Дэлхийд халдварын тоогоор АНУ, ОХУ, Бразил тэргүүлсээр байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 24

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.05.24/ ээлжит мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн яамны гадаад харилцаа, хамтын ажиллагааны дарга Б.Янжмаа: Дэлхийн хэмжээнд АНУ, ОХУ, Бразил улс халдварын тоогоор тэргүүлсэн байна. Өмнөд Америкт Чили, Перу улсад халдварын тархалт нэмэгдэх төлөвтэй байна. Тухайлбал, Перу улсад халдварын тоо 115 мянга гаруй, Чилид 65 мянгыг давжээ. Европ тивд халдварын тоогоор тэргүүлж буй ОХУ-д өнгөрсөн нэг хоногт 9400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 336 гаруй болоод байна. Тавдугаар сарын 15–наас хойш тус улсад эсрэг биет илрүүлэх шинжилгээ хүн амын дунд явуулж байна. Өнгөрсөн хугацаанд Москва хотод гэхэд 50 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээний дүнд үндэслэн Москва хотын хүн амын 12.5 хувьд буюу 1.5 сая орчим хүнд эсрэг биет үүссэн гэж дүгнэсэн байна. Номхон далайн бүсийн Сингапур улсад өнгөрсөн нэг хоногт 642 шинэ тохиолдол бүртгэгдээд байна. Тус улсад өдгөө эмнэлэгт 711 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн халдвартай 16 мянга гаруй өвчтөнийг тусгайлан бэлтгэсэн байруудад тусгаарлан, хяналтад оруулаад байна. Сингапурт 14 мянга гаруй хүн эдгэрч, нийт 31 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн нэг хоногт БНСУ-д 25 шинэ тохиолдол илэрсэн бол БНХАУ-д гурван шинэ, 36 шинж тэмдэггүй халдварын тохиолдол тус тус бүртгэгджээ. Хятад улсад бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын хоёр нь Шанхай, Гуандун мужид илэрсэн бол нэг нь Жилин мужид бүртгэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top