Төмөр замын тээврийн удирдлагын инженер мэргэжилтэй Ц.Эрдэнэцэцэг бүсгүй агаарын бохирдлоос шалтгаалж хүчилтөрөгч сайн ялгаруулдаг гэдэг утгаараа мөнхрөө цэцгийг анх тарьж эхэлжээ. Хүүхдээ салхилуулах гээд гарахаар гадаа бор саарал, үзэж харах юмгүй байсан нь түүнийг стресстүүлдэг байж. Ингээд цэцэгчдийн фэйсбүүк группт гурван жилийн өмнө нэгдэснээс хойш сонирхлоороо цэцэг тарьсаар одоо тэрбээр 200 гаруй цэцэгтэй болсон байна.
Ингээд түүний гэрээр зочилж ховор төрлийн цэцэгтэй танилцсан сурвалжилгаа уншигч танд хүргэе.
Ц.Эрдэнэцэцэг бүсгүйн гэрт ороход яг л хүлэмжид ороод ирчихсэн мэт мэдрэмж төрж байлаа. Үүднээсээ эхлээд л ногоон ургамлаар бүрхэгдэж байсан учир цаанаасаа тайвшрал мэдрэгдэж байсан юм. Хамгийн эхэнд нүдэнд туссан ургамал бол дал модны ургамал. Сүрлэг том учир гэрийг бүхэлд нь ногоон харагдуулж байв.
Цэцэгнүүдээ тэрбээр том өрөөнийхөө нэг хананд бүхэлд нь тарьж цэгцтэй гэгч нь эгнүүлэн тавьж бяцхан усан оргилуур хүртэл хийжээ. Эдгээр цэцэгнээс хамгийн түрүүнд нүдэнд туссан цэцэг бол цэцэгнүүдийн голд дэлбээгээ нээсэн цэцэг байв. Харваас арчилгаа их шаарддаг ховор төрлийн энэ цэцгийг азалиа гэж нэрлэдэг. Монголд байдаггүй учраас Голландаас захиж авчруулсан гэж Ц.Эрдэнэцэцэг хэлсэн юм. Дээрх цэцгийг цэцэгчид ааштай цэцэг гэж нэрлэдэг байна.
Ц.Эрдэнэцэцэгийн хувьд ихэвчлэн цэцэг болгоны ховор сортоос цуглууж тарьдаг онцлогтой. Жишээлбэл жасмин, камелия, адениум, фикус гэх мэт цэцэгнүүдийг тарьдаг аж. Цэцгэнд хүртэл ааш авир гэж байдаг байна. Жишээ нь ногоодойг гэх цэцэг чимээгүй хэрнээ хүчирхэг эмэгтэйчүүд байдаг шүү дээ яг л тийм. Тэвчээртэй, хурдан сэргэдэг ашиг тус нь маш их хүчилтөрөгч сайн ялгаруулдаг цэцэг. Харин азалияа бол аааштай услахгүй жоохон л удах юм бол хөрс нь хатаад навчаа тэр чигт нь гөвчихдөг. Цэцэгчид аашлаад үсээ зулгаана гэж ярьдаг. Нэг өрөөнөөс нөгөөд зөөхөд навч нь унаад царай алдаад эхэлдэг. Буцаагаад байранд нь тавихад цэцэглээд эхэлдэг аж.
Ингээд түүнээс цэцэгнүүдээ хэрхэн арчилдаг, цэцэг тарих гэж байгаа бол юун дээр анхаарах талаар тодруулсан юм.
“Цэцэг тарихдаа хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа бол том саванд хийгээд байдаг. Том савтай их хөрстэй байвал боллоо гэж боддог. Хүнтэй зүйрлэвэл сав нь гэр гэсэн үг. Үндэс өөрөө савыг дүүргэж байж хүчирхэгжих ёстой байдаг учраас үндсэндээ таарсан хэмжэээний савыг сонгож хөрсөө суулгах хэрэгтэй. Бидний сайн мэдэх бордоо бол цэцгийн хөрсөнд эрдэс витаминтай адил. Иймээс зүгээр нэг хар шороо хийгээд орхих биш хөрсөө сийрэгжүүлэх, чийгээ барих элс зэрэг янз бүрийн найрлага хэрэгтэй. Ер нь хүн аливаа зүйлийг хийхээс өмнө тэрнийхээ талаар маш сайн судлах хэрэгтэй.
Би анх цэцэг тариад усыг нь тааруулахгүй ихдүүлэх, температур нь хэтэрхий хүйтэн халуун байх гэх мэт олон зүйлийг мэдэхгүй байснаасаа болоод үхүүлээд уйлж байлаа. Дараа нь түүнээсээ суралцаад л явсан. Цэцэг үхүүлэхгүйгээр цэцэгчин болж чадахгүй. Хүн аливаа зүйлийг оролдож байж л сурна. Хамгийн эхлээд хүн өөртөө дараагүйгээр юмыг хийж эхлэх хэрэгтэй. Хэн нэгнийг дуурайж хэзээ ч болохгүй. Хүн чинь дахин давтагдашгүй. Тиймээс хүн дуурайхгүйгээр ургуулахыг хүссэн цэцгээ ч юм уу эсвэл арчилгаа бага шаарддаг энгийн цэцэгнээс эхлэх хэрэгтэй. Бүх юм утга учиртай байх албаггүй. Мөнгөний мод мөнгө, азын цэцэг аз дууддаг, хүүхдэд ээлтэй гэх мэт. Энийг бол бизнесийнхэн л гаргасан нэг санаа байх гэж боддог. Иймэрхүү бэлгэ тэмдгээс болоод жишээ нь хятад сарнайг эзэндээ муу, удамборийг нөхрийн сэтгэл булаадаг гэж сонсоод гаргаад хаячихдаг. Мухар сүсэгт хэт их автаад ирэхээр хүн их баригдмал болдог. Тиймээс тарихыг хүссэн цэцгээ л тариарай гэж зөвлөе” гэж цэцэгчин Ц.Эрдэнэцэцэг зөвлөлөө.
Ц.Эрдэнэцэцэг бүсгүйн гэрт нэг ч хиймэл цэцэг байхгүй. Цэцэг тавьж болох бүхий л газарт цэцэг тавьж, гэрийнхээ интерьер дизайныг шийджээ. Аяга угаахдаа хүртэл цонхоороо эргэн тойрныг ажиж цэцэгнүүдээ харах үүднээс угаалтуурынхаа дээр цонхны тавцанд жижигхэн цэцэгнүүдийг байрлуулж, гал тогооны тавиурын нүд болгонд ногоон ургамал цэцэг байсан нь гал тогооны ногоон тавилгыг илүүтэй тодруулж тайвшралыг мэдрүүлж байв.
Тэрбээр “Ямар ч ажилтай байсан ядарсан үед цэцгээ усалж, арчилахад бүх стресс тайлагддаг. Бид нар өдөр тутмын стресстэй орчинд байдаг иймээс өөрийн гэсэн хоббитой байвал зүгээр юм шиг санагддаг. Хайр чинь өөрөө хязгаарлагдмал биш. Хүн юуг ч хайрлаж болно. Иймээс цэцгийг амьд гэж бодохоор их гоё байдаг. Цэцэг өдрөөс өдөрт ургаж дэлбээлж байгаа процесс нь хамгийн гайхамшигтай. Иймээс өөр зүйлтэй амьд харилцаа тогтоох нь сэтгэлийн таашаал өгдөг” гэж Ц.Эрдэнэцэцэг инээмсэглэн ярьсан юм.
Усалгаа бол яах аргагүй цэцгэнд хамгийн чухал зүйлсийн нэг юм. Харин Ц.Эрдэнэцэцэгийн хувьд цэцэг услахад цэцэгчний мэдрэмж ихээхэн шаарддаг гэж байлаа. “Хүмүүс байнга цэцэглэдэг цэцэгтэй цэцэг байх уу гэж асуудаг. Хэзээ ч мөнхийн цэцэгтэй цэцэг байна гэж байхгүй. Эмэгтэй хүнийг байнга төрүүлээд байвал ядарна шүү дээ. Яг үүнтэй адилхан цэцэг ч гэсэн дэлбээлснийхээ дараа амрах хэрэгтэй гэж ойлгож болно. Ийм үед нь зогсоо зайгүй бордоод услаад байвал цэцэг ядардаг. Мөн шууд гоожуурын усаар усалж болохгүй. Хатуулаг ихтэй учраас цэцгэнд мөөгөнцөр үүсгэх эрсдэлтэй. Иймээс хоносон, зөөлрүүлсэн усаар услах хэрэгтэй” гэж зөвлөсөн юм.
Түүний хувьд өөрийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнтэй болохыг мөрөөддөг. Дүүрэг болгонд өвөл ч гэсэн үзэж болох хүлэмжийг байрлуулж, монголд тэсвэртэй олон мод ургамлыг суулгаж хүүхэд хөгшдийг цагаа ая тухтай өнгөрүүлэх газартай болгохыг хүсдэг гэсэн юм. Мөн тэрбээр “Үер болоод байгаагийн цаад шалтгаан нь борооны усыг шингээх хангалттай цэцэг ургамал, хөрс байхгүй учраас шууд урсаад үерлээд байгаа юм. Тиймээс ногоон орчинд анхаараасай гэж хүсч байна.
Гэр хорооллын айлуудыг баян айл гэж боддог. Өөрсдийн гэсэн газар, хашаатай. Тиймээс суулгац суулгаад тарьчихвал тэр нь ургаад л байна. Мөн аж ахуйн нэгж, байгууллага бүр ногоон байгууламж бүрдүүлээсэй гэж хүсч байна. Цаашид ч гэсэн цэцгээ тарих болно” гэж хэлсэн юм.
Э.Нандинцэцэг
Сэтгэгдэл ( 9 )
Хүн үнэн бичжээ. Өөрийгөө ”Эко хатагтай Эрдэнэцэцэг” гэж нэрлэжээ энэ цэцэгчин бүсгүй . Арай л инээдтэй гошин бишүү кк.
Эрдэнэцэцэг Увдист цэцэгсийн ертөнц группт байдаг юм билээ.
Tsetseg urgamald durtai hoobii negtei yum bna gj hardag bailaa. Odoo tegsen het reklamnii bolood bna, zvgeer l baigaagaarai l bval saihan shvv dee, svvliin ved postuud n vzel sanaa n uls turjuud l neg l ontsgvi bolj, gol n uls turiin bolon urgun tsar hvreenii medlegtei bol demjihsen. Zvgeer tsetsegee tariad yawsan n deer dee.
Ooriinhoo az jargaliig burduulj busdad ulger duurial bolson saihann energetei hun bna
төмөр замд ингэхгүй л бол амьдрахад хэцүү орчин бхаа
Эрдэнэцэцэг ямар группт байдын ер нь. Эсвэл өөрөө пейж нээж тусдаа байгаамуу
Хатагтай гэсэн үг таалагдсангүй.
Ямар мундаг эмэгтэй вэ
Амжилт хүсэе , удамбор цэцэг шүү