Ливийн нийслэл Триполи хотын ойролцоо байрлаж буй дүрвэгсдийн хуаран руу агаараас цохилт өгсний улмаас 40 хүн амиа алдаж, 80 орчим хүн шархаджээ.
Үүнээс өмнө Ливийн “Al-Marsad” сонинд Халифа Хафтараар удирдуулсан Ливийн үндэсний армийн агаарын цэргийн хүчнийхэн Триполи хотод агаарын цэргийн ажиллагаа эхлүүлж буй талаар мэдээлж, энгийн иргэдийг цэргийн объектуудаас хол байхыг зөвлөж байжээ.
Энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр зүүн Ливийн үндэсний армийн командлагч Халифа Хафтар нийслэл Триполи хотыг алан хядагчдаас чөлөөлөх зорилгоор давшилт эхлүүлэхийг өөрийн анги нэгтгэлүүддээ тушаасан билээ. Триполи дахь Засгийн газрыг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүд “Уур хилэнгийн галт уул” нэртэй хариу ажиллагаа эхлүүлж буй талаар мэдэгдсэн. Сүүлийн хэдэн хоног Ливийн үндэсний армийн агаарын цэргийн хүчнийхэн Триполи дахь зэвсэгт бүлэглэлүүдийн байрлал болон зэвсгийн агуулах руу хэд хэдэн цохилт өгөөд байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр Триполи хотноо болж буй мөргөлдөөний улмаас 740 гаруй хүн амиа алдаж, 4.4 мянга гаруй хүн шархаджээ.
2011 онд Ливийн удирдагч Муаммар Каддафийг төрийн эрхээс унагаж, амь насыг нь хөнөөснөөс хойш Ливи улс хоёр хуваагдаад байна. Зүүн хэсэгт ард түмнээс сонгогдсон парламент засаглаж байгаа бол баруун хэсэгт Триполи хотод НҮБ, Европын Холбооны дэмжлэгтэйгээр байгуулагдсан үндэсний зөвшилцлийн Засгийн газар үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тус улсын зүүн хэсэг Триполигоос хараат бус үйл ажиллагаа явуулж, Ливийн үндэсний армитай хамтран ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )