ливийн үндэсний армийн бригадын генерал Ахмед аль-Мисмари Триполи дахь Үндэсний эв нэгдлийн засгийн газрыг “хууль бус” хэмээн тодорхойлсны дараа Халифа Хафтар Триполи руу дайрах тушаал өгснөөр мөргөлдөөн эхэлсэн.
Триполид байрлаж буй Фаиз Сараж тэргүүтэй Үндэсний эв нэгдлийн засгийн газар болон Тобрукт байрлаж буй Абдалла Ат-Тани тэргүүтэй түр засгийн газар хоёрын дунд эвлэрүүлэх олон улсын нийгэмлэгийн удаа дараагийн оролдлого бүтэлгүйтээд байгаа билээ.
Давшилт эхэлсний дараахан Фаиз Саражийн танхимын гишүүд Тунис руу зугтсан. Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр засгийн газрыг дэмжигч хүчнийхэнд тусламж үзүүлэхээр Мисуратын зэвсэгт бүлэглэлүүд Триполид орж ирсэн. Мөн өдөр Ливийн үндэсний арми Ливийн нийслэлийн төвөөс 10 км-ийн зайд тулж ирсэн бөгөөд Триполи хотын олон улсын нисэх онгоцны буудлыг бүрэн хяналтад авснаа зарласан.
Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Триполи хотоос 2.2 мянган хүн дүрвэн зугтсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )