Адууны эртний өвөг Индостаны нутаг дэвсгэрт үүсжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 07

Олон улсын палеонтологичдын баг Энэтхэгийн Гужарат мужийн нутагт адууны эртний төрлийн их хэмжээний чулуужсан араг яс олжээ. Энэ олдвор нь битүү туурайт амьтад Өмнөд Азид үүсэн байх боломжтойг илтгэж байна гэж “Journal of Vertebrate Paleontology” сэтгүүлд нийтэлсэн судалгаандаа эрдэмтэд дүгнэжээ.

Битүү болон салаа туурайт амьтад болон бичний төрлийн өвөг дээдэс дэлхий дээр ойролцоогоор 56 сая жилийн өмнө үүссэн. Тэдгээрийг гэрчлэх олдворууд дэлхийн хойд хэсгийн бүх тивд илэрсэн ч эдгээр амьтдын эх нутгийн газар зүйн байрлал өнөөг хүртэл оньсого хэвээр байсан. Дээрх олдвор нь битүү туурайт амьтад Энэтхэг Азитай мөргөлдөхөөс өмнө Энэтхэгийн нутаг дэвсгэрт үүссэнийг илтгэж  байна гэж АНу-ын Жон Хопкинсын их сургуулийн профессор Кен Роуз мэдэгджээ.

Эртний амьтдын олдворуудыг Энэтхэгийн Гужарат мужийн нутаг дэвсгэр дэх чулуун нүүрсний уурхайн талбайгаас энэ зууны эхээр илрүүлжээ. Эртний адууны биеийн онцлог шинжийг илүү балар эртний сүүн тэжээлтнүүдийн онцлог шинжтэй хослуулсан тэдний биеийн өвөрмөц бүтэц Роуз тэргүүтэй эрдэмтдийн анхаарлыг татжээ. Эдгээр олдворыг олсон газрын чулуулгийн изотопын шинжилгээний дүнгээс үзвэл, эл амьтад 54.5 сая орчим  жилийн өмнө амьдарч байжээ. Ингэснээр, адуу, туурайт амьтдын өвөг дээдсийн одоогоор хамгийн эртний төлөөлөгч болж байна. Тухайн үед Индостан нь хойг бус, Мадагаскар, Гондванаас 90 сая жилийн өмнө тасарсан арал байсан бөгөөд дараагийн 35 сая жилд Азийн чиглэлд хөвсөөр 55 сая орчим жилийн өмнө Ази тивтэй мөргөлджээ. Үүнээс өмнөх үеүдэд ирээдүйн Энэтхэгийн нутаг дэвсгэр бусад бүх тивээс тусгаарлагдсан байсан тул адууны өвөг дээдэс дэлхийн бусад бүс нутгаас нүүдэллэн ирэх боломжгүй байжээ. Энэ нь адууны болон бусад битүү туурайтнуудын өвөг Гондваны энэ жижиг нутагт үүссэнийг батлах хамгийн үнэмшилтэй баримтуудын нэг юм гэж Роуз онцолсон байна.

Палеонтологичид битүү туурайтнуудын өвөг дэлхий дээр үлэг гүрвэл устаж үгүй болсны дараахан буюу 56 сая орчим жилийн өмнө үүссэн гэж үздэг. Тэдний төрөл болох гиракотер болон эогиппус нь биеэр жижиг байсан төдийгүй одоо цагийн адуу, эрээн тахь, зээр зэрэг битүү туурайтантай төсгүй байжээ. Өнөөг хүртэл битүү туурайтнуудын эртний олдвор Өмнөд Ази, Хойд Америкийн нутаг дэвсгэрт олдож байсан нь эдгээр амьтанд анх хаана үүссэнийг тодорхойлоход хүндрэл учруулдаг байв. Cambaytherium гэгдэх битүү туурайтнуудын өвөг нь Индостаны хойгт анх үүссэнийг нотлох анхны баримтыг Роуз тэргүүтэй эрдэмтэд ийнхүү илрүүлээд байна. Cambaytherium нь биеэр одоо цагийн гахайн хэмжээтэй ижил бөгөөд хурууныхаа үзүүр дээр явдаг өвсөн тэжээлтэн амьтан юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top