Эрдэмтэд 100 сая жилийн настай хуванд нэгэн эртний амьтны эр бэлгийн эс хадгалагдан үлдсэнийг олжээ. Палеонтологичид Мьянмараас олдсон энэхүү гайхалтай олдворыг 3D рентген туяаны тусламжтайгаар шинжлэхэд Myanmarcypris hui эм остракодын нөхөн үржихүйн эрхтнээс эр бэлгийн эс илрүүлжээ. Остракод нь 500 сая жилийн өмнөөс өнөөг хүртэл далай, цэнгэг устай нуур, голд амьдарч ирсэн нэгэн жижиг амьтан.
Хятадын шинжлэх ухааны академийн Нанжин дахь Геологи, палеонтологийн хүрээлэнгийн судлаач Хи Вангийн хэлснээр, эл амьтан модны давирхай дотор оршихоос өмнө үржилд оржээ. Энэ нээлт нь өнөөг хүртэл хадгалагдаж үлдсэн эр бэлгийн эсийн хамгийн эртнийд тооцогдох олдвор гэж гэж “Royal Society” сэтгүүлд бичжээ. Үүнээс өмнө эрдэмтэд 17 сая жилийн настай остракодын эр бэлгийн эсийг илрүүлж байсан бол 50 сая жилийн настай нэгэн төрлийн өтний эр бэлгийн эс хамгийн эртнийд тооцогддог байжээ. Ихэнх эр амьтан маш олон тооны жижиг хэмжээтэй эр бэлгийн эстэй байдаг бол остракодын эр бэлгийн эс нь цөөн боловч хэмжээгээрээ том байсан гэж эрдэмтэд онцолжээ. Энэ нээлт хувьслын үйл явцын дэвшлийг илтгэж байна гэж эрдэмтэд онцлоод 100 сая жилийн өмнө амьдарч байсан эдгээр амьтны нөхөн үржихүйн тогтолцоо эр бэлгийн эсийн аварга том хэмжээ хувьслын тогтвортой стратегийн нотолгоо юу гэсэн асуултыг хөндөж байна гэж судалгаанд оролцсон Германы Людвиг Максимилианы их сургуулийн биологич Ренате Матцке Караж онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )