СУРВАЛЖИЛГА | Шээсийг 2 цагаас илүү тэвчиж болохгүй 

Админ | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

“Шээсээ гадагшуулахгүй удаан тэвчих нь бөөр чулуужих шалтгаан болж байна” гэх гарчигтай мэдээлэл өнгөрөгч өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр нэлээд шуугиан тарив. Бохир, заваан мэт сонсогдох энэ асуудал нийгэмд түгээмэл болж буй өвчний шалтгаан болж чадах уу, үүний гол шалтгаан юу вэ гэдгийг эрэн сурвалжилсан юм.


Хамгийн том шалтгаан нь Улаанбаатар хотын хэмжээнд байх нийтийн бие засах газрын хүрэлцээтэй шууд холбогдоно. Олон улсын жишгээс харахад 1.500.000 хүн амтай нэг хотод дунджаар 150-270 орчим бие засах газар байх ёстой гэх стандарт байна. Гэтэл сая гаруйхан хүн амьтай Улаанбаатар хотын хэмжээнд 22 байршилд нийтийн бие засах газрыг байрлуулжээ. Гэхдээ эдгээрээс үйл ажиллагаа нь тогтмол явагддаг нь гарын арван хуруунд арайхийж багтана. Ийм байхад тэвчихээс өөр сонголт нийслэлийнхэнд үгүй. Харин тийнхүү тэвчих нь өнөөдрийн бидний эрэн сурвалжилж буй бөөрний өвчлөлд хүргэдэг аж.

Мэргэжлийн хүний байр суурийг сонсохоор “Монгол-Японы хамтарсан Улаанбаатар Мед” нэгдсэн эмнэлэгийн зорилоо. Тус эмнэлгийн эмч, доктор Г.Ганхуяг “Манайханд шээсээ барьж сурах ёстой гэсэн буруу ойлголт байдаг. Шээсээ барих зуршил яваандаа бөөр, шээсний замын үрэвсэл болох суурийг тавьдаг. Хүн биед хоногт 2,8 литр шээс үүсдэг. Давсганд ойролцоогоор 250-300 мл шээс хуримтлагдаад ирэхээр тархинд шээх мэдрэмж төрдөг байна. Ингэснээр хүн өдөрт 6-8 удаа шээх ёстой, шээснийхээ дараа тайвшрал авах ёстой. Харин эсрэгээрээ шээсээ бариад байвал давсаг, бөөрөнд өөрчлөлт ордог. Тэгэхээр хүн өдөрт 2-3 цагаас илүүгээр шээсээ барьж болохгүй. Гэхдээ ямар нэгэн өвчнөөс болоод удаан барьж байна уу, эсвэл бие засах газар олдохгүй удаан барьж байна уу гэдгээс шалтгаална л даа. Эрэгтэй хүний хувьд шээс дамжуулах зам нь урт учраас хүндрэл өгөх нь харьцангуй бага. Харин эмэгтэй хүний хувьд бөөр шээсний зам богино учраас халдвар авах эрсдэлтэй. Жирэмслэх явцад энэхүү үрэвсэл нь түгээмэл тохиолддог. 1 мл шээсэнд 1000 орчим бактери бий. Хэрвээ шээсээ удаан бариад байвал тухайн бактери нь илүү олон болж үрждэг. Давсагны үрэвсэлтэй ч эмчлүүлэхгүй удвал давсагнаас дээшээ шээлүүрээр дамжаад бөөрний архаг үрэвсэл үүсгэнэ. Бөөрөө эрүүл байлгахын тулд хүмүүсийн хийх хамгийн эхний зүйл бол шээсээ удаан тэвчиж барилгүй бие засах” гэж ярилаа.

Тэгэхээр түүний ярьсанчлан бөөрөө эрүүл байлгах хамгийн зөв арга бол шээсээ тэвчилгүй, гадагшлуулах юм. Харин хаа таарсан газраа сарих тухай ойлголт биш гэдгийг онцгой анхааруулья.

ИРГЭД: Бяцхан хүүхдүүд хүртэл аргагүйн эрхэнд шээсээ тэвчиж байна

Сурвалжилгын эхэнд дурдсанчлан нийтийн бие засах газрын хүрэлцээний талаар өгүүлье. Энэ талын бодит эх сурвалжийг хүргэхийн тулд иргэдийн хамгийн их төвлөрдөг төв талбайг зорьсон юм.

Урин дулааны улирал ирсэн болоод ч тэр үү Сүхбаатарын талбай хөл хөдөлгөөн ихтэй. Манайхны хэлж заншсанаар “Сity toilet”-ууд төв талбайд болоод түүнтэй ойр байрлалд хэд хэд байх боловч, ажилладаг нь тун цөөн аж. Талбайн чанх урд талд байрлалтай нийтийн бие засах газрыг хариуцдаг эмэгтэйтэй цөөн хором хөөрөлдсөн юм. Төв талбайд байрлах тус газраар өдөрт 60-70 хүн үйлчлүүлдэг бөгөөд олон нийтийн төвлөрлийн төв цэгт байршилтай энэ газрын цэвэрлэгээ, засварыг хийхэд хэцүү байдаг талаар тэр ярин халаглаж байв. Тэрбээр “Иргэд нийтийн бие засах газраар маш бохир үйлчлүүлдэг. Түүнийг нь цэвэрлэх үнэхээр хүндрэлтэй. Энгийн жишээ гэхэд ихэнх хүмүүс нойлын усаа татдаггүй. Нийтийн бие засах газрыг заавал муухай байх ёстой гэх ойлголт бүгдэд байдаг учраас цэвэр цэмцгэр байя гэж боддоггүй юм болов уу” гэв.

Түүний хэлсэн энэ халаглал оргүй хоосон зүйл ч биш юм. Нэлээд хэдэн жилийн өмнө Монголд нийтийн бие засах газрыг олноор байгуулж, шинэ жишиг тогтоолоо гэж зарлахтай зэрэг шахуу зарим дүүрэгт байрлуулсан нийтийн бие засах газрууд хаалгаа барьсан.

Шалтгаан нь нийтийн соёл сураагүй бүдүүлэг, хүнийрхүү нөхдөд байсан гэж тухайн үеийн удирдлагууд ярьж байсан удаатай. Тэр газруудын зарим өнөөг хүртэл хаалгаа нээгээгүй. Хамгийн тод жишээ нь нийслэлээс алслагдсан дүүргийн автобусны буудлуудад байрлалтай “City Toilet”-ууд...

Тэгвэл эсрэгээрээ иргэд энэ талаар ямар бодолтой явдаг юм бэ. Чих тавихнээ томоохон зах худалдааны төв, сүлжээ үйлчилгээний газрууд тэдний яаралтай асуудлыг шийддэг гэх. Тэр дундаа сүүлийн үед эрчээ аван байгуулагдаж буй CU, GS25 гэх газрууд олон таван үггүй тэднийг бие засах газраар хангадаг аж. Харин тэднээс ч олон салбартай банк, хоолны газруудын нойл үргэлж хаалттай, болохгүй гэх хариуг өгдөг гэнэ. Энэ талаар иргэн Г.Хандармаа “Нийтийн бие засах газар гэхээр 13-ын буудал, бөмбөгөр худалдааны төв болон төв талбай дээр байдгууд л санаанд орж байна. Ер нь гадуур олон цаг ажил амжуулах хэрэгтэй бол уух зүйлийнхээ блансыг ч тааруулах хэрэгтэй. Арга ядахад орох газар олдохгүй шүү дээ. Төрийн байгууллагуудын бие засах газар иргэдэд бүр үйлчилдэггүй. Тэр ч бүү хэл зарим цайны газрууд нийтийн бие засах газаргүй байх жишээтэй. Зарим  газрууд нь бие засах газраа нээдэггүй, түгжчихдэг. Асуухаар ажиллахгүй байна гэж шалтаг тоочно. Энэ үйлчилгээний соёл төдийгүй, хүний эрхийг зөрчиж буй үйлдэл гэж би хардаг. Үүнийг гэхдээ хэн шийдвэрлэх, хянах ёстойг сайн мэдэхгүй юм” хэмээн ярилаа.

Харин иргэн А.Булган “Нийтийн бие засах газар төлбөр авдаг нь буруу. Дэлхий дахинд бие засах газрууд нь үнэ төлбөргүй байдаг. Манай улсад л ийм байна. Нэг ороход 300 төгрөг авна. Дээр нь бие засах газрын хүрэлцээ муу. Тиймээс хаа таарсан газраа морь харж буй эрчүүдтэй олон л таарч байна. Тэднийг буруутгах арга заримдаа олддоггүй. Нялх хүүхдүүдээ хүртэл оруулах бие засах байхгүй байна шүү дээ. Арга ядахдаа шээлгүй тэвчээрэй гэж гуйж байна. Нөгөөтээгүүр хүрэлцээгээс гадна үйл ажиллагаа явуулдаг зарим нь үнэхээр бохир заваан байх юм. Нийтийнх л гэхээрээ тийм байх ёстой юм уу. Үүдээр нь орох төдийд л өмхий ханхийнэ. Дотор нь ороод гарахын хооронд бараг хувцсанд эвгүй үнэр шингэчих гээд байдаг. Цар тахлын нөхцөл байдал тэнд бүр падлий алга. Хаалга, бариул, тосгуур гээд хүрэхээс ч сэжиг хүрмээр. Үүнийг хар, хяна гэж томилогдсон хүмүүс байдаг бол жаахан сэтгэлтэй баймаар юм”  гэлээ.

Иргэдийн бухимдсан, бачуурсан сэтгэгдлийг сонсож суухад нийгэм даяараа нийтийн соёлд суралцах ёстой юм болов уу гэж бодогдсон. Хийсэн нь хариуцдаг, үйлчлүүлж буй нь үүрэгждэг нийгэм ирж байна. Тиймээс бүгдийг бусдаас хайхын оронд, бурууг бусдад чихэхээс өмнө өөрсдөөсөө тэр соёлыг эхлүүлэх хэрэгтэй болжээ.

Тэдний түүчээ болж, Монголд үйл ажиллагаагаа явуулж буй сүлжээ дэлгүүрүүд нийтийн соёлыг түгээж буй нь саашаалтай. Гэхдээ зөвхөн тэд энэ асуудлыг шийдэж чадахгүй нь ойлгомжтой. Ядахнаа байгуулсан 22 нийтийн гэх тодотголтой бие засах газраа ашиглалтад оруулах боломж бололцоо байдаггүй юм болов уу. Энэ талаар холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Зарим бие засаг газрын ашиглалтын зардал, ажилчдын цалин хөлсийг төлж дийлдэггүй” гэх шалтгааныг хэлж байсан юм. Үүнийг сонсоход энэ асуудлыг зөвхөн нэг хүрээлэлд бус илүү том асуудал болгон ярилцах цаг нэгэнт болжээ.

Түүгээр ч зогсохгүй нийтэд гэх тодорхойлолтыг хүртээмжтэй байх нөхцлөөр хангаж, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхдүүдэд хүртэл үйлчлэх боломжоор хангах ёстой юм. Аз жаргалын индексээр дэлхийд тэргүүлэгч Шведийн шийдлийг тэр чигт нь хуулбарлаж авчираад Монголд туршихад болохгүй гэж газаргүй.

Тус улсад бүх хүнд хүртээмжтэй, зориулалт бүхий нийтийн бие засах газрууд хаа сайгүй байх бөгөөд бяцхан хүүхдүүдэд зориулсан тосгуур, суултуур, сольж өмсөх памперс нь хүртэл нийтийн бие засах газарт бэлдэгдсэн байдаг. Хүүхдээ хуурайлсан ээж түүнээс өөрт хэрэгтэйгээ аваад, үлдснийг нь дараагийн хүүхдэд үлдээгээд явдаг. Бүгдийг нь хуу хамаад явах этик тэдэнд байхгүй. Энэ бол энгийн жишээ болоод бидний суралцах ёстой хамгийн зөв дадал юм. 

Н.Еркегүль

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (64.119.17.184) 2022 оны 04 сарын 08

Шведийн иргэд нь ухамсартай ,өлөн зангүй блхр илүү дутуу памперс ,ариун цэврийн цаас нтр ийг авахгүй. Монголчууд бараг ихэнх нь өлөн зантай , үнэгүй юм гээд л хулгайлж ,хумслана.

0  |  0
Top