Эрдэмтдийг түгшээж эхэлсэн ШИНЭ ХАЛДВАР буюу SADS-CoV

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

Дэлхий дахин коронавирусний сүүдэрт хавчганасаар арав илүү сарыг үджээ. Гэхдээ нэг сүүдэр нь арилаагүй байхад өөр нэгэн сүүдэр эрдэмтдийг түгшээж эхэллээ.

Энэ бол титэмт вирусний өөр нэгэн төрөл болох “SADS-CoV” вирус. Шинжлэх ухааны нэршлээр бус арай энгийн үгээр хэлбэл “Гахайн цочмог суулгалтын хам шинж” вирус юм.

Саяхныг болтол энэ вирусийг хүнд халдах эрсдэлтэйд тооцдоггүй байв. Саяхныг болтол гэдэг нь энэ оны аравдугаар сар хүртэл хүнд халдварлахгүй гэж үзэж байжээ. Гэтэл аравдугаар сарын 14-ний өдөр Умард Каролин мужийн Шапел Хиллийн их сургуулийн эрдэмтэд дээрх вирусийг хүнд халдах өндөр эрсдэлтэй халдварт өвчний тоонд оруулсан байна.

Нэн шинэ төрлийн коронавирус болох гахайн цочмог суулгалтын хам шинж буюу SADS CoV гэж юу вэ?

Одоогоос дөрвөн жилийн өмнө 2016 онд БНХАУ-ын Гуангдон мужид гахайн аж ахуй эрхэлдэг дөрвөн ферм дээр үл мэдэгдэх вирус тархжээ. Үр дүнд нь тодорхойгүй шалтгаанаар 24 мянган тоорой эндсэн юм. Үүнтэй төстэй дүр зураг АНУ-д гурван жилийн өмнө ажиглагдсан байдаг. Эрдэмтэд Гуангдонг мужаас тархсан халдварыг хоёр жил судлаад уг гарвалийг тогтоожээ. Гэхдээ олон эрдэмтэд вирусний уг гарвалийг сонсоод айх, гайхах зэрэгцэж байлаа. Гахайд халдварласан “SADS-CoV” вирус нь сарьсан багваахайнаас гаралтай болохыг тогтоожээ. Бүр тодруулбал Хятад, Өмнөд Азид тархсан дөрвөн өөр төрлийн сарьсан багваахайнаас гаралтай болохыг эрдэмтэд тогтоосон юм.

Вирусийн анхны судалгаагаар хүн болон хөхтөн амьтанд тархах эрсдэлгүй гэж үзэж байжээ. Гэтэл хоёрдугаар сараас эхлээд байдал өөр болов. Шинэ төрлийн коронавирус буюу “Ковид-19” вирус дэлхий даяар дэгдэж эхлэхтэй зэрэгцэн эрдэмтэд эрсдэлгүй гэж үзээд байсан “SADS-Cov” вирусийг дахин судлахаар болжээ. Халдварууд шинээр бий болох тусам зоонозын халдвар дэгдэх хандлагатай байдаг тул дээрх судалгааг Шапел Хиллийн их сургууль гардан хийсэн аж.

Нэн тэргүүнд SADS-CoV вирус нь альфакоронавирусийн бүлэгт багтдаг байна. Одоо тархаад буй “ковид 19” болон улирлын болон коронавирусний бусад төрлүүд бетакоронавирусний бүлэгт багтдагтай харьцуулбал тэс өөр гэсэн үг. Өөр төрлийн вирусний хувьд суулгалт, бөөлжих зэргээр илэрдэг аж. Анхлан гахайд тархаж байхад эндсэн гахайнуудын дийлэнх нь тоорой байсан бөгөөд бүгд шингэний огцом дутагдлын улмаас энджээ.

“Альфакоронавирус нь төрөл зүйлээс үл хамааран бүх төрлийн амьтдад хурдан хугацаанд тархах боломжтой байсан. Энэ байдлыг харгалзан хүн төрөлхтөнд халдах эрсдэлтэй гэж дүгнэсэн” 

Шапел Хиллийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор Ральф Барик

Ральф Барикаар удирдуулсан судалгааны багийнхан хүн төрөлхтөнд халдах эрсдэлийг тогтоохын тулд  хэд, хэдэн төрлийн эсийг SADS-CoV вирусээр халдварлуулсан байна. Уг туршилтын явцад хөхтөн амьтдад халдах эрсдэл туйлын өндөр байгааг тогтоожээ. Бүр тодруулж хэлбэл хөхтөн амьтдын ходоод, гэдэсний үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлж байжээ.  Хамгийн ноцтой нь тухайн вирусээр халдварласан хөхтөн амьтдын ходоод, гэдэсний эсийн өсөлтийн хурд мэдэгдэхүйц саарч байсан аж.

Эрдэмтдийн судалгаанаас харахад бусад төрлийн коронавирус нь амьсгалын зам тэр дундаа уушгинд ноцтой нөлөөлдөг бол шинэ төрлийн гахайн суулгалтын халдвар нь ходоод, гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлдөг ажээ.

“SADS-Cov вирус нь HK2 гэж нэрлэдэг сарьсан багваахайнаас гаралтай нэг төрлийн вирус юм. Дэлхий даяар сарьсан багваахайн популяцид энэ вирус ихээр тархсан байдаг. Энэ нь гахайн популяцад нөлөөлөх хэмжээгээр тархсан тул судалгааны ажил эхэлсэн. Одоогоор хүн төрөлхтөнд халдварлах эсэхийг урьдчилан таахад бэрх. Гэвч хөхтөн амьтдын ходоод, гэдэсний үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлдөг нь тогтоогдсон. Тийм учраас хүн төрөлхтөнд халдвар тархах эрсдэлтэй гэдгийг анхааруулж байгаа юм”

Шапел Хиллийн их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны ажилтан Кейтлин Эдуардс 

Судалгааны багийнхан дээрх вирусийг дэлхий даяар нарийн судлах шаардлагатай гэж үзэж байна. Ялангуяа гахайн аж ахуй ихээр хөгжсөн болон гахайн махны хэрэглээ өндөр улсуудын хүн амд нэн даруй шинжилгээ хийх шаардлагатай аж.

Эрдэмтдийн олж тогтоосон дээрх вирус нь 2012 онд дэгдсэн гахайн ханиаднаас олон зүйлээрээ өөр бөгөөд коронавирусний шинэ төрөл болохыг анхааруулж байгаа юм. Одоогоор хүн төрөлхтөнд халдах эсэхийг бат нот тогтоогоогүй байгаа ч хүн амын дунд голомтлон тархах өндөр эрсдэлтэй гэдгийг эрдэмтэд анхааруулж буй.

Хүн амын дунд тархах эрсдэлийг бууруулахын тулд гахайд хийх шинэ төрлийн вакцин боловсруулахыг судлаачид анхааруулж байна. Энэ нь халдвар тархах эрсдэлийг бага боловч бууруулах тодорхой нөлөөтэй гэдгийг Ральф Барик профессор хэлжээ. 

Эрдэмтдийн гол анхааруулж буй зүйл нь хүн төрөлхтөнд уг вирусээс хамгаалах сүргийн дархлаа тогтоогүйгээр барахгүй вирусний хор хөнөөл “ковид-19” вирусээс ч ноцтой байгаатай холбоотой...

 

Эх сурвалж: Science Daily, PNAS, Science Direct

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өлзий (66.181.161.66) 2020 оны 10 сарын 21

Гахайн ба монголд мал эмнэлэг КЛИНК бараг сөнөчихсөн олигтойхон ЛАБОРТОРИУУД огт байхгүй гаднаас хятад тахиа гахай мах,далайн гаралтай бүтээгдэхүүнд шалгалт бараг үгүй шүү дээ анхааралдаа авах нь зөв шүү

0  |  0
Top