Тамирчид олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд амжилтад хүрдэг. Гэвч байнгын стресс дунд амьдрах нь тамирчдын сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг байна. Тэд жирийн амьдралд дасан зохицож чадахгүй байх нь олон. Ингээд сэтгэл зүйн бэрхшээлээ даван туулж чадалгүй амиа хорлосон тамирчдыг танилцуулж байна.
Роберт Энке
Германы шигшээ багийн хаалгач Энке ажил, гэр бүлээ алдахаас байнга айж, зовдог байжээ. Ялагдсан тоглолт бүрийн дараа стресст ордог тул сэтгэцийн өөрчлөлттэй болох нь ойлгомжтой. Амжилт муутай улирлын дараа “Барселона” багаас гарч, зүрхний хүнд өвчтэй охиноо алдсаны дараа Энкед амьдрал утгагүй болсон юм.
“Би түүнд хөлбөмбөг бол бүх амьдрал биш, өөр олон зүйл бий гэж тайлбарлахыг оролдсон. Ямар ч аргагүй мухардана гэж байдаггүй юм, хамтдаа даван туулна гэж ярьж байлаа. Гэвч тэр бүхнийг хэт хариуцлагатайгаар хүлээн авдаг хүн байсан” гэж бэлбэсэн эхнэр нь ярьж байв.
Роберт 2009 онд 160 км, цагийн хурдтай явж байсан галт тэргэнд дайруулж, амиа хорлосон юм.
Юлия Пипер
Германы биатлонч Пипер 2014 онд 19 настайдаа уралдааны буугаараа өөрийгөө буудаж, амь насаа егүүтгэсэн. Амиа хорлосон шалтгаан нь амжилтгүй спортын замнал, бүтээгүй итгэл найдвар, сэтгэцийн өвчин байлаа. Нэг удаа тэр уралдааны үеэр мод мөргөж, хүнд гэмтсэн юм. Гэмтэл эдгэхгүй тун удсан тул Юлия сэтгэл зүйн хувьд даван туулж чадсангүй. Германы биатлоны холбооноос “Манай тамирчид Сочид медалийн төлөө өрсөлдөж байгаа энэ үед бид идэрчүүдийн шигшээ багийн тамирчин нас барсан харамсалтай мэдээ хүлээн авлаа” гэж эмгэнэл илэрхийлж байсан билээ.
Ахад Ражабли
Самбо бөхийн дэлхийн аварга Ахад Раджабли 2013 онд гэртээ самбогийн хар бүсээрээ өөрийгөө боомилсон байлаа. Эхнэрийгээ талханд явуулаад эзгүй хооронд нь амиа хорлосон байв. 51 настай Ахад дасгалжуулагчийн ажил хийж байсан ч тамирчин байх үеийн од, хийморьтой цаг нь байнга бодогддог байсан гэнэ.
Лучиан Бэлан
1986 оны Аваргуудын лигийн аварга, Румыны “Стяуа” багийн тоглогч асан Лучиан Бэлан 56 настайдаа амиа хорлосон. Ээж нь нас барснаас нэг сарын дараа тэр амиа хорлохоор шийджээ. Өмнө нь хоёр удаа мөн үхэх оролдлого хийж байжээ. Найз нөхөд, гэр бүлийнхэн нь яагаад амиа хорлосныг нь тайлбарлаж чадаагүй.
Алессио Бизори
Алессио Бизори Италийн гандболын шигшээ багийн шилдэг тоглогч байлаа. Гэвч тэр алдар хүндийн оргилд байхдаа, 24 настайдаа Европын аваргын тэмцээнд явж байхдаа галт тэргэнд дайруулж амиа хорложээ. Дасгалжуулагч Жузеппе Тедеско “Тэр юунаас ч айдаггүй байсан. Хоёр долоо хонгийн өмнө уулзахад эрч хүч дүүрэн байсан” гэж гайхаж байлаа.
Жерет Петтерсон
Америкийн фристайлийн тамирчин Жерет Петтерсон Ванкуверийн олимпод оролцож, мөнгөн медаль хүртэж байсан тамирчин. Гэвч олимпын аварга болж чадаагүйдээ гутран, архинд оржээ. Хамгийн ойр дотнын найз Тревор Ферналд нь түүний нүдэн дээр амиа хорлосны дараа Жерет үе үе амиа хорлох талаар ярьдаг болсон байна. 2011 онд тэр 911-т дуудлага өгөөд толгойндоо буудаж, амиа хорлосон юм.
Жован Бэлчер
Америк хөлбөмбөгийн “Канзас-Сити” багийн од Жован Бэлчер найз бүсгүйтэйгээ маргалдсаныхаа дараа амиа хорлосон. Эхлээд тэр найз бүсгүйгээ ээжийнх нь нүдэн дээр буудан хороогоод "City Chiefs” бэлтгэлийн бааз дээр очиж, багийнхаа ерөнхий менежер, удирдлагын нүдний өмнө амиа хорлосон байна. Буудахынхаа өмнө тэр багийн андууддаа талархал хэлж, хоёр сартай охиныг нь харж хандаж байхыг гуйгаад “Би өөрийгөө алах ёстой. Би энд байж болохгүй” гэж хэлээд гохоо даржээ.
Сэтгэгдэл ( 0 )