Хафтар Триполид шийдвэрлэх тулаан эхэлснийг зарлаж, гаднын дипломатууд хотыг орхин гарч байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 13

Ливийн үндэсний армийн командлагч, маршал Халифа Хафтар Ливийн нийслэл Триполи хотноо шийдвэрлэх тулаан эхэлснийг зарлалаа гэж Al-Arabiya суваг мэдээлжээ. Түүний мэдээлснээр, Ливийн үндэсний арми нийслэл хотыг чөлөөлөхөөр хотын төв рүү давшиж байгаа аж. Ливийн үндэсний армийн эсрэг байлдаж буй босогчдыг гэртээ үлдэхийг уриалаад энэ тохиолдолд тэдний аюулгүй байдлыг баталгаажуулна хэмээжээ.

Барууны улс орнуудын дипломатууд энэ мэдэгдлийн дараа Ливийн нийслэл орхин гарч байна. Тэд хотын баруун Жанзур дүүргээр дамжин, Ливийг орхин гарч байгаа аж. Гэхдээ энэхүү мэдээллийг дипломат төлөөлөгчийн газруудаас ч тэр, Триполийн эрх баригчдын зүгээс ч тэр албан ёсоор баталгаажуулаагүй.

Одоогоор авсан мэдээллээс үзвэл, Хафтарын арми эрчимтэй дайралтад орж, эсрэг талын хэд хэдэн байрлалыг эзлэн, цааш давшин улсын эрэг орчмын бүсэд хяналтаа тогтоохоор тулалдаж байна.

Энэ үеэр Триполийн засгийн газрыг дэмжиж буй хүчнүүд байлдааны бэлэн байдалд орж, Хафтарын армийн цохилтыг амжилттай хамгаалж байна гэж мэдэгдэн, фельдмаршалын энэ үйлдлийг “амиа хорлолт” хэмээжээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын 4-нд Халифа Хафтар Триполид бүгсэн алан хядагчдын бүлэглэлүүдийг устгах зорилгоор цэргийн ажиллагаа эхлэх тушаал өгч байсан билээ. Үүний хариуд Шилжилтийн үеийн үндэсний зөвлөлийн цэрэгжсэн нэгтгэлүүд “Уур хилэнгийн галт уул” нэртэй ажиллагааг явуулсан. Эл мөргөлдөөний үеэр олон зуун хүн амиа алдаж, дэд бүтцийн чухал чухал объектууд сүйтгэгдэж, олон мянган энгийн иргэн орон гэрээсээ дүрвэжээ.

Ливийн удирдагч Муаммар Каддафийг 2011 онд төрийн эрхээс буулгаж, амь насыг нь хөнөөсний дараа Ливи улс нэгдсэн байдлаа алдаж, тус улсын зүүн хэсэгт ард түмнээс сонгогдсон парламент, баруун бүс нутаг болон Триполид НҮБ, Европын холбооны дэмжлэгтэйгээр байгуулагдсан засгийн газар эрх барьж байна. Зүүн бүсийн эрх баригчид маршал Халифа Хафтар тэргүүтэй Ливийн үндэсний армитай хамтран ажиллаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top