Спортын ертөнцийг доргиосон аймшигт ослууд

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

АНУ-ын Калифорнид гарсан нисдэг тэрэгний осол сагсан бөмбөгийн домог Коби Брайантын амь насыг авч одлоо. Харамсалтай нь хүн төрөлхтний түүх алдарт тамирчид цаг бусаар амиа алдсан олон тохиолдлыг мэднэ. Заримаас нь танилцуулъя.

Онгоцны осол

ХК “Локомотив” (Ярославль), 2011 оны 9-р сарын 7

ОХУ-ын хоккейн КХЛ лигийн “Локомотив” баг улирлын анхны тоглолтоо хийхээр Минск хотруу нислээ. Гэвч ЯК-42 онгоц “Туношна” нисэх буудлаас хөөрөөд хэдхэн секундийн дараа унасан юм. Онгоцонд байсан тамирчин, дасгалжуулагч, туслах ажилтнууд амь үрэгдэж, ганцхан тамирчин Александр Галимов амьд үлдсэн ч Галимов тав хоногийн дараа эмнэлэгт амьсгал хураажээ. Ослын шалтгаан нисэгчийн алдаа.


ФК “Торино”, 1949 оны 5-р сарын 4

1940-өөд оны Италийн хамгийн хүчирхэг хөлбөмбөгийн баг. Цомын тэмцээнд тав дараалан  түрүүлснийх нь дараа тус багийг хэвлэлээр “Гранд Торино” гэж нэрлэдэг болсон байв. Харамсалтай нь 1949 оны тэр өдөр Португалын Лиссабон хотод нөхөрсөг тоглолт хийгээд буцаж явсан багийн онгоц сүйрсэн билээ. 18 тоглогч, багийн 13 ажилтан амь насаа алдсан энэ осол нисэгчийн алдаанаас болсон нь тогтоогдсон юм.


ФК “Манчестер Юнайтед”, 1958 оны 2-р сарын 6

“Манчестер Юнайтед” багийн академийн шилдэг төгсөгчдөөс бүрдсэн тус багийг “Басбигийн хүүхдүүд” гэж нэрлэдэг байв. Ихэнх нь 20 нас хүрээгүй ч Европын тавцан дээр гялалзаж явсан баг. 1958 оны хоёрдугаар сарын 6-нд Германы Мюнхен хотоос хөөрсөн онгоц цасан шуурганы улмаас газарт унасан. Үндсэн багийн найман тоглогч нас барж, хоёр тоглогч хүнд гэмтсэн юм. Их Британийн Хатан хаан эмгэнэл илэрхийлж, улс орон даяар гашуудал зарлаж байв.


АНУ-ын уран гулгалтын шигшээ баг, 1961 оны 2-р сарын 15

АНУ-ын уран гулгалтын оргил үе тохиож байв. Маш олон авьяаслаг тамирчдаас бүрдсэн тус баг Прагад болох ДАШТ-д оролцохоор Бельгийн Брюссель хотод очжээ. Гэвч онгоц буухдаа дэлбэрснээс 72 зорчигч бүгд амь үрэгдсэн байна. Ачааны хэсэгт байсан нохой л амьд үлдсэн энэ ослын дараа уран гулгалтын ДАШТ-ийг цуцалсан юм. Америкчууд энэ ослын улмаас олон жилийн турш уран гулгалтын спортыг үзэхээ больсон гэдэг.


ФК “Пахтакор”, 1979 оны 8-р сарын 11

Ташкентын “Пахтакор” баг тэр үеийн ЗХУ-ын хамгийн хүчтэй багийн нэгд тооцогдож байв. Минск хотын “Динамо” багтай тоглохоор ниссэн тус багийн ТУ-134 онгоц агаар дээр өөр онгоцтой мөргөлдсөн байна. Хоёр онгоц тэр дороо дэлбэрч, нийт 178 зорчигч амиа алдсаны дотор “Пахтакор” багийн 17 тоглогч дасгалжуулагчийн хамт байжээ.


ФК “Шапекоэнсе”, 2016 оны 11-р сарын 28

Өмнөд Америкийн цомын тэмцээний финалд шалгарч, багийн түүхэндээ жинхэнэ оргил үедээ орсон энэ баг үнэхээр харамсалтай. Тэд түүхэндээ хамгийн чухал тоглолтдоо оролцож чадаагүй. Багийн онгоц Колумбын Антьокия мужид сүйрч, зургаан хөлбөмбөгчөөс бусад нь бүгд амь насаа алдсан юм. Финалын тоглолтод тэдэнтэй өрсөлдөх байсан “Атлетико Насьональ” багийнхан “Шапекоэнсе”-г тэмцээний ялагчаар тодруулах санал гаргаж, Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооноос тоглогчдод цомыг нэхэн олгосон байна.


Эмилиано Сала, 2019 оны 1-р сарын 21

Аргентины хөлбөмбөгч Эмилиано Сала жилийн өмнө 28 насандаа онгоцны ослоор амиа алдсан. Английн “Кардифф” багтай гэрээ байгуулсан Сала шинэ багтаа очихоор хувийн жижиг онгоцоор Ла.Маншийн хоолойг гаталсан юм. Гэвч онгоц далайн шуурганд сүйрсэн, олон хоногийн дараа түүний цогцсыг олсон билээ. Салагийн анхны баг болох “Сан-Мартин де Прогресо” цэнгэлдэх хүрээлэнгээ түүний нэрээр нэрлэсэн.


Машины осол

Айртон Сенна, 1994 оны 5-р сарын 1

“Формула-1” уралдаан бол хамгийн аюултай спортын төрлийн нэг. Гэхдээ алдарт Сеннагийн амь насыг авч одсон энэ осол тус уралдааны түүхэн дэх хамгийн хачирхалтай осолд тооцогддог. 34 настай Айртон Сенна замналынхаа яг ид үед уралдааны үеэр осолдож нас барсан. Цагт 200 км-ийн хурдтай явж байсан түүний машин бетонон хана мөргөсөн бөгөөд ослын шалтгааныг одоо ч тогтоож чадаагүй хэвээр.


Валерий Харламов, 1981 оны 8-р сарын 27

Валерий Харламов ЗХУ төдийгүй дэлхийн шилдэг хоккейчин байлаа. 1981 онд “Канадын Цом” тэмцээнд оролцох ЗХУ-ын шигшээ багаас хасагдсан Харламов зуслангаасаа Москва буцаж явлаа. Машиныг жолоодож байсан эхнэр Ирина нь халтиргаатай зам дээр удирдлагаа алдсанаар машин сөрөг урсгалд явж байсан ачааны ЗИЛ машинтай мөргөлдөж, хоёулаа амь алдсан. ЗХУ, ОХУ-ын шигшээ баг түүний 17 дугаарыг мөнхөлсөн юм.


Хосе Антонио Рейс, 2019 оны 6-р сарын 1

Испанийн хөлбөмбөгч Хосе Антонио Рейес “Севилья”, “Арсенал”, “Реал”, “Атлетико” багуудад тоглож, маш олон цом хүртэж байсан хүн. Тэр өдөр Хосе бэлтгэлийн дараа төрөлх Утрера хотруугаа хоёр хамаатантайгаа цуг явж байлаа. Рейес хурд хэтрүүлэн, яарч явснаас машин онхолдон шатаж, гурвуулаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.


Иван Сергеевич Ярыгин, 1997 оны 10-р сарын 11

Олимпын хошой аварга, алдарт бөх Иван Ярыгин хэдхэн сарын дараа Олон улсын бөхийн холбооны ерөнхийлөгч болох ёстой байлаа. 1997 оны тэр өдөр Ярыгин амралттай байсан ч Махачкалад болж байсан Али Алиевын нэрэмжит тэмцээнийг үзэхээр зорьсон юм. Тэмцээнээс харьж явахдаа машины жолооч алдаа гарган, мөргөлдсөнөөс Кисловодскт осолд орж, эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
рх(203.91.116.187) 2020 оны 01 сарын 29

Локомотивын ослоо Петер Бондра ”МанЮ”-гийн ослоор Данкан Эдвардс өнгөрсөн\n

0  |  0
ҮЗЭГЧ(202.180.220.172) 2020 оны 01 сарын 28

БЭСИК КУДУКОВ БАС БАЙНА ДАА

0  |  0
Top